Цэс

Холбоо барих

НББХ: Ирэх оны төсвийн тухай хуулиудын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.10.24/ хуралдаан 12.09 цагт 52.4 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. 2025 оны төсөвт нийгмийн бодлогын чиглэлээр тусгасан онцлог арга хэмжээнүүдийн нэг нь төрийн албан хаагчдын цалинг инфляцын түвшинтэй уялдуулан 6 хувиар нэмэгдүүлэх хэмээн онцлов. Монгол Улсын Засгийн газраас нийт төрийн албан хаагчдын цалинг 2023 оны 7 дугаар сарын 1-нээс дунджаар 40 хувиар, 2024 оны 4 дүгээр сарын 1-нээс төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 20 хувиар, бусад төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар тус тус нэмэгдүүлсэн гэдгийг тодотгосон. Мөн төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд орон нутгийн төрийн захиргаа, төрийн үйлчилгээ болон улс төрийн албан тушаалын албан хаагч сум, тосгонд ажиллаж байгаа бол 40 хувиар, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ажиллаж байгаа бол 20 хувиар үндсэн цалингаас тус тус тооцож, орон нутгийн нэмэгдлийг 2024 оны 4 дүгээр сарын 1-нээс олгож байгаа аж. Ирэх 2025 оны төсвийн төсөлд 226.2 мянган төрийн албан хаагчдын цалин хөлсийг инфляцын түвшинтэй уялдуулан 6 хувиар нэмэгдүүлэхээр тооцжээ.

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулан 6 хувиар нэмэгдүүлэхээр тусгажээ. Монгол Улсын Их Хурлаас 2023 онд Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчлэн баталсан бөгөөд эдгээр хуульд тэтгэврийг жил бүр инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх, тэтгэвэр тогтооход баримтлах итгэлцүүрийг жил бүр шинэчлэх зохицуулалт тусгагдсан байна. Ирэх онд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч 510.0 мянган иргэний тэтгэврийг инфляцтай уялдуулан 6 хувиар нэмэгдүүлэх, итгэлцүүр шинэчлэхтэй холбоотой зардлыг тус тус тооцож 2025 оны төсөвт тусгажээ. Түүнчлэн, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй халамжийн тэтгэвэр авагч иргэдийн тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан 6 хувиар нэмэгдүүлэхэд шаардагдах зардлыг мөн тусгасан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх нийгмийн халамжийг сайжруулна гэж сайд танилцууллаа. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн насны онцлог, эрүүл мэндийн байдлаас шалтгаалан тэдний хэрэгцээ, эм тарианы зардал бусад хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зардалтай харьцуулахад өндөр байдаг тул нийгмийн халамжийн тусламж дэмжлэгийг хөгжлийн бэрхшээлийн онцлогоос хамаарч ялгаатай тогтоох шаардлагатай байдаг хэмээгээд, байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй өрхийн орлогын баталгааг сайжруулах үүднээс тэдэнд олгодог амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг 2025 онд 6 хувиар нэмэгдүүлнэ гэлээ. Мөн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох тэтгэмжийг уг нэмэгдсэн хэмжээнээс 30 хувиар өсгөхөд шаардагдах зардлыг ирэх оны төсөвт тусгасан гэлээ. Түүнчлэн, хараагүй болон хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэдийн төрийн байгууллагаар үйлчлүүлэхэд үүсдэг хүндрэл, бэрхшээлийг арилгах зорилгоор боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын байгууллагуудад дохионы хэлмэрч, орчуулах үйлчилгээ авах зардлыг төсвийн төсөлд тус тус тусгасан байна.

Тэрбээр, Монгол Улсын 2025 оны төсвийн бодлого, арга хэмжээг хэрэгжүүлснээр төсвийн тэнцвэржүүлсэн орлого 33.9 их наяд төгрөг, суурь зарлага 32.0 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 1.9 их наяд төгрөгийн ашигтай байхаар байна хэмээлээ.

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлого 33,864.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 35.6 хувь, нийт зарлага 35,795.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.7 хувь, төсвийн суурь тэнцэл 1,909.5 тэрбум төгрөгийн ашигтай, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,930.5 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэж байхаар төлөвлөжээ.

Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2025 оны төсвийн төслийг 2024 оны тодотгосон төсөвтэй харьцуулахад төвлөрүүлэх орлогын хэмжээ 1,649.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг 560.8 тэрбум төгрөгөөр, Нийгмийн даатгалын сангийн орлогыг 1,050.5 тэрбум төгрөгөөр, Эрүүл мэндийн сайдын харьяа төсөвт байгууллагын өөрийн орлогыг 2.4 тэрбум төгрөгөөр, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын төсөвт байгууллагын өөрийн орлогын хэмжээг 35.5 тэрбум төгрөгөөр, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын орлогыг 0.2 тэрбум төгрөгөөр, бусад орлогыг 0.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн төлөвлөсөн байна.

Төрийн аудитын байгууллагаас Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан шалгуурыг хангасан гэж дүгнэж байна хэмээн танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүд эрүүл мэндийн болон боловсролын байгууллагын ажилтнуудын цалин хөлс бага байгааг хөндөхөөс гадна боловсролын салбарын гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 6 хувиас илүү нэмэгдүүлэх шаардлагын талаар хэлж, холбогдох тодруулгыг хийж байв. Мөн эрүүл мэндийн байгууллагуудын гүйцэтгэлийн төлбөр, тус салбарын цахимжилт, эмийн жортой холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар лавласан.

Сангийн сайд Б.Жавхлан, Төрийн албаны тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуульд орсон өөрчлөлтөөр ирэх жилээс эхлээд жил бүр үнийн өсөлттэй уялдуулж цалингийн суурь хэмжээ, тэтгэврийн суурь хэмжээн дээр нэмэгдэл тооцож байх болсон. Төсвийн тухай хуулийн төслүүдийг 8 дугаар сарын 30-нд өргөн мэдүүлсэн. Ирэх оны мөнгөний бодлогыг 10 дугаар сарын 1-нд өргөн мэдүүлдэг. Мөнгөний бодлогын зорилтот инфляцын түвшин 6 хувь гэж байгаа. Тийм учраас цалинг 6 хувиар нэмэхээр ирэх оны төсөвт тусгасан. Хэрэв 8 хувиар нэмэгдүүлнэ гэвэл мөнгөний бодлогын зорилтот түвшнийг үгүйсгэх болно гэсэн хариулт өгсөн.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Бид цаашдаа төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааны тогтолцооны шинэчлэлийг ярих цаг болсон. Гүйцэтгэлийн урамшууллыг хавтгайруулан олгох бус бүтээмжид суурилсан урамшууллын тогтолцоог бий болгох ёстой. Бусад улс орон хамгийн өндөр гүйцэтгэлтэй, бүтээмжтэй ажилтнуудадаа өндөр цалин олгодог тогтолцоо руу шилжсэн гэлээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Цахим платформ болох И-Монголиа системд эерэг, сул тал байна. Жирэмсний хяналт, дархлаажуулалт зэрэгт тус систем үнэхээр өгөөжтэй байна. Эмнэлгийн цаг захиалах, эмийн жорын тал дээр тийм ч оновчтой шийдэл болж чадахгүй байна. И-Монголиа цахим системээр үзлэгийн цаг захиалсан иргэдийн 40 орчим хувь нь захиалсан цагтаа ирдэггүй, эргээд хүндрэл үүсдэг. Эмийн цахим жорыг заавал И-Монголиа цахим системээр өгч давхардал үүсгэх шаардлагагүй гэж үзэж байна. Өнөөдөр манай улсад 2500 орчим эмийн сан ажиллаж байгаагаас 1400 нь Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй эмийн санхүүжилт авдаг. Тийм учраас цахим жороо шууд эмийн санд дамжуулах боломж байгаа. Эрүүл мэндийн сайдын ажлыг авснаас хойш үүнд чиглэн ажиллаж байна. Ирэх 7 хоногт 1100 эмийн сан эмч нарын цахимаар бичсэн жороор үйлчлэх болно. Цаашдаа улсын хэмжээнд буюу 2500 эмийн сангаас иргэд эмчийн цахимаар бичсэн жороор эмээ авдаг болно. Эмтэй холбоотой цахимжуулах асуудлыг ийнхүү шийдвэрлэнэ. Салбарын хэмжээнд цахимжилт гацаад байгаа асуудал бий. Өнгөрсөн хугацаанд маш олон төрлийн программ хангамж нэвтрүүлсэн ч хоорондын уялдаа холбоо, мэдээлэл солилцохтой холбоотой асуудал гарсан. Мэдээллээ солилцдог асуудлыг шийдэхийн тулд 4-5 хувилбараас сонгох болж байна. Ирэх оны 1 дүгээр сар гэхэд бид энэ асуудлаа шийдэж, иргэд өрхийн эмнэлэг дээрээ очиход эмч нь бусад эмнэлэгт хийлгэсэн шинжилгээнүүдийг нь нэгтгэн харах боломжтой болно. Анхан шатны өрх, сумын эмнэлгүүдийн программ хангамжийн асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй ирсэн. Тэрхүү асуудлыг мөн шийдвэрлэж ирэх оны нэгдүгээр улиралд бүх өрхийн болон сумын эмнэлгүүд бусад эмнэлгүүдтэйгээ холбогдож, шинжилгээний хариуг цахимаар нэгтгэн хардаг болно. Иргэд өрхийн эмнэлгээрээ дамжуулан бусад эмнэлэгт үзүүлэх цагаа авдаг, цахимаар эмийн жороо бичүүлээд ойрхон эмийн сангаасаа авдаг нөхцөлийг бүрдүүлнэ гэлээ.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл