Цэс

Холбоо барих

АБГББХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ


Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2024.10.23/ 12 цаг 30 минутад, гишүүдийн 56 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд "Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг тогтвортой хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, бүсчилсэн хөгжлийг дэмжих татвар, төсвийн бодлогыг хэрэгжүүлэх, авлигыг бууруулж, хүний эрх, засаглалыг сайжруулах зэрэг эрх зүйн 14 реформ, эдийн засгийн суурийг тэлж, хөгжлийг эрчимжүүлэхийн тулд 14 мега төслийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэлээ.

Мөн төрийн цэргийн байгууллагын алба хаагчдын бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх, офицер, ахлагч, хугацаат болон гэрээт алба хаагчид, сонсогчийн дүрэмт хувцас, хэрэглэлээр хангах, батлагдсан норм, стандартын дагуу шатах тослох материал, хээрийн дадлага сургуулилалт, машин, техник хэрэгслийн урсгал засвар, үйлчилгээ, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх, цэргийн алба хаагчдын эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, хүний эрхэд суурилсан хүн төвтэй хандлагыг төлөвшүүлэх бодлогын хүрээнд холбогдох төсвийг тооцон тусгасныг Сангийн сайд онцлон тэмдэглэв.


Үргэлжлүүлэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулсан. 

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлого 33,864.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 35.6 хувь, нийт зарлага 35,795.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.7 хувь, төсвийн суурь тэнцэл 1,909.5 тэрбум төгрөгийн ашигтай, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,930.5 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.0 хувьтай тэнцэж байхаар төлөвлөжээ.

Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2025 оны төсвийн төслийг 2024 оны тодотгосон төсөвтэй харьцуулахад төвлөрүүлэх орлогын дүнд өөрчлөлт оруулж, Гадаад харилцааны сайдын багцын Дипломат төлөөлөгчийн газруудын улсын тэмдэгтийн хураамжийн орлогыг 7.9 тэрбум, харьяа байгууллагын өөрийн орлогыг 2.2 тэрбум, Батлан хамгаалахын сайдын төвлөрүүлэх орлогыг 5.0 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлж төлөвлөснийг Ерөнхий аудитор дүгнэлтдээ онцлов.

Мөн нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээг 2024 оны тодотгосон төсвөөс 287.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснийг дурдаад төсөв нэмэгдүүлсэн шалтгаан, нөхцөлийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.


Төрийн аудитын байгууллагаас Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан шалгуурыг хангасан байна хэмээн дүгнэжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Д.Ганбат, Ч.Анар, Э.Болормаа, Б.Жаргалан, Ж.Баярмаа,Х.Жангабыл нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Гишүүдийн зүгээс батлан хамгаалахын салбарт дотоодын нийт бүтээгдэхүүний хэчнээн хувийг төсөвлөж байгааг тодруулахын зэрэгцээ энэ салбарт шинэ барилга байгууламж нэмэгдэхгүй, хуучин нь урсгал засвар хийх нэн шаардлагатай, орчин нөхцөл тааруу байгаагийн шалтгааныг лавлав. Мөн залуусын цэргийн алба хаах сонирхлыг нэмэгдүүлж, тэднийг алба хаах хугацаанд хөгжүүлж, мэргэжил олгоход чиглэсэн бодлогын арга хэмжээ авахаар төлөвлөсөн эсэхийг тодрууллаа. Түүнчлэн Дипломат төлөөлөгчийн газрууд шинэ зах зээл эрэлхийлэх, аж ахуйн нэгжүүдийн экспортыг дэмжихэд шинэ боломжийг нээх, зуучлах энэ чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллаж буй талаар тодруулав.


Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт хариултдаа, энэ салбарын төсөв бусадтай нь харьцуулбал харьцангуй бага байдаг. Судалгаа хийж үзэхэд батлан хамгаалахын салбартаа хамгийн бага төсөв зарцуулдаг улс орнуудаас даруй 3-4 дахин бага төсөвтэй байгаа нь харагдсан. Батлан хамгаалахын сайдын 2025 оны багцад 20 тэрбум төгрөг төсөвлөгдсөн нь Сангийн яам, Засгийн газарт тодорхой нөхцөл байдлаа ойлгуулж, хөрөнгө оруулалтын хувиа нэмэгдүүлсэнтэй холбоотой гэлээ.

Мөн залуучуудын хувьд хугацаат цэргийн алба хаах сонирхол ихээхэн буурч байгаа. Залуусыг хугацаат цэргийн алба хаах хугацаанд нь цэргийн эрдэмд суралцуулахаас гадна англи хэл, компьютерын анхан шатны мэдлэг олгох, жолооны курст суралцуулах зэргээр хэтдээ ажил, амьдралд нь хэрэг болох, боломж олгоход нь анхаарч, тодорхой ажлууд хийхээр төлөвлөж байна гэв.

Түүнчлэн нийт анги, салбарт ашиглаж байгаа барилга, байшингийн 80 орчим хувь нь 50-иас дээш жилийн насжилттай, их засвар хийх шаардлагатай, ашиглаж байгаа машин механизм, тоног төхөөрөмжүүдийн тодорхой хувь нь элэгдэл, хорогдолд орсон. Эдгээрийг бүрэн шинэчилж, залуучуудыг цэргийн алба хаах нөхцөл бололцоог бүрэн хангахад төсөв, мөнгө маш их шаардлагатай  хэмээв.

Харин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хариултдаа, Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд чадавхжиж худалдаа, эдийн засгийн мэдлэгтэй, англи хэл сайтай, тухайн орныхоо хэлийг эзэмшсэн хүмүүс томилогддог болсон. Элчин сайдын яамдад сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 30 гаруй Элчин сайд томилогдсон. Тэдгээртэй гэрээ байгуулахдаа эдийн засгийн агуулгаар харилцаагаа баяжуулах, дотоодынхоо компаниудын үйл ажиллагааг дэмжих, иргэдийн асуудалд онцгойлон анхаарч ажиллах талаар нарийн заалтуудыг тусгаж, тохирсон гэж байлаа.

Мөн тэрбээр, Элчин сайдын яамдын хувьд эдийн засгийн чиглэлээрх үүд хаалгаа нээх, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд багагүй ажлыг хийсэн. Өнгөрсөнд өрнөсөн төрийн томоохон албан айлчлалын цаана агаарын харилцааны тухай, визээс харилцан чөлөөлөх тухай, авто тээврийн тухай, худалдаа, эдийн засгийн нөхцөлөө хөнгөрүүлэх зэрэг олон баримт бичиг, хэлэлцээр байгуулсан. Үүнийг хэрэгжүүлэх нь Засгийн газрын хувьд томоохон сорилт болоод байна. Монголын аж ахуйн нэгжүүд Элчин сайдын яамдад тодорхой асуудлаар хандахад, асуудлыг шийдвэрлэхэд ахиц дэвшил гарсан гэлээ.   

Хуралдааны төгсгөлд хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл