Цэс

Холбоо барих

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа


Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.10.18) нэгдсэн хуралдаан 10:00 цагт гишүүдийн 52.4 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр тогтлоо.

Эхлээд “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм. Эдийн засгийн байнгын хорооны дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулж, шийдвэрлэсний дараа  жилийн төлөвлөгөөний төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.


Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” гэж заасан байдаг. Энэ дагуу чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулав. Улсын Их Хурлын 98 гишүүн санал хураалтад оролцож, 70.4 хувь нь дэмжин Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.


Дараа нь “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцууллаа.

Засгийн газраас 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн тус төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 10 дугаар сарын 17, 18-ны өдрүүдийн нэгдсэн хуралдаанаар явуулж, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа жилийн төлөвлөгөөний төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийжээ. Байнгын хорооны тус хуралдаанаар төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг хэлэлцсэн байна. Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас санал хураалт явуулахгүйгээр, гүйцээн боловсруулах чиглэл өгч Байнгын хороонд шилжүүлсэн зарчмын зөрүүтэй хоёр санал, нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгийн үед дэмжигдсэн боловч ажлын хэсгийн зүгээс шалгуур үзүүлэлт, зорилгыг тодорхой болгох шаардлагатай гэж үзсэн зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Чуулганы нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллыг жигдлэх, хууль зүйн техникийн засваруудыг хийж “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.


Төслийн гурав дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ч.Лодойсамбуу, С.Ганбаатар, Д.Үүрийнтуяа, Ж.Баярмаа, М.Нарантуяа-Нара, Д.Ганбат нар асуулт асууж, санал хэлсэн юм. Тухайлбал, Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүд, холбогдох хуульд нийцүүлж улсын жилийн төлөвлөгөөг баталдаг. Ирэх оны төсөв жилийн төлөвлөгөөнд үндэслэх ёстой гэдгийг гишүүд тэмдэглэж байв. Орон нутгийн иргэдийн орлого бага хэрнээ хэрэглэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг нь өндөр байдаг тул татварыг бүсчлэлээр нь хөнгөвчлөн тогтоох саналыг С.Бямбацогт гишүүн хэлж байв. Эрчим хүчний салбарын алдагдлыг шийдвэрлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ иргэд, аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулснаар ирэх оны улсын хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлийг тооцсон эсэхийг С.Ганбаатар гишүүн тодруулж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг болон Эрчим хүчний сайдаас хариулт авав.



Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогын хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны хатуу, зөөлөн дэд бүтцийг өргөтгөж, сайжруулахаар “Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуулын төслийг хэрэгжүүлэх” гэсэн хөгжлийн төлөвлөгөөний төслийн 4.1.2.2 дахь арга хэмжээний талаар Ж.Баярмаа гишүүний тодруулж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хариулт өглөө. Энэ нь Монгол Улсын Засгийн газар болон БНФУ-ын Засгийн газар хамтран 15 жилийн хугацаанд 100 хувийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл бөгөөд хэрэгжүүлэгч нь өндөр орбитын хиймэл дагуул бүтээдэг зургаан гол байгууллагын нэг, Италийн оролцоотой, Францын төрийн өмчийн компани гэдгийг тодотгов. Төслийн санхүүжилтийн зээлийн баталгаа болох 15 хувийг ирэх оны төсвийн төсөлд тусгах шаардлагатай гэлээ. Тус төсөл нь хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжихээрээ нэн ач холбогдолтойг дурдсан. Сүүлийн 30 жилийн хугацаанд ийнхүү хөнгөлөлттэй зээлээр хиймэл дагуулын төслийг хэрэгжүүлж байгаагүй ч гуравдагч хөршийн хувиар гадны хөрөнгө оруулалтыг татах нөхцөлийг бүрдүүлэн БНФУ-ын Засгийн газраас эл шийдвэрийг гаргасан гэдгийг тооцох нь зүйтэй хэмээв. Мэргэжлийн түвшинд ач холбогдлыг нарийвчлан тайлбарлах боломжтой гэдгийг Н.Учрал сайд хэлж, тус төслийн ТЭЗҮ-д Монгол Улс ирэх 15 жилийн хугацаанд 356.4 сая ам.долларыг гадны хиймэл дагуулд төлбөр болгон төлөх тооцооллыг дурдаж байв. Гадагшаа ийн урсаж байгаа валютыг дотооддоо үлдээх, үндэсний аюулгүй байдлын асуудал, гадаад хамтын ажиллагааны бодлого гэх зэрэг асуудлыг анхааралдаа авахыг тэрбээр гишүүдээс хүссэн.

Монгол Улсын иргэн бүрийг хүчирхийллээс ангид байлгах асуудлыг бодлогын түвшиндээ анхаарч, холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх саналыг М.Нарантуяа-Нара гишүүн гаргаж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас хариулт, тайлбар авсан.


Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооноос бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын дөрвөн томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийн гурав дахь хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийсний дараа төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 98 гишүүний 66 нь буюу 67.3 хувь нь дэмжиж, “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.   



Чуулганы нэгдсэн хуралдаан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгээр үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл