Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2024.10.16) хуралдаан 13 цаг 17 минутад, гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы 2024 оны 10 дугаар сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдааны эхэнд хэлэлцэн баталсан. Байнгын хорооны дээрх тогтоолын төсөлд заасан хууль, тогтоолын төслөөс гадна хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цаглавар хамаарахгүй юм. Р.Сэддорж даргын танилцуулсан Байнгын хорооны тогтоолын энэхүү төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 92.3 хувь нь дэмжсэнээр “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы 2024 оны 10 дугаар сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл батлагдав.
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжиллээ. Төслийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулав.
Цар тахлаас эхлэн геополитикийн хурцадмал байдлаар даамжирсан эдийн засгийн хүндрэлийг амжилттай даван туулж, санхүүгийн зах зээл, эдийн засаг сэргээд байгаа гэв. Энэхүү сэргэлтийг дунд хугацаанд тогтвортой хадгалахад чиглэсэн мөнгө, санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэхээр төсөлд холбогдох арга хэмжээнүүдийг тусгасан байна.
Дотоод эдийн засгийн идэвхжил эрчимжиж, энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засаг 5.6 хувиар өссөн аж. Цалин, тэтгэвэр зэрэг өрхийн орлогын өсөлтийг даган хувийн хэрэглээ сүүлийн 5 улирал дараалан 10 хувийг давж өссөний зэрэгцээ төрийн байгууллагын хэрэглээ эрчимжсэн нь эдийн засгийн өсөлтийг тэтгэсэн байна. Өнгөрсөн өвөл цаг агаарын нөхцөл хүндэрснээс хөдөө аж ахуйн салбар энэ оны эхний хагаст 26.7 орчим хувиар агшсан. Харин уул уурхай, хөдөө аж ахуйгаас бусад салбарын үйлдвэрлэл оны эхний хагас жилд 10.3 хувиар өсчээ. Монголбанкны төсөөллөөр эдийн засгийн өсөлт 2024 онд 5-6 хувьд хадгалагдаж, ирэх онд төсвийн тэлэх бодлого болон Оюутолгойн үйлдвэрлэл эрчимжих зэрэг нөлөөгөөр 7-8 хувийн өсөлттэй байх тооцооллыг гаргасан гэв. Инфляцыг бууруулж, эдийн засгийг тогтворжуулах зорилгоор авч хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын арга хэмжээ үр дүнгээ өгч, инфляц сүүлийн 5 сарын турш зорилтот голч орчимд тогтвортой хадгалагдсан байна. Дотоод эдийн засгийн идэвхжил нэмэгдэх, төсвийн төлөв сулрах, гадаад инфляц өсөх зэргээс шалтгаалан 2025 онд инфляц нэмэгдэх хэдий ч зорилтын дээд интервалд хадгалагдах магадлалтай хэмээн тооцсон байна.
Ирэх оны төлөвлөсөн бүтээн байгуулалтыг гадаад эх үүсвэрээс санхүүжүүлэх шаардлагатай. Дотоод эх үүсвэрээс санхүүжүүлэх нь эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг алдагдуулах, төлбөрийн тэнцэл, төгрөгийн ханш, инфляцад дарамт нэмэх эрсдэлтэйг онцлон тэмдэглэсэн юм. Иймээс инфляцыг зорилтот түвшинд хадгалах мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг хэрэгжүүлж, нийлүүлэлтийн доголдол үүсгэхгүй байхад анхаарч ажиллах нь чухал гэж Төв банкны зүгээс үзэж байгаа аж.
Гадаад эрэлтийн таатай нөхцөл байдал үргэлжилж, экспортын орлого нэмэгдэж байгааг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч дурдаад “Үүний үр дүнд гадаад валютын нөөц түүхэн дээд түвшин болох 5.2 тэрбум ам.доллар болсон. Тиймээс Монголбанк, Хятадын Ардын банк хоорондын своп хэлцлийн өр төлбөрийн 50 хувийг барагдууллаа. Төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөцийн эерэг өөрчлөлт зэргээс шалтгаалан Монгол Улсын зээлжих зэрэглэл “B+” болж сайжирсны зэрэгцээ төгрөгийн ханш сүүлийн нэг жил гаруй хугацаанд тогтвортой байна” гэв. Төлбөрийн тэнцлийн цаашдын төлөвт эрдэс бүтээгдэхүүний үнэ, худалдааны түнш орнуудын нөхцөл байдал, ирэх оны төсвийн төлөвөөс ихээхэн хамааралтай гэдгийг тэрбээр танилцуулсан.
Экспорт сайн байгаа хэдий ч манай улсын худалдааны гол түнш БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч, үл хөдлөх хөрөнгийн салбарын хүндрэл үргэлжлэх төлөвтэй байгаа аж. Энэ нь манай экспортын зарим бүтээгдэхүүний үнэ буурахад нөлөөлөх магадлалтай гэв. Эдийн засгийн идэвхжил сайн байх үед төсвийн зардал огцом тэлж, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтууд эхлэхээр байгаа нь импорт, валютын төлбөртэй үйлчилгээний зардлыг тэлж, валютын гарах урсгалыг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцлийг муутгах шалтгаан болох эрсдэлийг мөн дурдсан. Иймд улсын санхүүгийн нөөц чадавхыг сулруулахгүй байхад онцгойлон анхаарсан макро бодлогын оновчтой хослолыг хэрэгжүүлж, аливаа хөгжлийн төслүүдийг эрэмбэлэн, боломжит гадаад эх үүсвэрт тулгуурлан хэрэгжүүлэх шаардлагатай гэв.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа нам тогтвортой инфляцын орчныг бүрдүүлэх, банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор үүсэж болзошгүй сөрөг нөлөөг тодорхойлох, тогтвортой санхүүжилтийн дэд бүтцийг бэхжүүлэх, банк, санхүүгийн салбарт ирж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, төлбөрийн систем болон зээлийн мэдээллийн сангийн эрх зүйн орчныг сайжруулах зэрэгт онцгойлон анхаарчээ.
Тогтвортой, бага инфляц нь иргэдийн бодит орлогыг хамгаалж, эдийн засагт тодорхой бус байдлыг бууруулан дунд хугацааны тогтвортой өсөлтийг бүрдүүлэх суурь нөхцөл болдог. Монголбанк ирэх хоёр жилд инфляцыг 6 (+/-2) хувийн интервалд тогтворжуулах, дунд хугацаандаа буюу 2027 оноос эхлэн зорилтын голчийг 5 хувь болгон бууруулахад мөнгөний бодлогын үйл ажиллагааг чиглүүлэхээр тусгажээ. Үүнийг амжилттай хэрэгжүүлэхэд Засгийн газрын дэмжлэг, төсвийн сахилга бат чухал үүрэгтэй гэв.
Монголбанк сүүлийн хоёр жилд гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт нэвтрэх боломжийг нээж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр идэвхтэй ажилласан хэмээн Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч танилцуулсан. Цаашид банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж, санхүүгийн дэд бүтэц, зохицуулалтын орчныг боловсронгуй болгоход ажиллахаар төсөлд тусгажээ.
Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий, түүний сөрөг нөлөөг бодитой үүрч буй манай улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөг бууруулах, дасан зохицох чадавхаа нэмэгдүүлэх нь нэн чухал болж байгааг төслийн танилцуулгад тэмдэглэжээ. Энэ хүрээнд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой нарийвчилсан тоон мэдээллийг цуглуулах, банкны салбарын уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн шинжилгээний аргачлалыг боловсруулах ажлыг эхлүүлээд байгаа аж. Ингэснээр банк, санхүүгийн салбарт уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөө, болзошгүй эрсдэлийг тодорхойлж, эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх аж.
Төлбөрийн систем, зээлийн мэдээллийн үйлчилгээг техник, технологийн хөгжилтэй нийцүүлэх, дэд бүтцийг олон улсын жишгийн дагуу хөгжүүлэх шаардлага байгааг мөн дурдсан. Иймээс ирэх онд эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, дотоодын мөнгөний зах зээлийн хөгжлийг дэмжихэд анхаарч ажиллахаар зорьж байгаа аж. Цаашид эдийн засагт гарч буй эерэг үр дүнг бэхжүүлэхийн зэрэгцээ үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, эдийн засаг, санхүүгийн зах зээлийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэлээ.
Монголбанкны бодлого, үйл ажиллагаа нь эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтийг бататгах, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд хүргэж тогтворжуулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурь нөхцөлийг бий болгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэх юм байна.
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Х.Ганхуяг, О.Батнайрамдал, Э.Батшугар, Г.Лувсанжамц, Б.Найдалаа, Б.Мөнхсоёл нар асуулт асууж, Монголбанкны ерөнхийлөгчөөс хариулт, тайлбар, мэдээлэл авав.
Гадаад валютын албан нөөц буурч байгаа шалтгааны талаар тодруулсан гишүүний асуултад Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч хариулахдаа “Гадаад валютын албан нөөц энэ онд түүхэн дээд хэмжээ буюу 5.2 тэрбум ам.долларт хүрсэн. Монголбанк, Хятадын Ардын банк хоорондын своп хэлцлийн 12 тэрбум юаний өрийн 50 хувийг энэ онд гурван удаагийн ээлжээр төлсөн. Түүнчлэн импорт 26 хувийн, экспорт 6 хувийн өсөлтэй байгаа зэрэг нь гадаад валютын албан нөөцөд нөлөө үзүүлж байгаа, гэсэн хэдий ч энэ оны төгсгөлд гадаад валютын албан нөөц 4.8-4.9 тэрбум ам.доллар байх тооцоо бий” гэв.
Үнэт цаасны үлдэгдэл 8.7 их наяд төгрөгийг зах зээл рүү гаргаж, улмаар зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бий эсэх талаарх асуултад тэрбээр хариулахдаа “Зээлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 30 хувийн өсөлттэй, нийт зээлийн үлдэгдэл 34 их наяд төгрөг байгааг дахин нэмэгдүүлвэл эдийн засаг “халж”, эрсдэл тэр хэрээрээ нэмэгдэнэ” гэж хариулсан. Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн хэрэгжилтийн талаарх тодруулгад хуулийг баталснаас хойш гадны улс орнуудаас Монгол Улсад энэ төрлийн банк байгуулах санал ирээгүй гэв. Төсөв, мөнгөний бодлого уялдааны талаарх асуултад Монголбанкны ерөнхийлөгч хариулахдаа 2025 оны төсвийн төсөлтэй уялдуулан ирэх оны эхний улирал болтол Төв банк бодлогын хүүгээ өнөөдрийн түвшиндээ барих тооцоололтой байгаа гэв. Гадаад валютын албан нөөцөд шууд нөлөөлдөг төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах бодлогын талаар гишүүд лавлав. Төлбөрийн тэнцлийн худалдааны тэнцэл ашигтай байгаа, харин үйлчилгээний тэнцэл алдагдалтай. Тодруулбал, нүүрсний экспортын тээвэрлэлтийг дотоодын компаниуд хийх тохиолдолд төлбөрийн тэнцлийн алдагдал 500-600 сая ам.доллараар буурах боломжтой гэдэг хариулт өгсөн.
Ипотекийн зээл олголттой холбоотой асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлж, холбогдох тодруулгыг авсан юм. Анх удаа орон сууц авч байгаа иргэдэд ипотекийн зээл олгох, 2 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийн энэ төрлийн зээлийн хүсэлтийг дараалалгүй шийдвэрлэх, нийслэлийн төвлөрөл ихтэй бүсэд байрлах орон сууцад ипотекийн зээл олгохгүй байх, амьдарч буй амины орон сууцаа “ногоон” технологиор шийдэхэд хөнгөлөлттэй зээлээр дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хөндөж байв. Түүнчлэн олон улс орны банк, санхүүгийн салбар кибер аюулгүй байдлын асуудал нь ноцтой эрсдэл хэмээн тооцож байгааг О.Батнайрамдал гишүүн хэлээд, ирэх оны мөнгөний бодлогын чиглэлд энэ эрсдэлтэй холбоотой бодлогын арга хэмжээг тусгах шаардлагатай гэдэг саналыг хэлж байлаа. Зээлийн хүүг бууруулах хамгийн шуурхай шийдэл нь Актив удирдлагын компани байгуулах бөгөөд зээлийн жигнэсэн дундаж хүүг 6 хувиар бууруулах тооцооллыг Э.Батшугар гишүүн танилцуулж байв. Мөн тэрбээр санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх шинэ төрлийн хэрэгсэл болох “CBDC” буюу төв банкны дижитал валютын талаарх олон улсын хандлагыг тайлбарлаж, Монголбанкны үүнтэй холбоотой байр суурийг тодруулж, хариулт авсан.
Ийнхүү гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг танилцуулсан.
Ажлын хэсэг 2024 оны аравдугаар сарын 15-ны өдөр хуралдаж, тогтоолын төслийг Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн баримт бичигт нийцүүлэн, уялдааг хангаж, төслийн нэр томьёог жигдлэх, найруулгын шинжтэй 39 саналын томьёоллыг бэлтгэсэн байна. Түүнчлэн төслийн II, III хавсралтад албан ёсны статистик тоон мэдээллийн хүртээмжээс хамааран хяналт шинжилгээний зарим үзүүлэлтийг өөрчлөхөөр саналын томьёолол бэлтгэсэн гэв.
Ажлын хэсгийн дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нүүрсний экспортын нөхцөл болон биржээр борлуулахтай холбоотой тодруулга хийж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал болон ажлын хэсгээс хариулт, тайлбар авав. Байнгын хорооны дарга Р.Сэддорж говийн бүсэд байгуулах эрчим хүчний дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар тодруулж, хариулт авсан.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т заасны дагуу Монгол Улсын жилийн төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй санал нэг бүрээр санал хураалт явуулж, шийдвэрлэв. Ингээд “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.