Цэс

Холбоо барих

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонгтой уулзлаа

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ны 149 дүгээр Ассамблейн үеэр зохион байгуулагдаж буй Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн чуулга уулзалтад оролцож байна. Тэрбээр өнөөдөр (2024.10.15) ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонгтой уулзлаа.  





Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх, хууль тогтоох үйл ажиллагааг төгөлдөржүүлэхэд ОУПХ болон гишүүн орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа онцгой чухал хувь нэмэр оруулж буйг тэмдэглэсэн. Мөн УИХ болон ОУПХ хоорондын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, 2024 онд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан, ардчиллын суурь үнэт зүйл болсон хүний эрх болон жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хамгаалах баталгааг бэхжүүлэх чиглэлээр үр дүнтэй олон ажил хамтран хэрэгжүүлснийг онцолсон юм. Түүнчлэн Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр ОУПХ-той хамтран хууль тогтоох, хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулан ажилласныг дурдаад, үүний үр дүнд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг шинэчлэн баталж, 2024 онд шинээр бүрдсэн парламент эрх зүйн шинэ орчинд үйл ажиллагаагаа явуулж байгааг тодотгосон. Анхны 126 гишүүнтэй Монгол Улсын Их Хурал 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө боловсруулан хэлэлцүүлж буй энэ үед санал авахаар ОУПХ-нд албан бичиг хүргүүлсэн хэмээгээд Улсын Их Хурал, түүний Тамгын газрын ажилд бүх талын дэмжлэг үзүүлэн ажилладаг ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Мартин Чунгонд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.


Ассамблей болон Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн чуулга уулзалтад Монголын парламент  идэвхтэй, тогтмол оролцдогт ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонг талархал илэрхийлээд, 2024 онд Харилцан ойлголцлын санамж бичгийг сунгаснаар цаашдын хамтын ажиллагаа илүү тодорхой болсон гэж үзэж байна гэлээ. Тэрбээр 126 гишүүнтэй парламентад 32 буюу 25.4 хувь нь эмэгтэйчүүд сонгогдсон нь дэлхийн дундаж үзүүлэлтэд хүрсэнд баяр хүргэв. Эмэгтэй парламентчдын тоо өндөр байх тусам шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангахад чухал ач холбогдолтойг дурдаад, хариуцлагатай албан тушаалд томилогдоод удаагүй байгаа Ерөнхий нарийн бичгийн даргын цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэж, Монгол Улсын Их Хурлын даргад халуун дотно мэндчилгээ уламжлахыг хүсэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл