Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар болон тус Байнгын хорооны гишүүд өнөөдөр (2024.10.15) Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллалаа.
Уулзалтын эхэнд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан шүүх байгууллагуудын өмнө тулгамдаж буй асуудал, иргэдийн шүүх засаглалаас хүсэн хүлээдэг эрх тэгш байдал, хүндээ ээлтэй байдлыг бүрдүүлэхэд УИХ, шүүх засаглал хамтран ажиллах нь чухал талаар онцолсон. УИХ-ын зүгээс шүүхийн байгууллага хараат бусаар ажиллахад онцгой анхаарал хандуулж, орчин нөхцөлийг сайжруулах, бие дааж асуудлаа шийдвэрлэхэд шаардлагатай төсвийг бий болгоход дэмжин ажиллана гэлээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг шүүх байгууллагын барилгын асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай байгаа талаар дурдлаа. Тодруулбал, шүүхийн байгууллага 42 барилгад үйл ажиллагаа явуулж буйгаас 36 нь стандартын шаардлага хангахгүй байна. Барилгын насжилт хэтэрсэн, мөөгөнцөр үүссэн, суулт өгсөн зэрэг асуудлаас гадна зургаан шүүх түрээсийн байранд, дөрөв нь прокурорын байгуулагын байранд, нэг нь орон нутгийн өмчийн барилгад байрладаг талаар мэдээллэв. Энэ нь шүүхийн байгууллага хараат бусаар ажиллах хуулийг зөрчиж буйг Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөн тодотголоо.
Харин Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Байнгын хороогоор баталсан шүүхийн байгууллагатай холбоотой төсөв, зардлыг Сангийн яам хассаар байгаа нь цаашид шүүх засаглал хараат бусаар, хүний эрхийг хангаж ажиллахад хүндрэлтэй болсон талаар ярилаа. Хүний эрхийн асуудлыг хөндөж, ил тод ярьж эхэлсэн энэ цаг үед иргэдийнхээ асуудлыг зориулалтын бус байранд шийдвэрлэж байгааг анхаарах шаардлагатай гэлээ.
Үргэлжлүүлэн уулзалтад оролцогч Улсын Их Хурлын гишүүд болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд шүүхийн үйл ажиллагааны талаар санал солилцож, үг хэлэв.
Уулзалтыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хааж хэлсэн үгэндээ, бид цаашид Дээд шүүх болон бусад шатны шүүхийн төлөөллийг оролцуулсан томоохон уулзалт, хэлэлцүүлгүүдийг хийнэ. Ингэснээр шүүх засаглалтай холбоотой асуудал, иргэндээ ээлтэй байх нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд хууль тогтоох байгуулага юу хийж, гүйцэтгэх вэ гэдгийг тодорхой болгоно гэв.
Түүнчлэн, хууль тогтоох байгууллага нь шүүх засаглалаа буруутгадаг эсвэл, шүүх засаглал нь ажиллах боломж, нөхцөл хангалтгүй байна гэж тайлбарладаг байдал үргэлжилсээр ирсэн. Үүний цаана иргэдийн сэтгэл ханамжийн асуудал байсаар байх тул асуудлыг углуургаар нь авч үзэж, эцэслэн шийдвэрлэх шаардлагатай гэдгийг УИХ-ын дарга онцолж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.