Цэс

Холбоо барих

ЁЗДБХ: Журмын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа

Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдөр (2024.10.15) хуралдаж, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэх гишүүний чуулганы ажиллагаанд оролцох журмын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Б.Баярбаатар танилцуулав. Тогтоолын төсөлд, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяаг, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Б.Жавхлан, Г.Очирбат, Д.Энхтуяа нарыг оруулж ажиллуулахаар тусгасан байна. Мөн ажлыг хэсэгт журмын төслийг энэ оны 12 дугаар сарын 15-ны дотор боловсруулж танилцуулахыг үүрэг болгожээ. Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүд бүгд дэмжсэн тул уг тогтоолыг батлагдсанд тооцлоо.

Дараа нь Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард Ёс зүй, дэгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглаврыг баталж тогтоол гаргалаа. Цаглаварт, Улсын Их Хурлын даргын захирамжаар батлагдсан Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын дараалалд тусгагдсан Ёс зүй, дэгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхээр заасан байна.

Хуралдааны төгсгөлд Байнгын хорооны дарга Б.Баярбаатар Үндсэн хуулийн цэцээс ирүүлсэн мэдээллийг танилцуулав. Үндсэн хуулийн цэцэд хандан иргэдээс нэр бүхий Улсын Их Хурлын гишүүн Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх талаар мэдээлэл ирүүлжээ. Уг мэдээллийг Үндсэн хуулийн цэц хянан үзээд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсгийн холбогдох заалтын дагуу тус Байнгын хороонд шилжүүлжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл