Цэс

Холбоо барих

Хүн төвтэй хуулийн үзэл баримтлал буюу парламент юу хийх вэ

Үндсэн хуулийг харвал хүний эрх, эрх чөлөөний тухай Хоёрдугаар бүлэгт зохицуулсан байхад төрийн байгуулалтын талаар Гуравдугаар бүлэгт бичсэн байдаг. Энэ бол хүний эрх, эрх чөлөө болон төр хоёрын ач холбогдлын эрэмбэ дараалал бөгөөд ийнхүү зохицуулсан нь огт санамсаргүй хэрэг биш юм. Хүний эрх, эрх чөлөө бол хүн бүрийн жам ёсны эрх буюу хүн болж төрсний хувьд эдлэх учиртай эрх юм. Өөрөөр хэлбэл, хүний эрх, эрх чөлөө нь төрөөс өгч буй бэлэг биш юм. Тухайлбал, амьд явах эрх бол хүн бүрийн заяагдмал, жам ёсных нь туйлын эрх.


Харин төр бол хоёрдогч буюу хүний эрхийг дээдлэх, хамгаалах, бодитоор эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хүлээдэг. Иргэн нь төрийн төлөө биш, харин төр нь иргэний төлөө ажиллах ёстой тийм суурь үзэл баримтлалтай улс юм. Тийм ч учраас Үндсэн хуульд төрийн байгуулалтын талаар хүний эрх, эрх чөлөөний хойно нь зохицуулсан байдаг.

Харин эрх зүйн соёл талаас нь харвал монгол хүн эртнээс төрөө дээдэлдэг буюу “төрийн минь сүлд өршөө” гэж залбирдаг байсны дээр XX зууны социалист нийгэмд хувь хүн бус харин төр давамгайлах тогтолцоо хүчтэй бүрэлдсэн нь өнөөдөр ч амь бөхтэй оршиж байна.    

Манай улсын Үндсэн хуулийн оршилд Монголын ард түмэн “…эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилго болно” гэж тунхаглажээ. “Хүмүүнлэг” (анг.humane) гэж үгийн шууд утгыг харвал “хүнээ дээдлэх, хүнлэг энэрэнгүй байх, ёс суртахуунтай зарчимч байх, үнэт зүйлтэй, зохистой хандлага” гэсэн утга илэрхийлж байна. Б.Чимид “Үндсэн хуулийн үзэл баримтлал”-даа “Хүнийг дээдэлж, хүний эрх чөлөөт байдлыг хүлээн зөвшөөрч эрхэмлэсэн нь Үндсэн хуулийн язгуур үзэл баримтлалын нэг юм” гэжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн “хүмүүнлэг”-н (хьюманист) үзэл санаа нь хүн төвтэй, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, ёс суртахуун, хүнлэг байдал зэрэг ойлголтыг өөртөө багтааж байна. Үүгээрээ хувь хүнийг төрийн төлөө амь нас, эд хөрөнгөөрөө зохиослохыг шаардаж байдаг төр төвтэй, социалист тогтолцооноос эрс ялгарна.

Хүмүүнлэгийн зарчим нь зөвхөн нийгмийн төдийгүй хууль зүй, эдийн засгийн, экологийн гэх мэт агуулгатай. Учир нь, хүмүүнлэгийн зарчмын цаана нийгмийн хамтын хариуцлага, нийгэм хамгааллын зарчим, нийгмийн баялгийн тэгш хуваарилалтын буюу эдийн засгийн, тогтвортой хөгжлийн буюу байгаль экологийн, тэгш боломжийн зарчим зэрэг хамаарч байна гэж үзэх боломжтой юм.

1992 оны Үндсэн хуулиар иргэний, улс төрийн, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг анх удаа цогцоор нь хүлээн зөвшөөрч, Хоёрдугаар бүлэгт хүний эрхүүдийг жагсаасан байдаг. Үүнээс гадна хүний эрхийг хамгаалсан олон улсын хэд хэдэн гэрээнд Монгол Улс нэгдэн орсон нь хүний эрхийг тууштай, тогтвортой хамгаалахад ач холбогдолтой.


Өнөөдөр Монгол Улсад нийгмийн өдөр тутмын амьдралыг зохицуулж буй 880  хууль, 2700 гаруй нийтээр дагаж мөрдөх журам үйлчилж байна. Эдгээр хууль, журмууд нь Үндсэн хуулийн дээрх хүн төвтэй, хүний эрхийг дээдэлсэн тулгуур үзэл баримтлалд нийцэж байх учиртай. Өөрөөр хэлбэл, хэдийгээр эрх зүйн тогтолцооны суурь тавигдан, олон салбар хуулиуд өнөөдөр үйлчилж байгаа ч тодорхой бас цөөнгүй гажуудлууд үүсэж байна. Тухайлбал, хуулиудыг салбарын яамд, агентлаг, байгууллагууд боловсруулдгаас байгууллагын эрх ашгийг тэргүүн ээлжинд тавьсан, байгууллагадаа илүү ээлтэй хуулиуд багагүй гарах боллоо. Хуулиудын бичилт нь арга техникийн хувьд төрийн байгууллагуудын (яамнаас эхлээд аймаг, сумын засаг дарга гээд) бүрэн эрхийг хамгийн эхэнд нь жагсаадаг бол төрийн албан тушаалтны хүлээдэг үүрэг нь цөөн, эс үйлдэхүй гаргасан бол хариуцлага тодорхойгүй, хэт ерөнхий байна. Гэтэл эсрэгээрээ хууль зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжид хүлээлгэх хариуцлагыг хуульд тодорхой тусгаж байна.

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хууль, тогтоомжид үнэлгээ хийсэн байна. Үүнд “хууль тогтоомжийн нийтлэг зөрчил нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг бодитоор эдлүүлэх нөхцөл боломжийг үзэл баримтлалын хувьд хангаагүй байна. Хууль тогтоомжийн зохицуулалт нь хүний эрх зөрчигдсөн буюу зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зохицуулалтын хувьд дутмаг, тодорхой салбарын харилцааг дагаж, хүний эрхэд ямар үр нөлөө үзүүлэхийг тооцоолоогүй байх тул хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхээс илүүтэй хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, эрхийг бодитой эдлүүлэх гэсэн үзэл санаанд тулгуурлах нь зүйтэй” гэж дүгнэсэн байна. Үүнээс харвал хууль тогтоомж нь түүнийг хэрэгжүүлэх салбарын, байгууллагын (тэдгээрийн эрх үүрэг давхардсан) үйл ажиллагаанд хөтлөгдсөн, хүний эрхийг бодитой эдлүүлэхэд төдийлөн чиглээгүй, хүний эрхэд үзүүлэх үр нөлөө, зөрчигдөхөөс сэргийлэх зохицуулалт дутагдалтай байна. Энэ нь барилгын, байгаль орчны, хот байгуулалтын, хөрсний, усны, агаарын, хог хаягдлын гэх зэрэг хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй холбоотой хууль тогтоомжид нийтлэг байх жишээтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгууллагуудын эрх хэмжээ нь зонхилж, харин сэжигтэн, яллагдагчийн эрх, өмгөөлөгчийн эрх нь хязгаарлагдмал, мөн амьдрал дээр хэрэгждэггүй. Саяхан Үндсэн хуулийн цэцээс Цагдаагийн албаны тухай хуульд заасан цагдаагийн алба хаагч хүнийг түр саатуулах хугацааг тоолох зохицуулалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн өөр нэг жишээ байна. Хэрэгт сэрдэгдэж буй хүнийг 6 цаг хүртэл саатуулахаар, ингэхдээ энэ цагийг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцоохоор зохицуулсан байсан нь төрийн, байгууллагын нүдээр хийсэн зохицуулалт юм. Гэтэл иргэний нүдээр харвал цагдаагийн мэдэлд очсон мөчөөс эхлэн энэ цаг хугацаа тоологдох нь түүний эрх, эрх чөлөөг илүү хангаж буй. Дээрхээс харвал зохицуулж буй харилцаан дахь иргэний талын буюу суралцагчийн, оюутны, татвар төлөгчийн, хэрэглэгчийн, зээлдэгчийн, сэжигтний гэх мэт эрх нь цөөхөн, хүч тэнцвэргүй, орхигдсон байх нь элбэг байгаа нь бидний хүмүүнлэг эрх зүйн тогтолцоо асуудалтай төлөвшиж буйн нэгэн тод илрэл юм. Мэдээж хуулиар төрийн байгууллагын эрх хэмжээг зохицуулах нь чухал бөгөөд зайлшгүй тул үүнийг огт үгүйсгэх боломжгүй. Хуулийн зохицуулж буй харилцаа болгон өөрийн онцлогтой, зарим хуулиар иргэний эрх огт хөндөгдөхгүй, гагцхүү төрийн байгууллагын талаар хууль гарах нь ч бий.

Дээрхээс харвал Монгол Улсад хуулийн агуулгыг хүн төвтэй, хүний эрхэд суурилсан болгох нь тулгамдсан асуудал бөгөөд үүнд төр анхаарлаа хандуулах нь зайлшгүй хэрэгтэй байна. Тэгвэл хүний эрхийг бодитоор эдлүүлэх, хамгаалахад парламентын үүрэг, оролцоо асар их юм. Учир нь, парламент бол хууль тогтоох төрийн эрх барих дээд байгууллага тул бодлого болон хууль боловсруулах, батлах шатанд хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад хамгийн гол үүрэгтэй институци юм. Хууль боловсруулах шатанд хүний эрх, эрх чөлөөг хэрхэн үр дүнтэй, бодитоор тусгах, хүний эрх зөрчихөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, зайлшгүй хүний эрхийг хязгаарлаж буй зүйл, заалтыг зохистой, оновчтой байдлаар өөрчлөх вэ гэдэг нь хууль зүйн нарийн дүн шинжилгээний ажил юм. Хүний эрхийг хязгаарласан хуулийн төсөл дэх заалтыг  аль болох бага хязгаарласан байдлаар томьёолох вэ гэдэг нь хууль тогтоогчийн анхаарлын төвд байх учиртай.

2024 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн УИХ нь 126 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа энэ намар эхлүүлж буй бөгөөд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ээлжит бус чуулганы нээлтэн дээр хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалыг хуульд төлөвшүүлэх тухай үг хэлсэн нь ийн анхаарал татаж байна. Энэ хүрээнд,

Нэгдүгээрт, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудад хүний эрхийг илэрхий зөрчиж буй зүйл, заалтуудыг энэ УИХ засаж залруулах ажлыг зохион байгуулах;

Хоёрдугаарт, аливаа өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хүний эрх талаас нь үнэлдэг, хүний эрхэд нийцэж буй эсэхийг нь нягталдаг парламентын хяналтыг хууль боловсруулах ажиллагаанд бодитоор нэвтрүүлэх тухай яригдаж байна.


Дээрх ажлын хүрээнд УИХ дээр одоогоор 50 гаруй гаруй ажлын хэсэг байгуулагдаад байна. Тухайлбал, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, жагсаал цуглаан, Үндсэн хуулийн цэц болон үндсэн эрх, үйлдвэрчний эвлэл, орчны бохирдол, хүнс, эмийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, асрах үйлчилгээ, хот төлөвлөлт, гэр бүл, хүүхдийн эрх, байгаль орчин хамгаалах гэх зэргээр олон харилцааг хүний эрхийн нийцэл талаас нь эргэж харах өргөн хүрээтэй, нүсэр ажлыг УИХ энэ дөрвөн жилийнхээ хугацаанд хийхээр төлөвлөж буй нь эрх зүйн тогтолцоо хүн төвтэй болох талаасаа томоохон дэвшил болох болов уу.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 13.2.5 -т зааснаар хууль санаачлагч нь хуулийн төсөл боловсруулахдаа “хүний эрх, эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлэх үр нөлөөг урьдчилан тооцсоны үндсэн дээр тухайн асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй хувилбарыг тодорхойлох” тухай заасан байна. Мөн тус хуульд орсон 2024 оны 5 дугаар сарын 16-ний өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр хууль санаачлагч нь “хууль тогтоомжийн төслийн хүний эрхэд нөлөөлөх байдлыг үнэлэх”-ээр заасан байна. УИХ-ын гишүүн нь аливаа хуулийн төсөл өргөн барихдаа хүний эрхийн зарчмуудтай тухайн төсөл нийцэж буй эсэх талаарх хууль зүйн дүгнэлтийн хамтаар өргөн барих, хэрвээ хүний эрхийг хязгаарлаж буй зүйл, заалт байвал тэр нь зайлшгүй, хүрэх зорилгодоо нийцсэн, тохирсон байх шаардлагыг хангасан байх учиртай. Өөрөөр хэлбэл, хуулийн төсөл дэх хүний эрхийг хязгаарлах зүйл, заалт нь хууль ёсны зорилгод үйлчлэх, тохирсон байх шалгуурыг давсан байх нь ардчилсан орнуудад хэрэглэдэг нийтлэг шалгуур билээ. Аливаа хуулийн төсөл дэх хүний эрхийн нийцлийг хэрэгжүүлдэг бүтэц нь УИХ дахь Хүний эрхийн дэд хороо байх боломжтой юм. Ингэснээр хуулиудын чанар сайжирч, хүний эрх зөрчлөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй механизм парламентын түвшинд бий болно гэж үзэж байна.

Байгууллага төвтэй хууль боловсруулж өнөөгийн практикийг хэрхэн өөрчлөх вэ гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж байна. Тэгвэл олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх замаар, парламентын дэргэд хууль боловсруулах чиг үүрэг бүхий, мэргэшсэн бүтцийг байгуулах нь бас нэг онцлог ажил болох боломжтой.

Сайн хууль, түүний сайн гүйцэтгэл, сайн хяналт гурав нийлж байж аливаа улс орон  хөгждөг. Хуулийг чанартай, хүн төвтэй, хүний эрхийг дээдэлсэн болгох чиглэлд нь хөтлөх ажлыг УИХ манлайлан хэрэгжүүлнэ гэж найдаж байна. 

 

УИХ-ын даргын зөвлөх, хууль зүйн ухааны доктор 

Тайванхүүгийн Алтангэрэл

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл