Цэс

Холбоо барих

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.10.03) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Үдээс өмнөх хуралдааны үед эхэлсэн асуулт, хариулт үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Д.Батбаяр, Д.Жаргалсайхан нар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан гадаадын зээл, үнэт цаасны бүртгэлийн асуудал, мөн эрчим хүчний үнэ тарифын шинэчлэл, цахилгаан хуримтлуур нэмж байгуулахын ач холбогдол, Улаанбаатар-Лүн чиглэлийн автозамыг дөрвөн эгнээтэй болгох ажил, хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүд, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрхэн хэрэгжүүлэх талаар асууж Засгийн газрын болон Ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан юм.

Эрчим хүчний салбарт нэгж цахилгаан эрчим хүчийг 285 төгрөгөөр үйлдвэрлэж, 140 орчим төгрөгөөр борлуулж байгаагаас маш их алдагдалд орж, өр төлбөр хяналтаас гараад байгааг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дурдаад, хэрэглээний савалгаатай үед ОХУ-аас эрчим хүч импортоор авах техникийн хүчин чадал дээд хэмжээндээ хүрчихсэн тул тохируулга хийхэд хэрэглэхээр Багануур дүүрэгт бага оврын хуримтлуур барихаар төлөвлөсөн гэсэн юм. Засгийн газрын болон орон нутгийн үнэт цаас улсын төсөвт зарцуулалтаараа бүртгэгдээд явж байгаа гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан тайлбарлаж, орон нутаг, тухайлбал, нийслэл хот үнэт цаас гаргахад Засгийн газар зөвшөөрөл өгдөг бөгөөд зөвшөөрөл өгөхийн өмнө Сангийн яам судалдаг талаар мэдээлэл өгөв. Улаанбаатар хот, Эмээлт, Дархан-Уул болон Баянхонгор аймгуудад хөдөө аж ахуйн үйлдвэрийн парк байгуулж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр танилцуулсан юм. Харин Бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэг ажиллаж байгааг Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр мэдээлж, уг хөтөлбөрт саналаа өгч хамтран ажиллахыг Улсын Их Хурлын гишүүдээс хүслээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Г.Уянгахишиг, Д.Энхтүвшин нар олон нийтийн дунд ихээхэн эргэлзээ дагуулж байгаа үндэсний хиймэл дагуул хөөргөх төсөл, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах бодлого болон уул уурхайн бирж ба брокеруудын асуудал, кокс-химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн, арматур үйлдвэрлэх өртөг ямар болох, гадаадаас авах ажиллах хүчнийг хэмжээг нэмэгдүүлэх бодлогын дэмжлэг, төвлөрлийг сааруулах ажлыг хэрхэн үргэлжлүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хөндөж, сайд нараас тодорхой хариулт авсан юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, М.Энхцэцэг, Л.Мөнхбаясгалан, Ж.Золжаргал, М.Бадамсүрэн, Г.Дамдинням, С.Эрдэнэбат, Д.Ганбат нар агаарын бохирдол, бэлчээрийн доройтол, уул уурхай бүхий сум, нутгийн иргэдийн эрүүл мэнд, нөхөн төлбөрийн тухай, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, эрүүл мэндийн даатгалын төрөөс даах хувь хэмжээг нэмэгдүүлэх талаар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны араас ямар яам, төрийн байгууллагыг нүүлгэх, аймгийн төвийн сумдыг татан буулгах талаар судалгаа, тооцоо хийсэн эсэх, агаарын бохирдлыг бууруулах ажилд төсөвлөсөн зардлыг эрчим хүчний хэмнэлттэй, инновац бүхий байшин, сууц барьсан иргэдэд олгох, шинэ суурьшлийн бүс рүү татах дэд бүтцийн шугам сүлжээний зардлыг байгальд ээлтэй байдлаар зарцуулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, ашигт малтмал олборлох салбарыг татвар болон бусад бодлогоор дэмжих, зарим гацаанд орсон эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдийг үргэлжлүүлж, эх үүсвэрүүдээ хангалттай, найдвартай болгосны дараа үнэ тарифыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар асуулт асууж Засгийн газрын гишүүдээс хариулт авлаа.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор уул уурхайн компаниудтай хэлэлцээний ширээнд суух асуудлыг Засгийн газраас уриалж байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал тайлбарласан юм. Зэсийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харин алтны салбарт нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлтийн бодлого хэрэгжүүлэхээр Засгийн газар ярилцаж байгааг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв.  Эрчим хүчний салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлснээр 2027-2028 оны өвлөөс эхлэн цахилгаан хязгаарладаг явдал байхгүй болно гэж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн онцоллоо. Улс орны эдийн засгийг дан ганц уул уурхайн салбар, ашигт малтмалын үнийн савлагаанаас хамааралтай байдлаас гаргаж, баялгийн хараалыг эцэс болгохын тулд хийх ёстой эхний алхмуудыг хийж, ард нь гарах нь зүйтэй гэсэн бодлогыг Засгийн газар баримталж байгааг Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр дурдаад, эдийн засгаа солонгоруулж, нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээг 10 000 ам.долларт хүргэж чадвал нийгмийн олон асуудал шийдэгдэнэ гэв.

Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авч дууссаны дараа Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар явуулж байгаа Засгийн газрын идэвх, санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Д.Бум-Очир, Ц.Мөнхтуяа нарын гишүүд багш нарын цалинг 6.0 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн нь хангалтгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу хөгжлийн асуудлуудыг бодитойгоор шийдвэрлэх үүднээс тээг болж байгаа хуулиудыг нэн даруй хэлэлцэж шийдвэрлээд явах нь зүйтэй гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа, төлөвлөгөөнд тусгасан хэрнээ төсөлд тусгаагүй асуудлууд байгааг сануулж, Засгийн газар хөгжлийн суурь асуудлууд руугаа чиглэж ажиллаж байгаа нь сайшаалтай байна гээд үйл ажиллагаагаа уялдуулж, хүн хүч, боломж нөөцөө зөв хуваарилж ажиллахыг зөвлөв. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара, хүний хөгжлийн бодлого, хүний эрхийг хангасан засаглалын тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байгаа энэ үед “Цалинтай ээж” хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх, “Миний сонголт-Орон нутаг” хөтөлбөрийн хэрэгжилтэд шат шатандаа анхаарал хандуулж, оролцож ажиллах зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тулгуур үзэл санааг хөгжлийн төлөвлөгөөний шалгуур үзүүлэлт болгох, мөн бодлого, чиглэлээ зөв эрэмбэлэх шаардлага байгааг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин хамтарсан Засгийн газар байгуулагдсан энэ үед эхний ээлжинд урт хугацаанд үр дүнгээ өгөх нийлүүлэлтийн бодлогод анхаарч ажиллах ёстой гэж үзэж байгаагаа хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц үр дүнд хүрэхийн төлөө нэгдсэн төлөвлөлттэй ажилладаг байя гэсэн санааг онцолсон юм. 

Улсын Их Хурлын гишүүд үг хэлсний дараа “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан шаардлагыг хангасан эсэх талаар санал хураалт явуулав. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг шаардлага хангасан гэж үзсэн тул тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл