Улсын Их Хурлын 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөний төслийг танилцуулах Парламент 2.0 “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ” хэлэлцүүлэг Төрийн ордонд (2024.09.30) үргэлжилж байна. Төрийн болон төрийн бус нийт 36 байгууллага, эрдэмтэн, судлаачид, иргэдийн төлөөлөл 800 гаруй хүн оролцож буй хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Парламент 2.0 “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ” сэдвээр, Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний төсөл” сэдвээр илтгэл танилцуулсан. Эдгээр илтгэлийн хүрээнд Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров нарын зочин оролцогчтойгоор хэлэлцүүлэг өрнөж, чиглүүлэгчээр Улсын Их Хурлын Тамгын газрын Дэд дарга Э.Лхагва ажилласан юм.
Улсын Их Хурлын даргын зөвлөх Д.Золжаргалын “Гурван төгөлдөршилийн хэрэгцээ, шаардлага” сэдэвт танилцуулгаар хэлэлцүүлэг үргэлжиллээ. Тэрбээр, өнгөрсөн 30 гаруй жилд 8 удаагийн сонгуулийн дүнд байгуулагдсан Улсын Их Хурлаас энэ удаагийн буюу сонгуулийн холимог тогтолцооны үр дүнд шинээр бүрдсэн парламент нь олон намын төлөөлөлтэй, хамгийн олон эмэгтэй гишүүнтэй, хамгийн олон мэргэжил, туршлага бүхий гишүүдтэйгээрээ онцлогтой. Энэ парламент бүрэн эрхийнхээ хугацаанд эрх зүйн орчныг сайжруулах замаар улс орны хөгжлийг илүү түргэтгэнэ хэмээн иргэд өндөр хүлээлттэй байна гэв.
Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны чанар, эрх зүйн орчны нөхцөл байдлын талаарх олон улсын байгууллагуудын бие даасан судалгааны дүгнэлтүүдийг дэлгэрэнгүй танилцуулсан. Энэ бүхнийг нэгтгэвэл, манай улсын эрх зүйн орчин ойлгомжгүй, нийтээр мөрддөггүй, шударга ёсны зарчим алдагдсан, нийгэм, эдийн засгийн хөгжил хоцрогдолтой, хүний эрх, эрх чөлөө хангагддаггүй гэсэн дүгнэлт гарч буйг Улсын Их Хурлын даргын зөвлөх Д.Золжаргал тэмдэглэв. Иймээс улс орныхоо хөгжлийг түргэтгэх, ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд хууль, эрх зүйн орчинд модернизац хийхээс өөр гарцгүй хэмээсэн.
Энэ бүх судалгаа, шинжилгээний үр дүнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хүн төвтэй үзэл санаа бүхий, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийг санаачилсан болохыг Д.Золжаргал зөвлөх танилцуулаад, хүн төвтэй үзэл санаа бүхий хууль хэмээх томьёоллыг тайлбарласан. Мөн хууль нь дарамт болдог бус, харин боломж нээдэг байх шаардлагаас үүдэн эрх зүйн орчин ойлгомжтой, тодорхой, цогц байх нь нийгмийн харилцааг тогтвортой, тэгш байдлаар зохицуулахад нэн чухал гэдгийг тодотгосон.
Хуулийн хоцрогдлын үр дагавар нь улс орны хөгжлийн хоцрогдол болж илэрдэг хэмээн мэргэжилтнүүд онцолдог байна. Илтгэгч энэ талаар дурдаад “Хууль тогтоогчид орчин цагийн хурдад мэдрэмжтэй байж, монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмээ илүү хүнлэг болгох эрмэлзэлтэй ажиллах шаардлага үүсээд байна” гэлээ. Улсын Их Хурлын даргын дэвшүүлж буй “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийн бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улсад хүн төвтэй эрх зүйн орчин бүрдэж, нийгэм эдийн засгийн хөгжил түргэсэж, улмаар иргэдийн амьдралын чанар дээшлэх хүлээлттэй байгаа хэмээн Д.Золжаргал зөвлөх танилцуулав.
Парламент 2.0 “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ” хэлэлцүүлэг үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.