Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас өнөөдөр /2024.09.30/ УИХ-ын Тамгын газрын удирдлага, ахлах зөвлөхүүдэд зориулан сургалт зохион байгууллаа.
Төрийн албаны менежерүүдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, ойлголт, хандлагыг сайжруулан олон улсын түвшинд хүргэх зорилгоор сургалтыг зохион байгуулж буйг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж онцолсон. Тэрбээр, УИХ-ын Тамгын газрын удирдлагуудын манлайлал, хариуцлага, ур чадварыг хөгжүүлэх, хандлагыг зөв чиглүүлэхийн чухлыг тэмдэглээд, хамтын менежментийн тогтолцооны талаар танилцуулав.
Мөн УИХ-ын Тамгын газрын бүтэц, бүрэлдэхүүний шинэчлэн зохион байгуулахдаа үр дүнд суурилсан удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх, эерэг өөрчлөлтийг дэмжих, өөрчлөлтийн бодлого, инновацийг үйл ажиллагаандаа баримтлах, нэгжийн үйл ажиллагаандаа эрсдэлийн менежментийг хангах, ажлын бүтээмжийг дээшлүүлэхэд дотоодын болон гадаадын дэвшилтэд арга, менежментийг нэвтрүүлэх зэрэг шинэ санаачлагуудыг баримталсан хэмээсэн.
Мөн сургалтад Санхүүгийн боловсролын зөвлөх багш, докторант Ш.Алтанцэцэг оролцож, “Төрийн албан хаагчийн нийтлэг ур чадварын хүрээ-олон улсын шаардлага, харьцуулалт” сэдвийн хүрээнд гүйцэтгэл, стратегийн менежментийн талаар мэдээлэл өглөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.