УИХ-ын гишүүн Ж.Баярмаа өнөөдөр /2024.09.18/ НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзаж, санал солилцлоо.
Уулзалтын үеэр ноён Эваристе Коуасси-Комлан хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн чиглэлээр манай улсад хэрэгжүүлж буй хөтөлбөр, судалгааны үр дүнг танилцуулаад, Монгол Улсын хүн амын эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээл, хөгжил, хамгаалал, амьдралын нөхцлийн талаарх тоон мэдээлэл, “Цахим орчин дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх гарын авлага”, бага насны хүүхдийн хөгжилд эцэг, эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх зөвлөмж, ЕБС-ийн захирал, сургалтын менежерүүд, зорилтот бүлэгт зориулсан сургалтын гарын авлага, ном, товхимлыг хүлээлгэн өгөв.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Хүүхдийн төлөө үндэсний төвөөс ажлын гараагаа эхэлсэн бөгөөд тэрбээр, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд нөлөөллийн ажиллагаа явуулж, хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахын төлөө ажиллана гэдгээ илэрхийллээ. Түүнчлэн, цахим болон сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, электрон тамхины хэрэглээ өссөнд анхаарал хандуулж, сургуулийн хөтөлбөрт үндэсний өв, соёл, уламжлалыг таниулах агуулгыг түлхүү оруулах чиглэлээр хамтрахад нээлттэй гэдгээ онцоллоо.
Ажлын алба