Цэс

Холбоо барих

Ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Монгол Улсын Их Хурал /2024-2028 он/

Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг холимог тогтоолцоогоор зохион байгуулж, нийт 19 нам, хоёр эвсэл, нийт 1341 нэр дэвшигч бүртгүүлсэн. Энэ нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн түүхэнд хамгийн олон нам, эвсэл, нэр дэвшигч оролцсон сонгууль болжээ. Тодруулбал, 19 нам, хоёр эвслээс сонгуулийн тойрогт 927, жагсаалтаар 372, бие дааж 42 нэр дэвшигч бүртгүүлсэн бөгөөд нийт нэр дэвшигчдийн 61.3 хувь буюу 821 нь эрэгтэй, 520 буюу 38.7 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байв.

Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн ээлжит сонгуулийг зохион байгуулахад аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах төв комисс болон 47 салбар  комисс, 2198 хэсгийн хороонд нийт 21943 төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч, мэдээллийн технологийн 2763 албан хаагч, онцгой нөхцөл байдалд сонгогчдын санал авах ажилд онцгой байдлын 530 гаруй албан хаагч, эрүүл мэндийн байгууллагын 1000 гаруй ажилтан ажиллажээ.


Энэ удаагийн сонгуулийн үйл ажиллагааг дэлхий дахин анхааралтай ажиглаж, гадаадын болон олон улсын нэр хүндтэй хэвлэл мэдээллийн нийт 15 байгууллагын 36 сэтгүүлч, сурвалжлагч ажилласан бол сонгогчдыг мэдээллээр хангах, сонгуулийн үйл явцын талаар дотоодын 434 хэвлэл мэдээллийн байгууллагын 4600 гаруй сэтгүүлч, зураглаач, инженер техникийн ажилтан ажилласан бол 29 орны тусгай багийн нийт 249 ажиглагч оролцсон  байна.

Монгол Улсын иргэдээсээ санал авах ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулсан нэмэлт, өөрчлөлтийн үр дүнд Монгол Улсын сонгуулийн түүхэнд гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн сонгуулийн идэвх, оролцоо нэмэгдэж саналаа өгөхөөр бүртгүүлсэн нийт сонгогчийн 73.2 хувь нь сонгуульд оролцсон байна.

Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд орсон өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулав. Улсын Их Хурлын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар, нийт 126 гишүүн сонгогдсон. Монгол Ардын намаас сонгуулийн тойрогт 50, намын жагсаалтаар 18 нийт 68, Ардчилсан намаас сонгуулийн тойрогт 26, намын жагсаалтаар 16 нийт 42, Хөдөлмөрийн үндэсний намаас сонгуулийн тойрогт хоёр, намын жагсаалтаар зургаа нийт найм, Үндэсний эвслийн жагсаалтаар дөрөв, Иргэний зориг ногоон намаас жагсаалтаар дөрөв нэр дэвшигч тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдов.

Сонгогдсон нийт Улсын Их Хурлын гишүүдийн 32 буюу 25.4 хувь нь эмэгтэй байгаа нь Монгол Улсын парламентын түүхэн дээд үзүүлэлт төдийгүй Ази тивийн дунджаас өндөр үзүүлэлт бөгөөд дэлхийн 187 орны парламентад эзлэх эмэгтэйчүүдийн дундаж үзүүлэлтийг хангасан байна.

Шинээр сонгогдсон гишүүдийн хамгийн залуу нь 27 настай, хамгийн ахмад нь 73 настай байна. Мэргэжил боловсролын байдлаар ангилан авч үзвэл инженер 17, хуульч, эрх зүйч 29, бизнес, эдийн засаг, санхүүгийн чиглэлийн 40, хэл судлал, гадаад харилцааны чиглэлийн найм, багш найм, эмч тав, сэтгүүлч тав, улс төр судлаач дөрөв, геологич, дизайнер, жүжигчин, зураач, социологич, физикч сонгогджээ.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Дашзэгвийн АМАРБАЯСГАЛАН


Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйл, 16 дугаар зүйлийн 16.3.2 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 02 тоот тогтоолоор Монгол Улсын Их Хурлын даргаар Улсын Их Хурлын гишүүн Дашзэгвийн Амарбаясгаланг сонгосон.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА НАР


БАЙНГЫН ХОРООД

Улсын Их Хурал энэ удаагийн бүрэн эрхийн хугацаандаа 11 Байнгын хороотойгоор үйл ажиллагаагаа явуулахаар шийдвэрлэсэн.

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Сайнхүүгийн ГАНБААТАР сонгогдон ажиллаж байна. 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ганзоригийн ТЭМҮҮЛЭН сонгогдон ажиллаж байна. 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Буланы БЕЙСЕН сонгогдон ажиллаж байна. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Чинбатын УНДРАМ сонгогдон ажиллаж байна. 

Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Баярмагнайн БАЯРБААТАР сонгогдон ажиллаж байна. 

Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Жаргалсайханы ЗОЛЖАРГАЛ сонгогдон ажиллаж байна. 

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Лутаагийн ЭНХНАСАН сонгогдон ажиллаж байна. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Жадамбын БАТ-ЭРДЭНЭ сонгогдон ажиллаж байна. 

Төсвийн байнгын хорооны дарга Цэрэнпилийн ДАВААСҮРЭН сонгогдон ажиллаж байна. 

Хууль зүйн байнгын хорооны дарга Дамдины ЦОГТБААТАР сонгогдон ажиллаж байна. 

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ренчинбямбын СЭДДОРЖ сонгогдон ажиллаж байна. 

ДЭД ХОРООД

Тусгай хяналтын дэд хороо

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо

Хүний эрхийн дэд хороо

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо




Хуваалцах:

Холбоотой мэдээлэл