Цэс

Холбоо барих

УИХ-ын даргын 42 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг дөрөв дэх хуралдаанаа хийлээ

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар байгуулагдсан Улсын Их Хурлын гишүүн М.Мандхайгаар ахлуулсан Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан "Шинэ сэргэлтийн бодлого"-ын 4.2, 4.4-т заасан зорилт, "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоол, "Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2024 оны 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, холбогдох арга хэмжээний санал болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2024.09.20/ дөрөв дэх хуралдаанаа хийв.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Р.Сэддорж нар оролцсон бөгөөд Ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор холбогдох төрийн байгууллага, судлаач, шинжээчдээс бүрдсэн “Ажлын дэд хэсэг”-ийг байгуулахаар шийдвэрлэлээ.

Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Хүнсний хувьсгал”, Улсын Их Хурлын 2024 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан “Цагаан алт”, Засгийн газрын 2024 оны 166 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ хоршоо” үндэсний хөдөлгөөний хүрээнд малчид, хоршоологчдоос ирж буй асуултад тайлбар өгөх, хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл хүргүүлэх, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, цаашид авах арга хэмжээний талаарх саналыг боловсруулах асуудлаар санал солилцлоо.

Ташрамд дурдахад, “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд олгож буй хөнгөлөлттэй зээлийн хэмжээ өнөөдрийн байдлаар  518 тэрбум төгрөгт хүрээд буй бөгөөд Төрийн банк 388 тэрбум, Хаан банк 129.5 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгоод байгаа юм байна.

Ажлын алба

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл