Цэс

Холбоо барих

Монгол, Канад хоёр улсын хууль тогтоогчид сайн засаглалыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Дамдины Цогтбаатар манай улсад айлчилж буй “Канад Улсын үе үеийн парламентын гишүүдийн нийгэмлэг”-ийн хүндэт төлөөлөгчдийг өнөөдөр (2024.09.20) хүлээн авч уулзлаа. Айлчлалын бүрэлдэхүүнд тус нийгэмлэгийн Нарийн бичгийн дарга, Торонто хот дахь Монгол Улсын Өргөмжит консул, ноён Браён Вилферт тэргүүтэй хүний эрх, залуучуудын манлайлал, жендэрийн тэгш байдал, хүрээлэн буй орчин зэрэг нийгэм, эдийн засгийн салбарт мэргэшсэн, үе үеийн парламентчдын төлөөлөл багтжээ. 


Уулзалтын эхэнд, УИХ-ын гишүүн Дамдины Цогтбаатар, хүндэт зочдыг тавтай морилохыг уриад, хууль дээдлэх ёс, хүний эрх, ардчиллын нийтлэг үнэт зүйлстэй манай хоёр улсын хамтын ажиллагааны тулгуур нь парламент хоорондын олон талт харилцаа мөн гэдгийг тодотгов. Тэрбээр үргэлжлүүлэн, Хойд Америк дахь манай гуравдагч хөрш орон болох Канад Улс нь уул уурхай, эдийн засаг, аж үйлдвэрлэлийн салбарын түнш төдийгүй сайн засаглалыг бэхжүүлэх, парламентын ардчиллыг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйг онцоллоо. 


Түүнчлэн ардчилсан институцийг бэхжүүлэхийн тулд бодлогын залгамж халаа, системийн тогтвортой байдал чухал ач холбогдолтойг тодотгоод, тус нийгэмлэгээр дамжуулан үе үеийн парламентчид салбар бүрийн мэдлэг, туршлагаа солилцож, хамтын ажиллагааны хүрээгээ гадаад улс орнуудад улам бүр тэлж буйд баяртай байгаагаа илэрхийллээ.

“Канад Улсын үе үеийн парламентын гишүүдийн нийгэмлэг”-ийн Нарийн бичгийн дарга Браён Вилферт, Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг тууштай дээдлэн, эрх зүйт засаглалыг бэхжүүлэн хөгжүүлж буйг сайшаан тэмдэглэхийн сацуу нийгмийн хөгжлийн илүү өргөн боломж, санаачилгуудыг бодитоор хэрэгжүүлэхэд дэмжин ажиллахаа дурдав. 


Уулзалтад оролцогчид хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжин буйг тодотгоод, шинээр бүрдсэн парламентын эрх зүйн шинэчлэлийн тэргүүлэх чиглэлүүдийн хүрээнд онцлох үзэл баримтлалуудыг хэлэлцсэн юм. Энэ үеэр талууд монголын үе үеийн парламентын гишүүдийн оролцоо, санаачилгад тулгуурлан ижил чиг үүрэг бүхий сайн дурын нийгэмлэг байгуулах талаар харилцан санал солилцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл