“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай/Шинэчилсэн найруулга/, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой. Тухайлбал, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн зорилт нь эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах, хадгалах, түгээх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эдгээрт хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Энэ хууль олон улсын стандартын шаардлагыг хангасан эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, худалдах, түгээх, хэрэглэх, хянах үйл ажиллагаанд орчин үеийн технологи болон зохистой дадлын стандартыг нэвтрүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд өргөнөөр ашиглаж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, нийлүүлэлт, засвар үйлчилгээ, ханган нийлүүлэлттэй холбогдсон харилцааг цогцоор нь зохицуулна.
Мөн эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, үйлчлэлийн идэвх, эмнэлзүйн судалгаа хийх, зах зээлд гаргах, эм, эмнэлгийн хэрэгслийн зар сурталчилгаа явуулах эрх олгохтой холбогдсон харилцааг тус хуулиар зохицуулна. Хүн амын дунд эмийн зохистой хэрэглээг нэвтрүүлэх, төлөвшүүлэхэд эмч, эмч зүйч, жор баригчийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, эм, биобэлдмэлийн гаж нөлөө, сөрөг урвал лабораториор шинжлүүлэн хэрэглэх заавар, гарын авлагыг иргэдэд хүртээмжтэй хэлбэрээр түгээх, сургалт, сурталчилгаа зохион байгуулахыг хуульчиллаа. Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх орон тооны бус Эмийн эмчилгээний хороог тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай эмнэлэг, амаржих газар, нэгдсэн эмнэлэг болон хэвтэн эмчлүүлэх ор бүхий хувийн хэвшлийн эмнэлгийн дэргэд ажиллуулна. Уг хороо нь эмнэлгийн тусламж, үйлчилгээнд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмийн сонголт, чанар, аюулгүй байдал, хэрэглээ, хүртээмжид хяналт тавих, үйлчлэлийн идэвх тодорхойлох үүрэг хүлээнэ. Мөн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Мэргэжлийн салбар зөвлөл Эмийн эмчилгээний хороотой хамтран эмийн үндэсний лавлахыг олон улсын эмнэлзүйн удирдамж, заавар, нотолгоонд суурилсан мэдээлэлд үндэслэн боловсруулах бөгөөд эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хянан баталгаажуулж цахим хэлбэрээр гаргахаар хуульд тусгасан. Энэ хуулиар эмнэлгийн хэрэгслийн хангамж, үнийн цахим мэдээллийн нэгдсэн сантай болгосноор эмийн үнийн ил тод байдлыг хангах, эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, өрсөлдөөнийг дэмжих, төрөөс эм, эмнэлгийн хэрэгслийн үнэд хяналт тавихад ач холбогдолтой юм.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар тус хуульд “Хэлэлцэн шийдвэрлэх хугацааг нь хуульд тусгайлан заасан асуудлыг Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн жилийн хаврын чуулганаар хэлэлцэн шийдвэрлээгүй бол шинээр бүрдсэн Улсын Их Хурал тухайн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно.” гэсэн агуулгатай хэсэг нэмсэн байна.
Түүнчлэн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн тус дугаарт “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай”, “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, “Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийн тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолууд болон “Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг тус тус нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой. Тухайлбал, “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Үүнд: 1/Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод заасан “Монголын уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулан хөгжүүлж экспортод гарах гарцыг дэмжин брэнд болгох” заалтыг үе шаттайгаар хэрэгжүүлэх; 2/уламжлалт эмийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах; 3/уламжлалт эм, биобэлдмэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, экспортыг дэмжих зорилгоор шинжлэх ухаан, технологийн төсөл, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх; 4/уламжлалт эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлд ашиглах түүхий эд, сав, баглаа боодол, тоног төхөөрөмжид татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг бодлогоор дэмжих;
5/үндэсний түвшинд био-эквивалент чанарын судалгаа хийх чадавх бүрдүүлэх зорилгоор Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.7, 15.1.11, 15.1.13-т заасан байгууллагыг лабораторийн тоног төхөөрөмж, урвалж бодисоор хангах, хүний нөөцийг сургаж бэлтгэхэд шаардагдах санхүүжилтийг улсын төсөвт жил бүр тусгаж, 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн шийдвэрлэсэн байх; 6/Хууль тогтоомжийн тухай хуулийн 46.3-т заасны дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг нийт хүн ам, эрүүл мэндийн ажилтнуудад сурталчлан таниулах, түүнд шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэх.
Харин “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолуудаар Улсын Их Хурлын гишүүн Батмөнхийн Батцэцэг, Ухнаагийн Отгонбаяр нарыг Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, Сүрэнжавын Лүндэгийг Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны, Батжаргалын Заяабал, Болдын Уянга нарыг Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны, Болдын Жавхланг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Дамдинсүрэнгийн Жаргалсайхан, Сүрэнжавын Лүндэг, Болдын Уянга нарыг Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны, Болдын Жавхланг Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны, Бат-Өлзийн Бат-Эрдэнийг Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны, Батмөнхийн Батцэцэг, Жамбалын Ганбаатар нарыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны, Батжаргалын Заяабал, Ухнаагийн Отгонбаяр нарыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны, Хассуурийн Ганхуягийг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталсан байна. Мөн Монгол Улсын Их Хурлын гишүүн Оюунсайханы Алтангэрэлийг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Очирбатын Амгаланбаатарыг Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, Хишигдэмбэрэлийн Тэмүүжинг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлж, Монгол Улсын Их Хурлын гишүүн Оюунсайханы Алтангэрэлийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Очирбатын Амгаланбаатар, Хишигдэмбэрэлийн Тэмүүжин нарыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээр тус тус баталсан.
“Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийн тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.