Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 32 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт  Конвенц соёрхон батлах тухай, Конвенцын хавсралт соёрхон батлах тухай, Биеийн тамир, спортын тухай/Шинэчилсэн найруулга/, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай,  Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай Монгол Улсын хуулиуд болон Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай ЮНИДРУА-ийн конвенц, Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенцын xv хавсралтыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Конвенц соёрхон батлах тухай Монгол Улсын хуулиар Бүгд Найрамдах Итали Улсын нийслэл Ром хотноо 1995 оны 06 дугаар сарын 24-ний өдөр баталсан “Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” ЮНИДРУА /Хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэн/-ийн конвенцыг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсан байна. Энэхүү конвенц нь хулгайлагдсан, хууль бусаар хилээр нэвтрүүлсэн эд зүйлийг нэхэмжлэх хугацаа, уугуул оршин суугчдын соёлын эд зүйлийг өмчлөх эрх, нөхөн төлбөрийн нөхцөл, конвенцын зорилгыг хэрэглэхгүй байх нөхцөл, өмчлөх эрхийг тогтоох үйл ажиллагаа зэрэг зохицуулалтыг ЮНЕСКО-ийн 1970 оны “Соёлын үнэт зүйлийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай” конвенцод тусгагдаагүй зарим асуудлыг нарийвчлан зохицуулснаар оролцогч талуудыг соёлын эд зүйлийн хууль бус эргэлтээс сэргийлэх, тэмцэх, хор уршгийг арилгахад чухал нөлөөтэй юм. Харин Конвенцын хавсралт соёрхон батлах тухай  Монгол Улсын хуулиар “Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенцын XV хавсралт”-ыг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсан ба НҮБ-ын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхий тухай конвенцын XV хавсралтад төрөлжсөн байгууллагуудын албан хэрэгцээнд ашиглахаар импортлох буюу экспортын эд зүйлсийн хувьд шууд татвар, гаалийн татвар болон импорт, экспортын хязгаарлалтаас чөлөөлөх, тухайн байгууллагын чиг үүргийн хүрээнд албан тушаалын дагуу хэлсэн, бичсэн үг, үйлдлийн хувьд эрх зүйн ажиллагаанаас чөлөөлөх, тухайн байгууллагын эд хөрөнгө халдашгүй байх зэрэг эрх ямба, дархан эрх багтдаг байна.

Биеийн тамир, спортын тухай/Шинэчилсэн найруулга/ хуулийн зорилт нь биеийн тамир, спортоор дамжуулан сэтгэл, оюуны болон бие бялдрын боловсрол олгох, идэвхтэй хөдөлгөөн, амьдралын зөв дадал хэвшлийг дэмжих, биеийн тамир, спортын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Энэхүү хууль батлагдсанаар биеийн тамир, спортын салбарт тулгамдсан дээрх олон асуудлууд шийдвэрлэгдэж, биеийн тамир, спортоор дамжуулан бие бялдрын төдийгүй, сэтгэл оюуны боловсрол олгож, зөв дадал хэвшлийг дэмжих, биеийн тамир, спортын удирдлага, зохион байгуулалт, түүний үйл ажиллагаа болон хувь хүний өөрийн эрүүл мэндээ сахин хамгаалах үүрэг оролцоог нэмэгдүүлэх, биеийн тамир, спортоор тогтмол хичээллэгч иргэдийн тоог нэмэгдүүлэх, хичээллэх орчин нөхцөлийг сайжруулах, спортын анагаах ухааныг хөгжүүлэх, биеийн тамир, спортын байгууллагын ажилчдын нийгмийн баталгааг хангах, татвар, төсөв, санхүүгийн тусламж, дэмжлэгийн талаарх эрх зүйн орчныг сайжруулах ач холбогдолтой юм. Хуулийн шинэчилсэн найруулгад дараах онцлог зохицуулалтыг нэмж тусгажээ. Үүнд:1/Иргэн, гэр бүлийн эрхэмлэх зүйлд иргэн бүр эрүүл мэндээ хамгаалах, өөрийн бие бялдар, хүсэл сонирхолд нийцсэн биеийн тамир, спортоор хичээллэх, спортын тэмцээн, наадамд оролцох, амралт чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлэх, гэр бүлийн орчинд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх журамт үүрэгтэй хэдий ч хүүхдийн спортын авьяасыг бага наснаас нь илрүүлэх, ур чадварыг хөгжүүлэх, сэтгэл, оюуны төлөвшил болон бие бялдрын хөгжилд байнга анхаарч, дэмжлэг үзүүлэх, биеийн тамир, спортоор хичээллүүлэх, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжин өөрөө үлгэрлэх, урамшуулах, зөв арга барил, дадал чадварыг эзэмшүүлэх; 2/Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага биеийн тамир, спортоор дамжуулан сэтгэл, оюуны болон бие бялдрын боловсрол олгох, идэвхтэй хөдөлгөөний амьдралын дадал хэвшилтэй иргэн бэлтгэх зорилгыг агуулсан ердийн болон эмчилгээний биеийн тамирын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, боловсролын сургалтын байгууллага үндэсний стандартад нийцсэн биеийн тамир, спортын заал, талбай, хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байх, хичээлээс бусад биеийн тамир, спортын сургалтыг секц, дугуйлангийн хэлбэрээр зохион байгуулж, шаардлагатай хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгаж, хэрэгжүүлэх, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүний эрүүл мэндийг хамгаалах, бие бялдрыг хөгжүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлыг олон нийтэд мэдээлэх, сурталчлах талаар биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах; 3/ Спортын тамирчид, дасгалжуулагч, шүүгч, ажилтан, арга зүйч нь оюун ухаан, бие бялдар, ёс суртахууны зөв хандлагатай бүтээлч иргэн, идэвхтэй амьдралын дадал хэвшилтэй гэр бүлийг төлөвшүүлэхэд ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин мөрдөх, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдлыг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэдэх Ёс зүйн зөвлөл хэлэлцэн шийдвэрлэж, ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд мөнгөн шагнал, урамшуулал олгохыг түр түдгэлзүүлэх шийдвэрийг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргах; 4/ Биеийн тамир, спортын үйл ажиллагааны хүрээнд Спортын холбоо ёс зүйтэй, хүмүүнлэг, бүтээлч, эрүүл чийрэг иргэн бэлтгэх, эерэг хандлага түгээх зорилгоор тухайн спортын төрлийг дэлгэрүүлэхэд чиглэсэн тодорхой хөтөлбөрийн дагуу бодитой, байнгын үйл ажиллагаа эрхлэн, улсын болон олон улсын тэмцээнд оролцох, зохион байгуулах, сургалтын ажил эрхэлж, спортын холбоог нэгдсэн бүртгэлд хамруулж, төрийн зарим чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр өөрчлөн найруулж, мөн спортын холбоод тамирчин, шүүгчид спортын зэрэг, цол олгох, бууруулах, хасах эрхтэй байх; 5/Спортын тэмцээн болон бэлтгэлийн явцад багш, дасгалжуулагч, зохион байгуулагч, спортын холбоо, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учрахаас урьдчилан сэргийлэх, гэнэтийн ослын даатгалд хамруулах, аюулгүй байдлыг хангах, тэмцээний үед болон бэлтгэлийн явцад хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учрах нөхцөл байдал үүссэн тохиолдолд хүүхдийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд даруй хамруулах үүрэгтэй байх;  6/Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Биеийн тамир, спортын тухай хуульд допингийн эсрэг үйл ажиллагааны талаар эрх зүйн зохицуулалт нь хязгаарлагдмал учраас Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгай бүлэг болгон допингийн эсрэг үйл ажиллагаа, Допингийн эсрэг үндэсний тогтолцоог бий болгон Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенцын дагуу хүлээсэн үүргээ Допингийн эсрэг үндэсний зөвлөлөөр төлөөлүүлэн хэрэгжүүлэх, мөн допингтой холбоотой аливаа маргааныг олон улсын болон үндэсний спортын арбитрын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий байгууллага хэрэгжүүлэх; 7/Хөгжлийн бэрхшээлтэй хүний биеийн тамир, спортын үйл ажиллагаанд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасны дагуу дэмжлэг үзүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүний идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх, спортын тэмцээн, наадамд оролцоход төрийн байгууллага, спортын холбоо, спорт клуб дэмжлэг үзүүлж ажиллах, мөн аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан ажилтантай байх; 8/Биеийн тамир, спортын ажилтан, арга зүйч, тамирчин,  дасгалжуулагч нь хөдөлмөрийн хүнд нөхцөл, мэргэжлийн онцлог, ажил үүрэгтээ тохирсон цалин авахаас гадна тухайн нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдал, долоо хоногийн амралтын өдөр ажиллаж, нөхөн амруулаагүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу нэмэгдэл цалин хөлс, бусад урамшуулал, дэмжлэг авах, мөн ажилтны тогтвор суурьшилтай ажиллах, нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор тухайн нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдлыг харгалзан орон нутгийн өмчийн биеийн тамир, спортын байгууллагын биеийн тамир спортын ажилтан, арга зүйч, дасгалжуулагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох; 9/Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Засаг даргатай зөвшилцөн аймаг, нийслэлийн биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын даргыг томилж, чөлөөлөх, аймаг, дүүргийн биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга нь орон тооны биеийн тамирын арга зүйчийг сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлөх  зэрэг ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл