“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Конвенц соёрхон батлах тухай, Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулиуд болон Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Конвенц соёрхон батлах тухай Монгол Улсын хуулиар Европын зөвлөлөөс Страсбург хотноо 1959 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсан. Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенц нь гишүүн улсууд хооронд эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай хүсэлт гаргах нийтлэг үндэслэл, хүсэлтийг биелүүлэхээс татгалзах үндэслэл, конвенцод нэгдэн орсон талуудын харилцах журам, конвенцын үйлчлэх хүрээ, шүүхийн баримт бичиг гардуулан өгөх, гэрч, шинжээч, яллагдагчаас мэдүүлэг авах, тэдгээрийг дуудан ирүүлэх, хоригдож буй этгээдээс нотлох баримт гаргуулах буюу мөрдөн байцаалтад байлцуулахаар ирүүлэх, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан мэдээлэл солилцох, шийтгэх тогтоол болон түүний дагуу авсан арга хэмжээний талаар мэдээлэл солилцох зэрэг зохицуулалтыг багтаасан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай хоёр талт гэрээ байгуулаагүй баруун Европын улсуудтай зөвхөн олон талт олон улсын гэрээнд заасан тодорхой гэмт хэргийн талаар эрх зүйн туслалцаа хүсэх боломжтой байсан. Конвенцод нэгдэн орсноор Монгол Улс конвенцын гишүүн бүх улстай эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх эрх зүйн орчин бүрдэж, гишүүн улсуудын нутаг дэвсгэрт мөрдөн шалгах, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой зарим ажиллагааг гүйцэтгэх боломжтой болсоноор эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, өөрийн улсын иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.
Түүнчлэн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн тус дугаарт “Хуулийн төсөл буцаах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн ба тус тогтоолоор Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид нь буцаасан ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.