“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Хүүхэд хамгааллын тухай /Шинэчилсэн найруулга/, Хүүхэд хамгааллын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хууль зүйн туслалцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Конвенц соёрхон батлах тухай Монгол Улсын хуулиуд болон Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенцыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Хүүхэд хамгааллын тухай/Шинэчилсэн найруулга/ хуулийн зорилго нь хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, хүүхэд хамгаалалд оролцогч талуудын эрх, үүргийг тодорхойлох, хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх замаар хүүхдийн аюулгүй байдал, хүүхдийн хамгаалуулах эрх, хүүхдийн сайн сайхан байдлыг хангахад оршино. Энэхүү хууль батлагдсанаар дараах ач холбогдолтой. Үүнд:-Хүүхэд хамгааллын асуудлаарх төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг тодорхой болж, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд бүрд хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэх нөхцөл, боломжийг бүрдүүлнэ; -Хуульд хүүхэд хамгааллын үйлчилгээний түвшин, үйл явц, төрөл, хэлбэрийг тодорхойлж, хүүхэд хамгаалалд шаардагдах төсвийг тусгаснаар хүүхэд бүрд чанартай, хүртээмжтэй хүүхэд хамгааллын цогц үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. -Хүүхэд хамгааллын кейс менежментийн алхмыг тодорхойлж, мэргэжлийн удирдлагын чиг үүргийг хуульчилснаар хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээг цаг алдалгүй, үр дүнтэй хүргэх, хүүхдийн сайн сайхан байдлыг дэмжих, үр дүнг үнэлэх, хянах механизм сайжирна. -Магадлан итгэмжлэгдсэн, мэргэшсэн төрийн бус байгууллагаар хүүхэд хамгааллын үйлчилгээг хүүхдэд хүргэх, сум, хороонд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтантай болсноор хүүхэд хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилт анхан болон дунд шатанд сайжирч, хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэнэ. -Салбар бүр хүүхэд хамгааллын бодлоготой байхыг хуульчилж өгснөөр хүүхдийн эсрэг хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлага, хариуцлага нэмэгдэж, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч бүр ажилтныхаа хүүхдэд ээлтэй хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж, хүүхэд бүрд оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэж, хүүхдийн сайн сайхан байдлыг хангахад бодит хувь нэмрээ оруулах болно.
Харин Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенцод нэгдэн орсноор дээд боловсролын салбар дахь олон улсын харилцан ашигтай хамтын ажиллагаа бэхжиж, бүс нутгийн хоорондын санал, бодлого, инновац дэмжигдэх, дээд боловсролын байгууллага, тогтолцоонд чанарын баталгаажуулалтын тогтолцооны соёл төлөвших, уялдаа холбоо сайжрах, чадавх бэхжих юм. Түүнчлэн дээд боловсролын мэргэшлийг шударга, ил тод, ялгаварлан гадуурхалгүйгээр хүлээн зөвшөөрч, дээд боловсрол эзэмших боломжийг олгож, цаашид гадаад улсад суралцах, ажилд орох боломж олгодог нийтлэг зарчмууд хэрэгжихээс гадна зайны сургалтаар олж авсан иргэний мэргэшил, өмнө нь суралцсан, суралцах хугацааг хүлээн зөвшөөрөх, иргэд насан туршийн боловсрол, сургалтад хамрагдах боломж бүрдэх олон талын ач холбогдолтой.
Түүнчлэн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн тус дугаарт “Хуулийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн ба тус тогтоолоор Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улсын Их Хуралд Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онц байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид нь буцаасан ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.