“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай, Конвенц соёрхон батлах тухай Монгол Улсын хуулиуд болон Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенцыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зорилт нь мэргэжлийн нэгдсэн холбоог байгуулах, түүнд тавигдах шаардлага, эрх зүйн байдал, зохион байгуулалт, үйл ажиллагааг тодорхойлох, төрийн байгууллагатай хамтран ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Хуульд дараах онцлог зохицуулалтыг нэмж тусгажээ. Үүнд: -Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8.2-т заасан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-д хамаарах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн нэгдсэн холбоог энэ хуулиар зохицуулах бөгөөд энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Төрийн бус байгууллагын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулах; -“Мэргэжлийн холбоо” гэж салбар, эсхүл мэргэжлийн эрх ашгийг хамгаалах зорилгоор аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, тухайн салбарын мэргэжилтнээс бүрдэж байгуулагдсан холбоог, “мэргэжлийн нэгдсэн холбоо” гэж мэргэжлийн холбоодоос бүрдсэн гишүүнчлэл бүхий холбоо байхаар тодорхойлсон; -Мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулах, түүнд тавигдах шаардлагыг тодорхойлж, мэргэжлийн нэгдсэн холбоо нь тухайн салбарын мэргэжлийн холбоодын олонхоос бүрдэх бөгөөд тухайн салбарын зах зээл дэх үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын 50-аас дээш хувийг эзэлдэг мэргэжлийн холбоод байхаар, түүнчлэн мэргэжлийн холбоо нь тухайн салбарын олонхын төлөөлөл бүхий гишүүнчлэлтэй бол мэргэжлийн нэгдсэн холбооны чиг үүргийг хэрэгжүүлнэ;-Мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулагдсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлт хүргүүлэх бөгөөд уг холбоог бүртгэх, бүртгэхээс татгалзах нөхцөл, шаардлага, холбогдох баримт бичгийг нягтлан шалгана. -Мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа, зохион байгуулалт, гишүүнчлэл, чиг үүрэг, төрийн байгууллагатай хамтран ажиллах. Хууль батлагдсанаар эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбар ангилалд хамаарах салбар, дэд салбарын мэргэжлийн холбоодын эвлэлдэн нэгдэх, хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулах, салбарын бодлого, хууль тогтоомж, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх, хэрэгжүүлэх, хяналт тавих, хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлахад эдгээр холбоодын төлөөллийг оролцуулах, төрийн байгууллагын зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх, төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэлийг сайжруулах боломж бүрдэнэ. Түүнчлэн эдийн засгийн салбар дахь мэргэжлийн нэгдсэн холбоодыг улс төрөөс хамааралгүй мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, төрийн байгууллагатай хамтран ажиллах чиглэлийг тодорхой болгосноор эдгээр холбоодын ардчилал, төлөөллийн зарчмыг сайжруулах, тухайн салбар дахь хүнд суртал, авлигын индексыг бууруулахад ач холбогдолтой.
Конвенц соёрхон батлах тухай Монгол Улсын хуулиар “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенцыг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсан байна. Конвенцод нэгдэн орсноор татвар төлөхөөс зайлсхийх явдлын эсрэг ерөнхий дүрмийг нэвтрүүлэх, төлөөний газар, ногдол ашиг, хөрөнгийн татвартай холбоотойгоор давхар татварын гэрээ ашиглан татвараас зайлсхийх эрсдэлийг бууруулах, харилцан тохиролцох үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг олон өөрчлөлтийг Монгол Улсын бусад улсуудтай байгуулсан 26 давхар татварын гэрээнд нэвтрүүлэх боломж бүрдэх юм.
Түүнчлэн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн тус дугаарт “Хуулийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн ба тус тогтоолоор Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид нь буцаасан ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.