Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 27 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Шинжлэх ухаан, технологийн тухай /Шинэчилсэн найруулга/, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Инновацын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Шинжлэх ухаан, технологийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, бодлого, төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалт, хувийн хэвшлийн оролцоо, төрийн дэмжлэг, хүний нөөцийн хөгжил, санхүүжилт, хөрөнгө оруулалтын эрх зүйн үндсийг тогтоохтой холбоотой дараах онцлог зохицуулалтыг  тусгасан. Үүнд: -Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны зарчмыг хүний амьдралын чанар, нийгэм, эдийн засгийн болон шинжлэх ухаан, технологийн хөгжил, үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн байхаар шинэчлэн томьёолсон; -Бүс, орон нутагт шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх бодлого, төлөвлөлт, шинжлэх ухаан технологийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох; -Шинжлэх ухаан, технологийн үндэсний тогтолцоо, удирдлага, зохион байгуулалт, шинжлэх ухаан, технологийн сангийн үйл ажиллагаатай холбоотой шинэчлэл, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлага, эрдэм шинжилгээний байгууллага, судалгаа хөгжүүлэлтийн төсөл, хөтөлбөрийн үнэлгээ, үр дүнгийн талаарх зохицуулалтыг тусгасан; -Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх төрийн дэмжлэг, хувийн хэвшлийн судалгаа хөгжүүлэлт, технологийг дэмжих, олон улсын хамтын ажиллагаа, соёлыг хөгжүүлэх зохицуулалтыг тусгасан; -Шинжлэх ухаан, технологийн хүний нөөцийг бэлтгэх, шинжлэх ухааны авьяастныг нээх, хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажилтан, түүний нийгмийн баталгааг хангах зохицуулалтыг тусгасан. -Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны санхүүжилт, хөрөнгө оруулалт, дэд бүтцийг өргөжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэр, санхүүжилтийн журам, захиалагч, гүйцэтгэгчийн эрх, үүргийн зохицуулалтыг тусгасан. Хууль батлагдсанаар шинжлэх ухаан, технологийн бодлого, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх чиглэлээр тусгасан зорилтууд үр дүнтэй хэрэгжих хууль, эрх зүйн орчин бүрдэж, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг, удирдлага, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа олон улсын жишигт нийцэж, нийгэм, эдийн засаг, хүний амьдралын чанарын үзүүлэлт дээшлэх юм. Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай”, “Монгол Улсын Их Хурлын дэд дарга нарыг сонгох тухай”, “Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай”, “Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын дэд дарга нарыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгээс нэр дэвшүүлсэн Улсын Их Хурлын гишүүн Хүрэлбаатарын Булгантуяа, Ардчилсан намын бүлгээс нэр дэвшүүлсэн Улсын Их Хурлын гишүүн Бөхчулууны Пүрэвдорж нарыг Монгол Улсын Их Хурлын дэд даргаар тус тус сонгосон. “Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороог Улсын Их Хурлын 23 гишүүний, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог Улсын Их Хурлын 19 гишүүний, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороог Улсын Их Хурлын 24 гишүүний, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороог Улсын Их Хурлын 16 гишүүний, Ёс зүй, дэгийн байнгын хороог Улсын Их Хурлын 14 гишүүний, Инновац, цахим бодлогын байнгын хороог Улсын Их Хурлын 16 гишүүний, Нийгмийн бодлогын байнгын хороог Улсын Их Хурлын 23 гишүүний, Төрийн байгуулалтын байнгын хороог Улсын Их Хурлын 25 гишүүний, Төсвийн байнгын хороог Улсын Их Хурлын 25 гишүүний, Хууль зүйн байнгын хороог Улсын Их Хурлын 21 гишүүний, Эдийн засгийн байнгын хороог Улсын Их Хурлын 25 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна. Харин “Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Ерөнхий сайдаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг томилжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл