Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 26 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Кино урлагийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Номын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,  Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай /Шинэчилсэн найруулга/, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын  тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хэлбэр, удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулж, дараах нөхцөлийг бүрдүүлэх юм.  Үүнд: -Үндэсний соёлын агуулгыг түгээх, соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх, соёлын салбарыг тэлэх, соёл урлагийг ойлгох дадал зуршлыг бий болгож, урлагт татагдах байдлыг дэмжих зорилгоор 16-18 насны Монгол Улсын иргэнд Соёлын эрхийн бичиг эзэмшүүлнэ; -Оюуны бүтээлийг хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэн, үр шимийг нь хүртэх нөхцөлийг бүрдүүлж, соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашиглах тохиолдол бүрийг бүртгэх, хянах систем, дэд бүтцийг нэвтрүүлнэ. Энэхүү тоног төхөөрөмжийг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбар тус бүрээр нэвтрүүлэх бөгөөд төрөөс нэг удаа дэмжлэг үзүүлнэ; -Нэвтрүүлсэн тоног төхөөрөмжийн системийг хөгжүүлэх зардлын дэмжлэгийг хамтын удирдлагын байгууллага, хуулийн этгээдийг сонгон шалгаруулсны үндсэн дээр таван жилийн хугацаанд үзүүлнэ; -Программ хангамжийн салбар нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дижитал шилжилтийн суурь болж байгаа тул соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, бүтээх, үйлдвэрлэхэд шаардлагатай технологийг шинээр нэвтрүүлэх, дамжуулах, хөгжүүлэх төсөлд төрөөс дэмжлэг үзүүлэх; -Төр, хувийн хэвшлийн түншлэлээр соёлын бүтээлч үйлдвэрлэлд хамаарах хөрөнгө оруулалт оруулах болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийн кластер, парк, цогцолбор, инкубатор байгуулан үйл ажиллагаагаараа хорших, төрөлжих, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд холбогдох төрийн байгууллага, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран ажиллах. -Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийг хуулийн этгээдийн улсын бүртгэл, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлд үндэслэн бүртгэн, төрөөс авсан дэмжлэгийг мэдээлж, ил тод байдлыг ханган ажиллана.

Түүнчлэн Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулга нь зэвсэгт хүчний болон цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнийг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулахтай холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд тухайн байгууллага тус бүрээр энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх төрлийг тодорхойлж, ажиллагаанд оролцогч цэргийн болон цагдаагийн алба хаагч, багийн нийтлэг үүргийг тусгасан. Хуульд энхийг дэмжих ажиллагааны удирдлага, зохион байгуулалтад Улсын Их Хурал, Засгийн газар, гадаад харилцаа, батлан хамгаалах, хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний болон Зэвсэгт хүчний жанжин штабын даргын, цагдаагийн төв байгууллагын даргын эрх, үүрэг, цэргийн болон цагдаагийн багийн захирагчийн нийтлэг үүргийг тус тус тодорхойлжээ. Энхийг дэмжих ажиллагаанд оролцохоор томилогдсон бие бүрэлдэхүүн нь сайн дурын үндсэн дээр сонгогдож, тухайн ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэлд бүрэн хамрагдсан байх ажээ.

Эмхэтгэлийн тус дугаарт  “Хуулийн төсөл буцаах тухай”,Монгол Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай”, “Монгол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн байна. Тухайлбал, “Хуулийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Их Хуралд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид нь буцаасан байна.  

Харин Монгол Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолоор 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр явуулсан Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнгээр Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон 126  гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн бол  “Монгол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Их Хурлын даргаар Улсын Их Хурлын гишүүн Дашзэгвийн Амарбаясгаланг сонгосон ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

                                                           

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл