Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 25 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт  Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд дотоодын аж ахуй нэгжээс нийтэд санал болгон үнэт цаас гаргах ажиллагаа хялбар, шуурхай болж, зохицуулагч болон арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлийн хоорондын уялдаа холбоо сайжран олон улсын жишигт нийцэх, санхүүгийн технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэмэгдэх, үнэт цаас гаргагч, андеррайтерийн компаниудын үүрэг оролцоо өсөх, үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоо, төвлөрсөн болон тухайлсан бүртгэлтэй холбоотой зохицуулалт боловсронгуй болох, хамтын ХОС-уудын оролцоо сайжирч, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын бааз суурь нэмэгдэх боломж бүрдэх, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зэрэг олон эерэг нөлөө хөрөнгийн зах зээлд бий болох суурь нөхцөлийг бүрдүүлэх заалтуудыг тусгасан байна. Мөн хөрөнгийн зах зээл дээр томоохон аж ахуйн нэгжүүд нээлттэй компани болох, олон улсын чанартай сайн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах боломж нэмэгдэж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарын оролцоог нэмэгдүүлж, хөрөнгийн зах зээлийн нийт эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх заалтууд тусжээ. Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудад алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбарт тав ба түүнээс дээш жилийн хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батлах, цэргийн алба хаагчид хууль тогтоомжид заасан ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд аливаа дарамт, шахалт үзүүлэх, ялгаварлан гадуурхахыг хориглох, дотоод, гадаадын цэргийн болон цагдаагийн сургуульд суралцаж байгаа сонсогч, суралцагчид цалин хөлс олгох журмыг батлан хамгаалах, хил хамгаалалтын, онцгой байдлын, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батлах, цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахаас өмнө Монгол Улсын хилийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр мөнгөн урамшуулал авсан цэргийн алба хаагчид дээрх хуулийн дагуу мөнгөн урамшууллыг үргэлжлүүлэн олгохдоо тухайн алба хаагчийн хамгийн сүүлд мөнгөн урамшуулал авсан хугацааг харгалзан тооцож олгох зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

Харин Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар цэргийн алба хаагч хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөх, гэмт хэргийг таслан зогсоох, онц байдлын үед нас барсан бол гэр бүлийн гишүүнд олгох тэжээгчээ алдсаны тэтгэврийг хүүхэд, хөдөлмөрийн чадваргүй хүний тооноос үл хамааран түүний авч байсан сарын дундаж цалин хөлснөөс 100 хувиар тооцож олгох зохицуулалтыг хуульд нэмж тусгасан бөгөөд дээрх шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэж яваад цэргийн алба хаагч нас барсан бол түүний гэр бүлд 80 метр квадратаас доошгүй талбай бүхий орон сууцыг нэг удаа олгох бөгөөд орон сууцны үнийн дүнгийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар хуульчилсан.

Түүнчлэн Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулиар Шинэ Зуунмод хот нь хуулиар тусгайлан тогтоосон чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалт, эдийн засагтай, нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэхэд стратегийн ач холбогдол бүхий Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дагуул хот байх бөгөөд Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах ба хотын эдэлбэр газрын хэмжээг Монгол Улсын Их Хурал тогтоохоор хуульчлав. Шинэ Зуунмод хотын удирдлага, зохион байгуулалтын хүрээнд Шинэ Зуунмод хотын удирдлагын тогтолцоо нь хотын Зөвлөл, хотын Захирагч, хотын ерөнхий архитектороос бүрдэх ба сонгуулийн журмаар байгуулагддаг байх зарчим баримтлах, Шинэ Зуунмод хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого тодорхойлох, хотын чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх үүргийг Шинэ Зуунмод хотын Зөвлөл хэрэгжүүлэх ба хотын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж зохион байгуулах үүргийг хотын Захирагч, хот байгуулалт, газар зохион байгуулалт, төлөвлөлт, хөгжүүлэлтийн чиг үүргийг хотын ерөнхий архитектор хэрэгжүүлэх зэрэг зохицуулалтыг тусгажээ.  

Эмхэтгэлийн тус дугаарт “Хуулийн төсөл буцаах тухай”, “Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 02 дугаар дүгнэлтийн тухай”, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Хот байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолууд болон “Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтын зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, “Хуулийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор  Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улсын Их Хуралд Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татвараас хөнгөлөх тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх тухай хуулийн төслүүдийг буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид нь буцаасан байна.

Харин “Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын тогтоолоор  Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Цагдаагийн албан хаагчид … дараахь зүйлийг хориглоно.” гээд 69.1.8 дахь заалтад “нам, үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, албаны бие бүрэлдэхүүний дотор аль нэг нам, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа, улс төрийн үзэл баримтлалыг сурталчлах, дэмжлэг үзүүлэх;” гэж заасны “..., үйлдвэрчний эвлэлийн ..., үйлдвэрчний эвлэлийн ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол...-ын үүднээс ... олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ...” гэснийг зөрчсөн байна” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна.

Мөн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолоор Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн иргэдийн хотын нийтийн аж ахуйн үйлчилгээ, төрийн үйлчилгээ авах эрхийг хангах арга хэмжээ авах, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулиар төрөөс үзүүлэх дэмжлэгийг тогтоосонтой холбогдуулан хотын бүтээн байгуулалтын хугацаанд буюу 2040 он хүртэл инженерийн болон нийгмийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт, төрийн байгууллагуудыг үе шаттай нүүлгэн шилжүүлэх зардлын төсвийг жил бүр улсын төсөвт тусгаж батлуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан байна. Харин “Хот байгуулах тухай” тогтоолоор Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл, хүрээлэн байгаа орчинд үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах, олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн эдийн засгийн тодорхой салбаруудыг хөгжлийн бодлогод нийцүүлэн хөгжүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, үйлдвэрлэл, тээвэр логистик, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт нийслэлийн дагуул хот “Шинэ Зуунмод” хотыг байгуулах, Шинэ Зуунмод хотын эдэлбэр газрын хэмжээг 31501.3 га-аар тогтоож, эдэлбэр газрын хил заагийг хавсралтаар батлахаар тогтоосон ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл