Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 24 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Малчны тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт  оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Хоршооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай /Шинэчилсэн найруулга/, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төмөр замын тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Радио долгионы тухай хуульд нэмэлт оруулах тухай, Геодези, зураг зүйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрдэнэсийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Төрийн ордны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой. Тухайлбал, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиудаар гепатитын D вирусийн эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортоор оруулж байгаа Булевиртид эмийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн  албан татвараас чөлөөлсөн байна. Малчны тухай хуульд мал аж ахуйн салбарыг байгаль цаг уурын өөрчлөлтөд дасан зохицож эрсдэл даах чадавхыг бүрдүүлэх, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо, боловсруулалтын түвшинг ахиулах цогц бодлогыг хэрэгжүүлэх, малчны мал аж ахуйн үйлдвэрлэлээ тогтвортой эрхлэх суурь нөхцөл, байгалийн нөөц, бэлчээр ашиглах эрхийг баталгаажуулах, малчин болон мал аж ахуйн үйлдвэрлэлд цахим шилжилтийг нэвтрүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн, хөрөнгө оруулалт, хөгжлийн зээл, дэмжлэг, санхүүгийн үйлчилгээнд хамруулж, дэмжлэг үзүүлэх, малчдын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор орон сууцны ипотекийн хөтөлбөрт хамруулах, зээлийн хөнгөлөлт үзүүлэх, малчнаар 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл бэлчээр судлалын чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй суралцуулах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдах хүсэлт гаргасан малчныг холбогдох хууль тогтоомжийн дагуу жил бүр үнэ төлбөргүй хамруулах, гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас малчин нь ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 48 сараар тооцож, түүнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь Засгийн газрын нөөц сангаас олгох, өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх асуудлыг 2026 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд төлөх зэрэг асуудлыг тусгасан. Харин Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль нь малчин, мал, бэлчээрийн харилцан шүтэлцээнд тулгуурлан бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт соёлыг хадгалах, малчдын хамтын менежментийг төлөвшүүлж, нийтлэг эрх ашгийг хамгаалах, байгалийн нөөц, бэлчээрийг даацад нь тохируулан зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, малын чанар, ашиг шимийг сайжруулах замаар малчдын амьжиргааг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой ажээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “Шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх” асуудлыг зохицуулсан бөгөөд төрийн нууцад хамаарах хэрэг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд хаалттай явуулахаар тусгайлан зааснаас бусад шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаан нээлттэй байх, шүүх хуралдааныг нээлттэй явуулах, шүүхийн цахим хуудас, эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эсхүл олон нийтийн цахим сүлжээгээр энэ хууль болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайлсан хуульд заасны дагуу шууд дамжуулах, эсхүл олон нийтэд дуу-дүрсний бичлэгээр хүргэх, хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын гаргасан гомдол, нэхэмжлэл, тайлбар, хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрийг сонирхогч этгээд биечлэн болон цахимаар танилцах, нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн цахим хуудаст, эсхүл шүүхийн нээлттэй бусад цахим платформд заавал байршуулж олон нийт бодит мэдээллийг цаг тухайд нь, шуурхай авах зэрэг боломжоор хангагдана.

Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулснаар Засгийн газрын эдийн засаг, төсвийн төсөөлөл, гүйцэтгэлд үнэлэлт, дүгнэлт өгөх үүргээ Төсвийн тогтвортой байдлын зөвлөл биелүүлэх, мөн үүний зэрэгцээ зөвлөл үйл ажиллагаагаа бие даасан, хараат бус, ил тод, хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх боломж бүрдэх ажээ.

Харин Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль нь хоёр зүйлтэй бөгөөд 13 дугаар зүйлд заасны дагуу Төрийн далбааг Монгол Улсын Төрийн ордон, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөө, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын албан ажлын байр, Монгол Улсаас гадаад улс, олон улсын байгууллагад суугаа дипломат болон худалдааны бүрэн эрхт төлөөлөгч, консулын газрын байранд байнга мандуулахаар, мөн зүйлийн 2 дахь хэсэгт Төрийн далбааг түр хугацаагаар мандуулахаар заасан бөгөөд энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад газарт  Төрийн  далбаа байнга мандуулах байршлыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтоож  байхаар 13 дугаар зүйлд 5 дахь хэсэг нэмэлтээр оруулав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор төрийн далбааг иргэн, хуулийн этгээдэд хүндэтгэлтэйгээр гардуулан өгөхөөр тус хуулийн 141 дүгээр зүйлд 2 дахь хэсэг гэж нэмж тусгалаа.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд жороо морины уралдаанд морио уяж, уралдуулсан уяачийн амжилт нь хурдан морины уяачид олгодог цолны болзол, шаардлагыг хангасан тохиолдолд тухайн уяачид хуульд заасан сум, аймаг, улсын алдарт уяач, улсын манлай, тод манлай уяач цолыг олгох зохицуулалтыг тусгасан.

Харин Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үндсэн зорилго нь Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой хүндрэл бэрхшээлийг арилгах, төрийн тусгай хамгаалалтын зорилго, хамрах хүрээг Монгол Улсын Үндсэн хууль болон Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн оновчтой тогтоож, төрийн тусгай хамгаалалтын байгууллагын чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалтыг эрх зүйн зохицуулалтыг шинэчилж, албан хаагчид тавих мэргэжлийн чадвар, шаардлага, хариуцлагыг өндөржүүлэх, эрх зүйн баталгааг бүрдүүлэх юм.

Эмхэтгэлийн тус дугаарт “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай”, “Хуулийн төсөл буцаах тухай”, Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай”, “Тогтоолд нэмэлт оруулах тухай”, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай”, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай”, “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн  дүрэм батлах тухай”, “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой. Тухайлбал, “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Их Хурлын тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ыг, 2 дугаар хавсралтаар “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшин”-ийг тус тус баталсан. “Хуулийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид буцаасан байна.

Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” тогтоолын хавсралтаар “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, “Цагаан алт” хөдөлгөөнийг өрнүүлж, хөнгөн үйлдвэрлэлд хамаарах салбар, оролцогчдын эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж, үйлдвэрлэл эрхлэгчийг дэмжих, хөгжүүлэх, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулсан Хөнгөн үйлдвэрлэлийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зэрэг  арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан байна.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн  дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтаар баталсан тус дүрмийн зорилго нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн чиг үүрэг, бүрэн эрх, зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны зарчмыг тодорхойлж, төсвийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр холбогдох байгууллага, олон нийттэй харилцах харилцааг зохицуулахад орших ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл