Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 23 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн зарим хэсэг  хүчингүй болсонд тооцох тухай, Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай /Шинэчилсэн найруулга/, Ургамал хамгааллын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухайхуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай /Шинэчилсэн найруулга/, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хууль  /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хууль нь тухайн төсвийн жилийн хүлээгдэж байгаа макро эдийн засгийн болон төсвийн гүйцэтгэлийн төлөв, дунд хугацааны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн төсөөлөлд суурилсан төсвийн бодлогын эрх зүйн үндэс болох бөгөөд 2025 оны төсвийн төслийг боловсруулах үндсэн баримт бичиг болох юм. Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Зөрчлийн тухай хуульд дараах агуулгатай  хэсэг нэмсэн байна. Үүнд:-Нам, эвслийн дарга, нэр дэвшигч оролцсон хуульд зөвшөөрснөөс бусад хэлбэрийн бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, дуу, ярилцлагыг сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал хугацааны дотор нэвтрүүлсэн бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно; -Хүүхдэд зориулсан нэвтрүүлэг дундуур сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлсэн бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно;-Нэгээс илүү сувагтай радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийг нэгээс илүү сувгаар нэвтрүүлсэн бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Харин Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад дараах зохицуулалтыг тусгасан байна. Үүнд:-Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгаалалтай холбоотой зарим нэр томьёог Ургамал хамгааллын олон улсын конвенц, холбогдох стандартад нийцүүлэн тодорхойлсон; -Олон улсын ургамал хамгааллын конвенцоор хүлээсэн үүргийн дагуу хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг шинээр байгуулна; -2023 онд батлагдсан Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гадаад орны ургамлын хорио цээрийн хяналтын байгууллагатай ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний эрүүл мэнд, хорио цээрийн нөхцөлийг тохиролцох, гэрчилгээ олгох чиг үүргийг гаалийн байгууллагаас хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулагад шилжүүлэхээр тусгасан-Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд хөнөөл учруулдаг хөнөөлт организмыг эдийн засгийн хөнөөлийн түвшнээс нь хамааран хорио цээртэй хөнөөлт организм болон зохицуулалттай хорио цээргүй хөнөөлт организм гэж ангилан тэдгээрийн жагсаалтыг ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална; -Хорио цээртэй хөнөөлт организмын жагсаалтад тухайн хөнөөлт организм нь гоц хөнөөлтэй эсэхийг тэмдэглэх бөгөөд гоц хөнөөлт организм тус бүрээр бэлэн байдлын төлөвлөгөөг хүнс, хөдөө аж ахуйн болон онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална. Дээрх төлөвлөгөөнд нийцүүлэн нарийвчилсан төлөвлөгөөг ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага баталж, харьяалах аймаг, нийслэлийн Засаг даргаар дамжуулан холбогдох этгээдэд хүргүүлнэ; -Хорио цээртэй хөнөөлт организм илэрсэн тохиолдолд тархахаас сэргийлэх зорилгоор хэрэгжүүлэх арга хэмжээ, голомтийн бүсийн хилийн зааг болон хорио цээрийг тогтоох, сунгах, цуцлах, нийтэд зарлан мэдээлэх этгээд, хөнөөлт организмын төрөлд тохируулан ариутгал, халдваргүйжүүлэлт, устгал хийх асуудлыг зохицуулах; -Олон улсын нэр томьёотой нийцүүлэн ургамал хамгааллын бүтээгдэхүүн гэсэн зүйлийг хуульд шинээр нэмсэн бөгөөд ургамал хамгааллын бүтээгдэхүүнийг импортлох, худалдаалах тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулах.

Мөн ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүргийг тус тусад нь тусгасан бөгөөд Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний байгууллагын бүрэн эрхийг шинээр зүйл болгон нэмсэн байна.

Түүнчлэн Шүүх байгуулах тухай шинэчилсэн найруулгад дараах зохицуулалтыг тусгасан байна. Үүнд:- нутаг дэвсгэрийн алслагдмал байдлыг харгалзан Багануур дүүргийн Эрүүгийн болон Иргэний хэргийн анхан шатны шүүхийн одоогийн зохион байгуулалтыг хэвээр үлдээх; -мөрдөн шалгах ажиллагаан дахь шүүхийн хяналтыг сайжруулах, хүний эрхийг хамгаалах асуудлыг шийдвэрлэх хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тусгай процессоор хэрэгждэг тодорхой ажиллагаануудыг болон бага үнийн дүнтэй иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх хялбар ажиллагааны төрлөөр дагнасан шүүхийг ерөнхий харьяаллын шүүхээс тусад нь байгуулж, ингэхдээ нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэмжээнд нэг шүүх байгуулахаар болон энэхүү шүүхийн хянан шийдвэрлэх хэргийн харьяалалд нийслэлийн дүүргүүдийн хэмжээнд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эрүүгийн хэрэг, зөрчлийн хэрэг болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тусгай процессоор хэрэгждэг тодорхой ажиллагаанууд болох баривчлах, цагдан хорих зэрэг ажиллагаанд зөвшөөрөл олгох, хамтран ажиллах этгээдээр тогтоох, гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх ажиллагаа болон бага үнийн дүнтэй иргэний хэргийг шийдвэрлэх ажиллагаа хамаарна; -гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийг зөвхөн нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэмжээнд нэг байхаар байгуулж, Улаанбаатар хотод байршуулах; -аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн 21 шүүх, сум дундын иргэний хэргийн 21 шүүхийг нэгтгэн аймаг дахь сум дундын анхан шатны 21 шүүх болгон өөрчлөн байгуулах; -Сум дахь сум дундын найман шүүхийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг хэвээр үлдээх.

Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам батлах тухай”, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай”, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай”, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай”, “Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох тухай”, “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай, “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”, “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай”, “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”, ““Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам”-ыг 1 дүгээр, “Нэгжийн өөрчлөлтийн төслийн үндсэн мэдээлэл”-ийг 2 дугаар, “Саналын хуудас”-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсан байна. “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолуудаар Монгол Улсын Их Хурлын санал болгосноор Цэдэвийн Цолмонг,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Бямбадоржийн Болдбаатар, Рагчаагийн Батрагчааг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр тус тус томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Шилагарьдын Солонго болон Батсүхийн Буяндэлгэр,  Гомбожавын Туулхүү нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс тус тус чөлөөлжээ. Харин “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай”, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолуудаар “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 18 дугаар тогтоолын хавсралтын Улсын ерөнхий прокурорын гэсэн баганын, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 19 дүгээр тогтоолын хавсралтын Төрийн албаны зөвлөлтэй холбогдох хэсэгт тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.  Мөн “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтаар Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүний албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг баталсантай дэлгэрэнгүй танилцах боломжтой юм.

“Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох тухай” тогтоолоор Дэлэгийн Загджавыг Монгол Улсын Ерөнхий аудитороор өмнөх албан тушаалтны бүрэн эрхийн үлдсэн хугацаагаар нөхөн томилсон. “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай” тогтоолоор Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт орших Булган уулын байгалийн дурсгалт газрын ангиллыг дээшлүүлэн дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч, Булган уулын дархан цаазат газрын хилийн заагийг хавсралтаар баталжээ. “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолоор ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хуульд ашигт малтмал эрэх, хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, бүртгэх, зориулалтын дагуу ашиглах, албан татвар, төлбөр, хураамж ногдуулах, тайлагнах, хураах үйл ажиллагааг зохицуулсан хуулийн зүйл, хэсэг, заалтад хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ, чиг үүргийн шинжилгээг хийж, холбогдох хуулийн төслийг боловсруулан 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зарчимд нийцүүлэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах зэрэг  арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан байна.

Түүнчлэн тус дугаарт нийтэлсэн “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын 1 дүгээр  хавсралтаар “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг, 2 дугаар хавсралтаар “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин”-г тус тус баталсантай дэлгэрэнгүй танилцах боломжтой ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл