“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Их Хурлын тухай /Шинэчилсэн найруулга/, Монгол Улсын Их Хурлын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Дайны байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай /Шинэчилсэн найруулга/, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Олон улсын гэрээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай /Шинэчилсэн найруулга/, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Улсын Их Хурлын бүрэн эрх, түүний зохион байгуулалтын бүтэц, бүрэлдэхүүн, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал, түүний баталгаа, Улсын Их Хурлын үйл ажиллагааны журамтай холбоотой харилцааг зохицуулна. Тус хуулиар Улсын Их Хурал 11 Байнгын хороотой байх бөгөөд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороог Ёс зүй, дэгийн байнгын хороо болгон өөрчилсөн байна.
Мөн Байнгын хороо 25 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүн нэгэн зэрэг хоёроос илүүгүй Байнгын хороонд харьяалагдан ажиллаж болох бөгөөд Байнгын хорооны гишүүнчлэлд дараах тодорхой хязгаарлалтыг тогтоов. Үүнд: -Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн зөвхөн нэг Байнгын хороонд харьяалагдана; -Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн өөрийн эрхлэх асуудал нь хамаарах Байнгын хорооны бүрэлдэхүүнд орохгүй; -Нэг Байнгын хорооны бүрэлдэхүүнд Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн хоёроос илүүгүй байна; -Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны даргаар ажиллахгүй. Мөн Хянан шалгах түр хороог дараах тохиолдолд байгуулахгүй байхаар хуульчилсан. Үүнд: -Улсын Их Хурлын нэгэн бүрэн эрхийн хугацаа дуусахад зургаан сараас бага хугацаа үлдсэн бол; -тухайн асуудлаар хянан шалгах түр хороо ажиллаж байгаа бол; -яллагдагчийг шүүхэд шилжүүлснээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрөөгүй байгаа эрүүгийн хэрэгтэй холбогдсон асуудлаар; -татан буугдсанд тооцсоноос хойш нэг жилийн хугацаа өнгөрөөгүй бол.
Түүнчлэн Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр нэг нам, эвслээс албан ёсоор нэр дэвшиж 10 ба түүнээс дээш гишүүн сонгогдсон бол тэдгээр гишүүд нийлж нам, эвслийн бүлэг байгуулж болно.
Нам, эвслийн бүлэг байгуулах, тарах, гишүүн өөр бүлэгт нэгдэх, гарах, Засгийн газар байгуулах бүлэг байгуулах зэрэг харилцааг нарийвчлан зохицуулснаар хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага тогтвортой, бүтээмжтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэв.
Улсын Их Хуралд суудалтай нам, эвслийн сахилга батыг сайжруулах, хууль тогтоох ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор нам, эвслийн бүлэг хууль тогтоомжийн төсөлд санал, дүгнэлт заавал гаргах, нэгдсэн хуралдаанд нам, эвслийн бүлгийн байр суурийг тодорхой тооны гишүүд төлөөлөн илэрхийлэх зэрэг шинэ зохицуулалтыг тусгасан. Улсын Их Хурлын үйл ажиллагааны журмыг боловсронгуй болгох хүрээнд олон улсын нийтлэг жишгийн дагуу хуулийн төсөл хэлэлцэхэд мэтгэлцээн явуулах зохицуулалтыг боловсронгуй болгов. Тухайлбал, нам, эвслийн бүлгээс төслийн үзэл баримтлалын хүрээнд мэтгэлцээн явуулах шаардлагатай гэж санал, дүгнэлт гаргасан бол чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх эсэх үе шатанд мэтгэлцээн явуулахаар хуульчлав.
Харин Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад дараах зохицуулалтыг тусгасан байна. Үүнд: -Улсын Их Хурлын гишүүдийн асуулт асуух, үг хэлэх, санал хураах журам, хугацаанд холбогдох өөрчлөлтийг оруулж, хуулийн төсөл хэлэлцэх үед нэгдсэн хуралдаанд асуулт асуух нийт хугацааг Улсын Их Хуралд авсан суудлын тооны харьцааг харгалзан тухайн нам, эвслийн бүлэгт болон нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй гишүүдэд хувь тэнцүүлэн хуваарилах; -тухайн нам, эвслийн бүлэг хуваарилагдсан хугацаанд багтаан асуулт асуух гишүүдийн нэрсийг нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 16.00 цагаас өмнө хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэх бөгөөд аль нэг нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух эсэхээ урьдчилан мэдэгддэг байх; -Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Улсын төсвийн төсөл, тэдгээрийн биелэлт, гүйцэтгэлийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд болон хэлэлцэх дэгийг тусгайлан зохицуулсан бусад асуудлыг хэлэлцэхэд дээрх асуулт асуух хугацаа хамаарахгүй байх; -дэг тогтоох олон улсын жишигт нийцсэн мэтгэлцээний зарчмыг тусгаж, нам, эвслийн бүлгээс санал, дүгнэлт гаргахдаа үзэл баримтлалын хүрээнд мэтгэлцэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Байнгын хорооны хуралдаанд хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх, анхны хэлэлцүүлгийн үе шатуудыг мэтгэлцэх зарчмаар явуулах; -хууль, тогтоолын төслийг хэлэлцэх үе шатны зохицуулалтыг боловсронгуй болгож, Чуулганы хуралдааны тов, дарааллыг тогтоох, түүнийг гишүүдэд мэдээлэхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан тодорхойлж, хуулийн төслийг хэлэлцэх дарааллыг тогтоохдоо түүнийг өргөн мэдүүлсэн хугацааг харгалзан үздэг байх, Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэж батлаагүй хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг буцаах; -Улсын Их Хурлын Тамгын газраас холбогдох Байнгын хороо хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг явуулахын өмнө хууль, тогтоолын төсөл Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцэж байгаа эсэх, тухайн төслийн тодорхой зүйл, хэсэг, заалт нь хоорондоо зөрчилдсөн эсэх, хүчингүй болгох, нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд шаардлагатай бүх хууль, зүйл, хэсэг, заалтыг хамааруулсан эсэх зэрэг асуудлаар хууль зүйн дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргадаг байх, Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй хуулийн төслийг тодорхой хугацааны дотор дахин өргөн мэдүүлэхгүй байх; -Тамгын газар хуулийн төслийг хэлэлцэх эсэх үе шатанд холбогдох Байнгын хорооны хүсэлтээр хууль хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо, улсын төсөвт үзүүлэх нөлөөллийн дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргадаг байх; -Улсын Их Хурлын гишүүн, нам, эвслийн бүлэг хууль, тогтоолын төсөлд зарчмын зөрүүтэй санал гаргах бол саналаа Байнгын хороонд хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг явуулахаас тодорхой хугацааны өмнө бичгээр урьдчилан ирүүлсэн байх, Байнгын хороо төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ хууль хоорондын уялдааг хангуулахаар холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан хамтад нь хэлэлцүүлж болох; -Байнгын хороонд хуулийг дагаж мөрдөх журмын буюу шилжилтийн үеийн зохицуулалт, хуулийг дагаж мөрдөх хугацааны талаар эцсийн хэлэлцүүлгийн шатанд санал, дүгнэлт гаргах боломжийг нээн өгч, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хоёр болон олон талт олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийг нийт гишүүний олонхын саналаар эцэслэн батлах, ингэхдээ олон улсын гэрээтэй хамт бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлсэн тохиолдолд хамтатган хэлэлцэж, олон улсын гэрээг соёрхон батлах хуулийн төсөл, бусад хууль тогтоомжийн төслийн уялдааг хангасны үндсэн дээр хамтад нь эцэслэн батлах. Мөн чуулганы хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүдийн сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх, дэг сахихтай холбоотой зарим зохицуулалтыг шинэчилсэн байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэглээг ойлгомжтой болгоход чиглэсэн бүтэц, нэр томьёо, хууль зүйн техникийн шинжтэй бусад өөрчлөлтийг тусгаж, “Чуулганы хуралдааныг зохион байгуулах нийтлэг журам”, “Олон улсын гэрээ байгуулах санал, гэрээний төслийг хэлэлцэх, гадаад харилцаатай холбогдох асуудал” хэлэлцэх зэрэг бие даасан бүлгүүдийг нэмжээ. Эрдэнэсийн сангийн төсөв хэлэлцэх, Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралд тангараг өргөх, Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулахтай холбоотой зарим зохицуулалтыг нэмж бүтцийн хувьд зохих өөрчлөлтийг оруулсан байна.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэг 126 болгосонтой уялдуулан сонсгол явуулах хүсэлт гаргах гишүүний тоо 9 байсныг 15 болгон өөрчилж, түр хорооны бүрэлдэхүүнийг 7-31 гишүүнтэй байх зохицуулалтуудыг тусган, Улсын Их Хурлаас хууль, тогтоолоор үүрэг, чиглэл өгсөн шийдвэрийн биелэлтийг тогтмол сонсож, хэлэлцдэг байнгын механизмыг бий болгох, Улсын Их Хурал хяналт шалгалт явуулсны дараа авах арга хэмжээ, Засгийн газраас хэрэгжүүлсэн ажлын тайланг сонсож хэлэлцэх үйл ажиллагааны журмыг тодорхой болгох, мөн Засгийн газрын болон төрийн бусад байгууллагын хяналт шалгалттай давхцахгүй, харилцан уялдаатай байх, Улсын Их Хурлаас байгуулагддаг ажлын хэсгийн үйл ажиллагааг чанаржуулах, ажлын хэсэг байгуулахад тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх, үр дүнг холбогдох Байнгын хороо сонсож, шаардлагагүйг татан буулгах, үргэлжлүүлэн ажиллуулахыг шийдвэрлэдэг, хяналт шалгалтын үйл ажиллагаандаа судлаач, мэргэжлийн, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах, оролцоог өргөжүүлсэн зэрэг зохицуулалтыг тусгасан байна.
Мөн Хянан шалгах түр хорооны эрх зүйн зохицуулалтыг сайжруулсан бөгөөд түр хорооны гишүүд нь ашиг сонирхлын зөрчилгүй байх заалтыг тодотгон, Хорооны даргын эрх, үүргийг тодорхой болгох, хянан шалгагч, шинжээч нарыг томилоход тавигдах шаардлагыг тодорхойлон, гэрчээр дуудах зохицуулалтыг сайжруулсан.
Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт “Хуулийн төсөл буцаах тухай”, “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай”, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой. Тухайлбал, “Хуулийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн нараас 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид буцаажээ. “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолуудаар “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 42 дугаар тогтоолд 2 дугаар хавсралт нэмсний зэрэгцээ “Улсын Их Хурлын гишүүний төсөвт зардлыг төлөвлөх, тооцох, зарцуулах, тайлагнах журам батлах, зарим зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2008 оны 28 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Улсын Их Хурлын гишүүний төсөвт зардлыг төлөвлөх, тооцох, зарцуулах, тайлагнах журам”, 2 дугаар хавсралтаар баталсан “Сонгогдсон тойрогтоо жилд ажиллах унааны лимит” гэснийг “Улсын Их Хурлын гишүүний тойрогт ажиллах унааны лимит” гэж өөрчлөн энэ тогтоолын 1, 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсан байна. Түүнчлэн “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолоор “Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дүрэм батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2006 оны 62 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсон бол “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолоор “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын 2019 оны 57 дугаар тогтоолын 1 дэх заалтын хүснэгтийн 1, 2, 3, 4 дэх мөрийг хассан ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.