Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны байнгын гишүүн, залуу төлөөлөгчдийн бүлгийн дэд дарга Чинь Суан Ан тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2024.09.13/ хүлээн авч уулзлаа.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Манай хоёр улс түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын гүнзгий хэлхээ холбоотой, найрсаг дотно харилцаатай орнууд хэмээгээд, хоёр улс өөр өөрийн түүхэн онцлогтой, олон мянган бээр хол оршдог ч “Найрамдалт хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлан уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж ирснийг онцолсон.
Тэрбээр, хоёр улсын парламент дахь найрамдлын бүлэг хоорондын солилцоо, Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж байгааг тэмдэглээд, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын урилгаар Монгол Улсын Их Хурлын даргын 2018 онд тус улсад хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд багтан ажилласандаа баяртай байдгаа илэрхийлсэн юм.
БНСВУ-ын Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийн тэргүүн Чинь Суан Ан, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд илгээсэн БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын мэндчилгээг уламжлаад, хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа дээд түвшинд хүрээд буй ч цаашид улам өргөжүүлэх боломж буйг дурдсан.
Тэрбээр Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, хоёр улсын харилцаанд хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлж буйг тодотгосон юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.