Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзав


Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг өнөөдөр (2024.09.06) хүлээн авч уулзлаа.


Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын харилцаа өргөн хүрээнд идэвхтэй өрнөж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Хоёр улсын харилцаанд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал байр суурийг эзэлдэг бөгөөд өнгөрсөн хугацаанд парламент хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, парламентын дарга, гишүүдийн харилцан айлчлалын давтамж хадгалагдаж байгаад сэтгэл хангалуун байна гэв. Мөн хоёр улсын гадаад худалдааны эргэлт 100 сая ам.долларт хүрсэн бөгөөд илүү их боломж бололцоо байгаа гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.


Элчин сайд Зафер Атеш ахан дүүсийн харилцаатай Монгол Улстай бүх салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын харилцааг улам бүр өргөжүүлэхэд анхаарал хандуулан ажиллана гэв. Түүнчлэн хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, харилцан ашигтай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлэв.


Энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл