Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын гишүүдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж өнөөдөр (2024.09.06) Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын гишүүн, Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүеэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, парламентын сонгуулийн дараа айлчилж буй анхны зочид болсонд баяртай буйгаа илэрхийлээ.


Тэрбээр, Монгол Улсын парламентын ээлжит ес дэх удаагийн сонгууль өнгөрсөн 6 дугаар сард амжилттай болж, Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу анх удаа 126 гишүүнтэй парламент байгуулагдсан. Олон намын оролцоотой буюу таван намын төлөөлөл парламентад багтаж, гурван намын хамтарсан Засгийн газрыг байгуулан ажиллаж байна. Түүнчлэн парламент дахь жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 25 хувьд хүрсэн гэдгийг онцлон тэмдэглэв. Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдаж, хэд хэдэн чухал хууль, тогтоолыг баталлаа. Тухайлбал, "Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг баталж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Манай улс Бүгд Найрамдах Франц Улсыг гуравдагч хөрш, Европ дахь дотнын итгэлт түнш гэж үздэг гэв.


Ирэх онд манай хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохионо. Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй өрнөж байгаатай талууд санал нэгдэв. Цаашид хоёр улсын харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлж, хоёр орны хөгжил дэвшилд харилцан ашигтай эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулахын чухлыг гишүүд тэмдэглэлээ.


Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүеэ найрсаг дотноор хүлээн авсанд Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржид талархал илэрхийлээд, ард олныхоо итгэлийг хүлээн парламентад дахин сонгогдож, Улсын Их Хурлын дэд дарга болон Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн даргаар сонгогдсонд баяр хүргэв.


Францын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлэг 1992 онд анх байгуулагдаж, хоёр улсын харилцаа, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Найрамдлын бүлэг тогтмол 20-30 орчим гишүүнтэйгээр идэвхтэй ажилладаг найрамдлын бүлэг гэж үнэлэгддэг бөгөөд өнгөрсөн оны Сенатын сонгуулийн дараа Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлэг 28 гишүүнтэй байгуулагдсан гэдгийг ноён Филипп Мүеэ танилцуулсан юм.


Тэрбээр, Энэ удаагийн айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тэр дундаа парламент хоорондын харилцааг идэвхжүүлж, түншлэлийг бэхжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Хоёр орны тэргүүлэх чиглэлийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, бодит ажил хэрэг болгохын төлөө ажиллана гэв. Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын гишүүн, Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүеэ тааламжтай цагтаа Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн гишүүдийг Франц Улсад айлчлахыг урилаа.

Талууд уулзалтын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нарын харилцан айлчлалын үеэр хэлэлцэн тохиролцсон гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлж, үр дүнд хүргэх, Монгол, Францын харилцааны цар хүрээг өргөжүүлэх чиглэлийн талаар санал солилцсон юм. Мөн хамтын хүчин чармайлт, харилцан итгэлцэл, нийтлэг үнэт зүйлсэд суурилсан харилцаагаа шинэ шатанд гаргахад хоёр улсын парламентын найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагаа, манлайлал чухал үүрэгтэй гэдгийг талууд санал нэгтэй илэрхийлэв.


Уулзалтад Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн дэд дарга О.Номинчимэг, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн гишүүн Г.Тэмүүлэн, Францын талаас тус улсын Сенатын гишүүн, Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дэд дарга Жизель Журда, Сенатын гишүүн, Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дэд дарга Мартин Берте, Сенатын гишүүн, Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн гишүүн Этьен Блан болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл