Цэс

Холбоо барих

АБГББХ: Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2024.08.30/ хуралдаж Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын "Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн үндсэн зураг, төсөл боловсруулах тухай" хэлэлцээрийн төслийг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн энэ талаар танилцуулсан.

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдааны 15 дугаар тэмдэглэлийн дагуу Дулааны гуравдугаар цахилгаан станцад суурилагдсан хүчин чадлыг цахилгаанаар 300 МВт-аар, дулаанаар 395 МВт-аар үе шаттай өргөтгөн шинэчлэх төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын "Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн үндсэн зураг, төсөл боловсруулах тухай" хэлэлцээрийн төслийг боловсруулан 2024 оны 04 дүгээр сард Оросын Холбооны Улсын Эрчим хүчний сайдад хүргүүлсэн. Оросын Холбооны Улсын Эрчим хүчний яамнаас уг хэлэлцээрийн төсөлд Оросын Холбооны Улсын Засгийн газрын холбогдох яамдын саналыг авч тусган, хариу саналыг 2024 оны 07 дугаар сард ирүүлсэн гэлээ. Тус хэлэлцээрийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй асуудлаар хоёр улсын Эрчим хүчний яам хооронд 2024 оны 08 дугаар сард харилцан зөвшилцөж ажилласан гэлээ.

Хэлэлцээрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн тохиолдолд олон улсын гэрээний тухай хуулийн дагуу Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой урьдчилан зөвшилцөх бөгөөд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн Ерөнхий сайдын захирамжаар хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Эрчим хүчний сайдад олгож, улмаар хэлэлцээрийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, соёрхон батлуулах аж.

Энэхүү хэлэлцээрийн төсөл нь нийт 11 зүйлтэй бөгөөд тус хэлэлцээрт Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийг 50 МВт-ын блок станцаар өргөтгөх, дунд даралтын хэсгийн 48 МВт-ын блок станцыг буулгаж суурин дээр нь 250 МВт-ын (2x125 МВт) блок станц шинээр барих төслийн зураг төсөл боловсруулах, инженерийн судалгаа, шинжилгээ явуулах ажлын цар хүрээ, ерөнхий нөхцөлийг тодорхойлж, захиалагчаар “ДЦС-3" ТӨХК, гүйцэтгэгчээр Оросын Холбооны Улсын талаас санал болгосон “Интер РАО Экспорт” компанийг томилох асуудлыг тус тус зохицуулахаар тусгасан байна.

Зураг төсөл боловсруулах ажлын үр дүнд Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн барилга угсралтын ажлын нийт төсөвт өртөг, хугацааг нарийвчлан тодорхойлж, цаашид Оросын Холбооны Улсын Засгийн газар газрын экспортын зээлийн нөхцөл, барилга угсралтын ажил гүйцэтгэх зэрэг асуудлыг Оросын талтай хэлэлцэн тохиролцох нөхцлийг бүрдүүлэх суурь баримт бичиг болно хэмээн танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Шижир, С.Эрдэнэболд, П.Наранбаяр нар ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авсан бөгөөд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын “Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн үндсэн зураг төсөл боловсруулах тухай” хэлэлцээрийн төслийг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл