Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын ээлжит бус чуулган өндөрлөлөө

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2024.08.30) үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн Наранчулууны Отгончимэгийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ асуудлыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд танилцууллаа. Тус Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн байна.

Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг Хууль зүйн байнгын хорооны саналын үндэслэлийг тайлбарлах үүднээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн дараагийн гишүүнийг сонгон шалгаруулж томилох ажил наад зах нь гурван сар үргэлжилнэ гэдгийг тухайлан тэмдэглэв. Энэ хугацаанд шүүгчдийн асуудлаар шийдвэр гаргахад тус зөвлөлийн шүүгч болон шүүгч бус гишүүдийн 5х5 байх харьцаа алдагдаж, шийдвэр гаргах үйл явц удааширна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар Шүүхийн ерөнхий зөвлөл болон тус салбар, холбогдох байгууллагын хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлага байгаа нь энэ асуудлаас илрэн харагдаж байгааг огцолсон юм. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Х.Баасанжаргал нар хувь хүний хүсэлт, сонголтыг хүндэтгэн үзэх нь зүйтэй гэсэн юм.

Хууль зүйн байнгын хорооны Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн Н.Отгончимэгийн хүсэлтийг дэмжихгүй гэсэн саналыг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн үнэмлэхүй олонх татгалзлаа. Ингэснээр Н.Отгончимэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөв.

Үүний дараа “Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Уг асуудлыг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн танилцууллаа. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, итгэлцлийн зохистой дадлыг хэрэгжүүлэх хүрээнд ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн эрх бүхий зохицуулалтын байгууллагуудтай хамтран ажиллах, гааль, татварын мэдээлэл солилцох тогтолцоог бүрдүүлж, эм, эмнэлгийн хэрэгслийн мэдээллийн цахим санг хөтөлж, эмийн бодит үнийн талаар иргэдэд ил тод, нээлттэй мэдээлэх, эрүүл мэндийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох ажлыг эрчимжүүлэх зорилгоор тогтоолын төслийг боловсруулсан хэмээн тэрбээр танилцуулгадаа онцлоод Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 73.6 хувь нь тогтоолын төслийг дэмжсэнийг дурдав.

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Батрдэнэ эмийн шинжилгээний лабораторийн чадамж, хүний нөөцийг бэхжүүлэх асуудал тогтоолын төсөлд тусгагдсан эсэх, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын чиг үүргийн талаар, мөн эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлд хяналт шалгалт хийсэн Түр хорооны ажлын явцад илэрсэн эм, хангамжийн салбар дахь төрийн байгууллагын оролцоо, хамаарал, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүссэн байж болзошгүй хувийн ашиг сонирхлын зөрчлийн асуудлыг хуулийн дагуу шалган олон нийтэд нээлттэй мэдээлэх ажлын явцын талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Д.Үүрийнтуяа нар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн сурталчлахыг хориглох зохицуулалтын хэрхэн хэрэгжиж байгаа талаар асууж, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат Хүний эмийн зөвлөлийн шийдвэрийг ил тод, нээлттэй болгох, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен сумын эмийн сангийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын ажиллах нөхцлийг сайжруулах, эмийн хоруу чанарыг шалгах лабораторийн чанарт анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Б.Батрдэнэ иргэдийн эмийн зохистой хэрэглээ, эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх асуудлыг тогтоолын төсөлд тусгах, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын үйл ажиллагааг үндэсний хэмжээнд явуулахад анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг үр ашигтай, даатгуулагчдад ээлтэй, нээлттэй удирдах талаар, эмийн хяналтыг сайжруулах, боловсон хүчин бэлтгэх асуудалд анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан эмийн чанар, хүрэлцээ болон энэ салбарын үйлчилгээний хүндрэл, чирэгдлийг бууруулах талаар үг хэлж байр сууриа илэрхийлсэн байна.

Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаясгалан, М.Нарантуяа-Нара, Н.Батсүмбэрэл, Б.Бейсен нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд эмийн чанар, алслагдсан сумдын эмийн сангийн үйлчилгээ, лавлагаа лабораторын үйл ажиллагааг сайжруулах, боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарах, нэн хэрэгцээтэй эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг зохион байгуулалттайгаар, нууцаар, гар дээрээс худалдаалдаг байдлыг цэгцлэх, хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хяналтыг сайжруулж, тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг хялбаршуулах, Хянан шалгах түр хорооны сонсголоор илэрсэн зөрчлийн шийдвэрлэлтийг түргэтгэх, олон нийтэд ил тод мэдээлэх, дотоодын эмийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг асуудлыг хөндөн ярьсан юм. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, бид энэ тогтоолоор чанартай эмийг Монгол Улсад нэвтрүүлж, хэрэглэх боломжийг ард иргэддээ нээж өгөх асуудлыг Засгийн газарт чиглэл болгох гэж байна гэж онцлоод, чанартай эмийг Монголын зах зээл дээр худалдан борлуулах эрхийг нь олгоё гэхээр тэр эмийн лобби хэсгийнхэн тэр нөхцөлийг хязгаарлачихдаг. Иймд бид энэ тогтоолоор өндөр хөгжилтэй улс орнуудын эрүүл мэндийн баталгаажуулалтын байгууллагаас албан ёсны гэрчилгээ авсан эмийг Монголын зах зээлд худалдан борлуулах боломж нөхцөлийг нээж өгөх юм гэлээ.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад “Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин баталлаа.

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дараа нь хэлэлцэв. Уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа уншиж танилцуулав. Тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд батлах хугацааг нь тусгайлан заасан болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг оруулна гэж заасны дагуу долоон хууль, тогтоолын төслийг тусгасан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газраас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх, эсэх асуудлыг тухай бүрд шийдвэрлэхээр тогтоолын төсөлд заажээ.

Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд олонх дэмжсэн тул батлагдсан тооцож Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан уншиж танилцууллаа. Үүний дараа тэрбээр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай зэрэг хууль, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” зэрэг Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг сонсгож ёсчлов. Харин “Төрийн өмчийг нийслэлийн өмчлөлд шилжүүлэх тухай УИХ-ын тогтоолын эцсийн найруулгыг 2024 оны намрын ээлжит чуулганаар ёсчлохоор хойшлууллаа. Гэхдээ тогтоол нэгэнт батлагдсан тул хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засгийн газарт зөвлөв.

Үүгээр Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээжлит бус чуулган өндөрлөлөө. Улсын Их Хурлын ээлжит бус чуулган ажлын 12 хоног чуулж, долоон удаагийн нэгдсэн хуралдаан, Байнгын хороодын 35 удаа, Дэд хорооны гурван удаагийн хуралдаанаар нийт 39 асуудал хэлэлцэж зохих шийдвэрүүдийг гаргасан юм.

Ээлжит бус чуулганыг өндөрлүүлж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурал бол иргэдийн хүсэл зоригийг илэрхийлэгч байгууллага тул парламентын үйл ажиллагаа бүхэлдээ төр улсын хөгжил, нийт олны амьдралын сайн сайхны төлөө чиглэгдсэн байх учиртай гээд Монгол Улсынхаа хууль эрх зүйн орчны гурван төгөлдөржилтийг бодит болгох өргөн цар хүрээтэй үйл хэргийг хэрэгжүүлэхийн тулд хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх 22, хууль тогтоомжийг тодорхой ойлгомжтой болгож, хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгох зургаа, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг болгох 24 ажлын хэсгийг байгуулж байгаагаа зарлав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл