Цэс

Холбоо барих

ТББХ: Нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2024.08.29/ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга Төсвийн гүйцэтгэлийн талаарх илтгэлийг танилцуулав.

Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус байнгын хороонд харьяалагдах Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Монгол Улсын Шадар сайд Онцгой байдлын асуудал эрхэлсэн, Монгол Улсын Шадар сайд Өрсөлдөөний асуудал хариуцсан, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын нийт 172 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан хэмээн танилцуулсан.

Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 903.1 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, урсгал зардалд 525.8 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 377.3 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Нийт зарлага болон цэвэр зээлийн дүнгийн 24.6 хувь буюу 222.3 тэрбум төгрөгийг Ерөнхий сайд, 33.5 хувь буюу 302.4 тэрбум төгрөгийг Эдийн засгийн хөгжлийн сайд, 22.5 хувь буюу 202.8 тэрбум төгрөгийг Шадар сайд, 19.4 хувь буюу 175.6 тэрбум төгрөгийг бусад төсвийн ерөнхийлөн захирагчдын зарлага эзэлж буй аж.

Улсын төсвөөс 886.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 17.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн байна. 

Тус Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын талаар Монгол Улсын ерөнхий аудитор Д.Загджав танилцуулсан.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын төсвийн 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 5 тайлан нэгтгэснээс 2 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гарган, 3 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан бөгөөд аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Өөрчлөлтгүй”, харьяа байгууллагын санхүүгийн тайланд “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгчээ.

Санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн нийт 84.1 сая төгрөгийн зөрчлийг арилгах 3 зөвлөмж хүргүүлсэн байна 

Санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн асуудлаар нийт 20.6 сая тэөгрөгийн 7 зөрчил илэрснээс, 1 зөрчлийг арилгах албан шаардлага хүргүүлж, 20.6 сая төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 6 зөвлөмж өгчээ. 

Монгол Улсын Их Хурлын даргын  төсвийн 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд нэгтгэсэн 3 байгууллагын санхүүгийн тайлан аудитын түүвэрт хамруулж, аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн аж.

Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 6 санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 4 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 2 байгууллагын санхүүгийн тайланг аудитын түүвэрт хамруулан төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Өөрчлөлтгүй”, харьяа 3 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 1 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгчээ.

Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 7.3 тэрбум төгрөгийн 29 зөрчил илэрснээс, 5.8 тэрбум төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож, 318.8 сая төгрөгийн 10 албан шаардлага хүргүүлж, 1.2  тэрбум төгрөгийн 17 зөвлөмж өгч, хариуцлага тооцох 1 албан шаардлага хүргүүлсэн гэлээ.

Нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой нийт 5.0 тэрбум төгрөгийн 9 алдаа илэрснээс аудитын явцад 5.0 тэрбум төгрөгийн 8 алдааг залруулж, 68.6 сая төгрөгийн алдааг залруулах зөвлөмж өгч, санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн асуудлаар нийт 1.4 тэрбум төгрөгийн 12 зөрчил илрүүлснээс, 1 зөрчлийг арилгах албан шаардлага хүргүүлж, 1.4 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 11 зөвлөмж өгсөн байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 15 санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 5 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 10 байгууллагын санхүүгийн тайланг аудитын түүвэрт хамруулан төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Өөрчлөлтгүй”, харьяа 4 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 1 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгчээ.

Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 369.2  сая төгрөгийн 11 зөрчил илрүүлснээс 361.2 сая төгрөгийн зөрчлийг арилгах 8 албан шаардлага хүргүүлж, 8.0 сая төгрөгийн зөрчлийг  давтан гаргахгүй байх 3 зөвлөмж өгч, нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой 1.1 тэрбум төгрөгийн 5 алдаа илэрснийг аудитын явцад залруулсан гэлээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 84.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 23.1 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 31 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Төсөл, арга хэмжээний санхүүжилт 78.0 хувийн гүйцэтгэлтэй байна гэж үзжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын төсвийн 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгч, санхүүгийн тайлангийн аудитаар нийт 21.4 сая төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 3 зөвлөмж хүргүүлжээ.  

Санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн асуудлаар  нийт 14.3 сая төгрөгийн 3 зөрчил илэрснээс 14.3 сая төгрөгийн зөрчлийг арилгах 2 албан шаардлага, 1 зөрчлийг давтан гаргахгүй байх зөвлөмж  хүргүүлсэн байна.

Сонгуулийн ерөнхий хорооны даргын төсвийн 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгч, санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн цалингийн зардалтай холбоотой зөрчлийг арилгах 1 албан шаардлага хүргүүлэн,  санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн асуудлаар илэрсэн 3 зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх зөвлөмж өгсөн аж.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 16.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, тайлант онд бүрэн санхүүжих 1 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, санхүүжилтийн гүйцэтгэл 65.0  хувьтай байна хэмээн дүгнэжээ.

Төрийн албаны зөвлөлийн даргын төсвийн 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгч, санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн тайлант хугацаанд өр төлбөр үүсгэсэн, бараа материалын дансанд үндсэн хөрөнгө бүртгэсэн, байгууллагын үйл ажиллагааны хүрээнд бүрдүүлдэг өөрийн орлогыг төсвийн төсөлд тусгаагүй зэрэг 19.0 сая төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 3 зөвлөмж өгөн, нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой 4.9 тэрбум төгрөгийн 3 алдаа илэрснийг аудитын явцад залруулжээ.

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргын төсвийн 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж “Хязгаарлалттай” дүгнэлт өгөн санхүүгийн тайлангийн аудитаар нийт 321.2 тэрбум төгрөгийн 3 алдаа илэрснээс аудитын явцад 321.2 тэрбум төгрөгийн алдааг залруулж, алдааг давтан гаргахгүй байх 2 зөвлөмж өгсөн хэмээн танилцуулаад аудитын дүн, дүгнэлтээс үндэслэсэн зөвлөмжийг танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Засгийн газрын санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтэд дурдсанаар  нийтдээ 500-гаад албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлага хүргүүлжээ. Зөрчлийн дүнг нэгтгэвэл бараг их наяд давах нь. Аудитын дүгнэлтэд заасны дагуу албан тушаалтнуудад хариуцлага тооцсон уу хэмээн тодруулсан. 

Үндэсний аудитын газрын Санхүү, нийцлийн аудитын газрын дарга Ц.Наранчимэг, Төрийн аудитын байгууллагаас тухайн жилийн санхүүгийн тайлангийн буюу гүйцэтгэлийн аудит хийж хууль тогтоомж зөрчсөн асуудалд хариуцлага тооцох албан шаардлагыг томилдог эрх бүхий албан тушаалтанд нь хүргүүлдэг. 2023 оны төсвийн гүйцэтгэлээр хариуцлага тооцуулахаар хүргүүлсэн албан шаардлагын биелэлтийг 09 дүгээр сарын 5-ны дотор Төрийн аудитын байгууллагад ирүүлэхээр хуулийн хугацааг зааж өгсөн. Есдүгээр сараас эхэлж бид завсрын буюу давтан аудитаа хийж, өмнөх аудитаар өгсөн зөвлөмж, тогтоосон төлбөрийн акт, албан шаардлагын биелэлтээ хянаж холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт тайланд нь тусгаж хүргүүлдэг. Албан шаардлагын биелэлтийг гаргаад Төсвийн байнгын хороонд хүргүүлэх үүрэгтэй гэсэн хариулт өгөв.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар төсвийн гүйцэтгэл, ашиглалт, зарцуулалтад тавих хяналтыг сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Ө.Шижир  аудитын зөвлөмж, дүгнэлтийг нээлттэй болгох, иргэдийг мэдэх эрхээр хангах нь зүйтэй хэмээсэн. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа төрийн өмчит компаниудын санхүүгийн ашиглалт, зарцуулалт, гүйцэтгэл хангалтгүй байгааг анхаарч ажиллах, Төрийн аудитын байгууллагын эрх зүйн байдлыг эргэн харах талаар үг хэлж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Төрийн аудитын тухай хуулийн боловсронгуй болгох, аудитын зөвлөмж, дүгнэлт, албан шаардлага нэг мөр хэрэгждэг байх эрх зүйн өөрчлөлтийг хийх нь зүйтэй хэмээн саналаа илэрхийлсэн.

Төрийн байгуулалтын байнгын хороо Нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов.

Мөн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “5.1.Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад батлах хугацааг нь хуульд тусгайлан заасан болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг оруулна.” гэж, 5.4 дэх хэсэгт “Төрийн байгуулалтын байнгын хороо дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх нам, эвслийн бүлэг, Байнгын, дэд хороо, хууль санаачлагчийн саналыг нэгтгэн Зөвлөлд танилцуулах бөгөөд Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг боловсруулан нэгдсэн хуралдаанд оруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолын төслийг батална.” гэж, 45 дугаар зүйлийн 45.5 дахь хэсэгт “Байнгын хороо боловсруулан Улсын Их Хуралд оруулах асуудлыг энэ хуулийн 45.2, 45.3, 45.4-т заасан журмын дагуу хэлэлцэнэ.” гэж заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсрууллаа хэмээн хуралдаан даргалагч танилцуулсан юм.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл