Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.08.29/ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан болон “Монгол Улсын 2023 он төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Төсвийн гүйцэтгэлийн талаарх илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргаар Б.Тулга танилцуулав.
Тэрбээр, Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус байнгын хороонд харьяалагдах Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын багцын нийт 19 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан болно. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 362.8 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, урсгал зардалд 54.3 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 308.5 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Нийт зарлага болон цэвэр зээлийн дүнгийн 83.3 хувь буюу 302.4 тэрбум төгрөгийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, 16.7 хувь буюу 60.4 тэрбум төгрөгийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын багцын зарлага эзэлж байна. Улсын төсвөөс 357.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 13.3 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн байна гэв.
Түүний дараа тус байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулав. Тэрбээр, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 12 тайлан нэгтгэгдсэнээс 10 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 2 байгууллагыг аудитын түүвэрт хамрууллаа. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 8 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 2 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өглөө. Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 17.0 тэрбум төгрөгийн 67 зөрчил илэрснээс, 7.8 сая төгрөгийн зөрчилд 6 төлбөрийн акт тогтоож, 4.8 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 30 албан шаардлага хүргүүлж, 8.7 тэрбум төгрөгийн зөрчилд 28 зөвлөмж өгч, 3.5 тэрбум төгрөгийн зөрчилд хариуцлага тооцох 3 албан шаардлага хүргүүлсэн. Нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой 5.5 тэрбум төгрөгийн 26 алдаа илэрснийг аудитын явцад бүрэн залрууллаа. Санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн асуудлаар 14.4 тэрбум төгрөгийн 17 зөрчил илэрснээс 14.2 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 10 албан шаардлага хүргүүлж, 0.2 тэрбум төгрөгийн зөрчилд 7 зөвлөмж өглөө. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 24.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 21.6 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 5 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Төсөл, арга хэмжээний санхүүжилт 91.0 хувийн гүйцэтгэлтэй байна. Хоёрт, Шинжлэх ухаан, технологийн сангийн 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар ‘’Хязгаарлалттай’’ дүгнэлт өглөө. Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 3.9 тэрбум төгрөгийн 12 зөрчил илэрснээс, 3.9 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 10 албан шаардлага хүргүүлж, 72.3 сая төгрөгийн зөрчилд 2 зөвлөмж өгсөн. Нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой нийт 0.2 тэрбум төгрөгийн 3 алдаа илэрснийг аудитын явцад бүрэн залруулсан. Санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн асуудлаар нийт 0.8 тэрбум төгрөгийн 7 зөрчил илэрснээс, 0.8 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 5 албан шаардлага хүргүүлж, 2 зөвлөмж өглөө гээд анхаарах асуудлуудыг танилцуулсан юм. Тухайлбал, төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний төсөвт байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад тавих дотоод хяналтыг сайжруулах, төсвийг зохистой удирдаагүйгээс авлага, өр төлбөр үүсгэсэн, тооцоо нийлж баталгаажуулаагүй, хугацаа хэтэрсэн болон олон жилийн насжилттай, эзэн холбогдогчгүй болж найдваргүй болох эрсдэлтэй авлагыг барагдуулах талаар арга хэмжээ авах, төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлсэн хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүн, чанар, тоо хэмжээг төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж баталгаажуулах, Шинжлэх ухаан технологийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй төслийн батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй, журмыг зөрчиж өөр компаниар ажлыг гүйцэтгүүлсэн, зардлын дээд хязгаарыг хэтрүүлсэн, гэрээний үүргийг хангуулаагүй, төслийн үр дүнгийн тайланг хугацаанд нь хүлээн авч дүгнээгүй, төслийг хааж тайланг хүлээн авахдаа анхан шатны баримтыг бүрдүүлээгүй, хяналт хэрэгжүүлээгүй зөрчлүүдийг арилгах, аудитаар өгсөн төлбөрийн акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах, арга хэмжээг авч ажиллах зэргийг анхаарч ажиллахыг санууллаа гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Батболд, Ч.Ундрам, С.Цэнгүүн, Л.Соронзонболд, Ж.Галбадрах нар асуулт асуув. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд “E-Mongolia” цахим платформыг хөгжүүлж ирлээ. Энэхүү платформ ямар байгууллагын харьяалалд, хичээн төсөвт өртөгтэй ажиллаж байна вэ, төрийн байгууллагуудын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлантай танилцах нэгдсэн систем бий эсэх, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, төрийн үйлчилгээ ерөнхийдөө дижитал шилжилт хийж байна. Тиймээс аюулгүй байдал буюу нууцлал талаас нь хэр хөрөнгө төсөвлөж байна, “Google” компанитай боловсролын байгууллага хамтран ажиллах ямар боломж байна вэ гэж асуув. УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, “E-Mongolia” систем улсын төсөвт үйлдвэрийн газар гэсэн статустай, 90 гаруй системээр 1200 төрийн үйлчилгээг иргэдэд цахимаар үзүүлж ирлээ. Өнөөдрийн байдлаар “E-Mongolia” 7,2 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар бүх яам, төрийн байгууллагуудын мэдээллийг нэгдсэн цонхоор авах нэгдсэн цахим шийдлийг танилцуулахаар бэлтгэж байна. “Google” компанитай хамтран эхний ээлжинд 1000 инженер бэлтгэх төсөл өнгөрсөн хавраас хэрэгжиж эхэлсэн. Боловсролын байгууллагыг цахим шилжилтэд бэлтгэхийн тулд Ерөнхий боловсролын сургуулиудын 35 мянган багш нарыг мэргэжил дээшлүүлэхээр ажиллаж байна гэв. Мөн УИХ-ын гишүүд Ажлын хэсгээс кибер аюулгүй байдлыг хангах талаар байгууллагуудын удирдлага болон ажилтнуудын мэдлэгийг дээшлүүлэхийн тулд ямар ажил хийж байгаа тухай, халдлагад өртсөн тохиолдолд хэрхэн хамгаалж буй, хиймэл оюун ухааныг дэмжсэн хөрөнгө оруулалт байгаа эсэх талаар тодруулж байв.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам, эрүүл мэндийн салбарыг цахимжуулах 19 сая ам.долларын төсөл орж ирсэн боловч, албан тушаалтнуудын буруутай үйлдлээс болж цуцлагдсан. Эрүүл мэндийн салбарыг цахимжуулахад бодит шинэчлэл болох энэхүү хөрөнгө оруулалтад манайхан маш хариуцлагагүй хандсан. Бид Дэлхийн банкны итгэлийг алдсан учраас дахин хөрөнгө оруулалт оруулах эсэх нь эргэлзээтэй юм. Тиймээс буруутай этгээдүүдэд хариуцлага тооцсон эсэх талаар асуусан. Дэлхийн банкны санхүүжилтээр эрүүл мэндийг цахимжуулах төсөл хэрэгжиж эхэлсэн. Гэвч хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, 2022 оны 9 дүгээр сард төсөл хаагдаж, зогссон. Одоогоор төслийг гүйцэтгэгч тал БНСУ-ын компани 1,7 сая ам.доллараа эргэж төвлөрүүлсэн байгаа гэж Ажлын хэсгээс хариулав. Ингээд байнгын хороо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.