Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн (2024.08.29) хуралдаан 16 цаг 29 минутад гишүүдийн 66.7 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга төсвийн гүйцэтгэлийн талаарх илтгэлийг Дэд хорооны хуралдаанд танилцууллаа.
Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хуулийн хугацаанд нэгтгэн гаргаж, төрийн аудитын төв байгууллагаар аудит хийлгэсэн болохыг тэрбээр дурдав. Нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд Төрийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, улсын болон орон нутгийн 62 төсвийн ерөнхийлөн захирагчийн 5442 төсөвт байгууллага, 619 төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээд, 370 төрийн сан, 295 төсөл, сан, нийт 6726 байгууллагын тайланг нэгтгэсэн байна.
Боомтын сэргэлтээр 2022 оны сүүлийн хагаст бий болсон нүүрсний экспортын сэргэлтийг хадгалж, дэлхийн зах зээлд буурч байсан түүхий эдийн үнийн бууралтыг ил тод, нээлттэй өрсөлдөөнт биржийн арилжаанд шилжүүлсэн нь уул уурхайн салбар, түүнийг дагасан газар, худалдаа, үйлчилгээний салбарыг эрчимжүүлж, ДНБ 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 68.9 их наяд төгрөг буюу төлөвлөгөөнөөс 14.4 хувиар давж, эдийн засгийн бодит өсөлт 7 хувь буюу төлөвлөгөөнөөс нэг пунктээр өссөн гэв.
Монгол Улс 2023 онд 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 24.4 тэрбум ам.доллар болж өмнөх оноос 15 хувиар өссөн бол гадаад худалдааны тэнцэл 5.9 ам.долларын ашигтай гарсан байна. Экспорт өмнөх оны мөн үеэс 21.1 хувиар өсөж 15.2 тэрбум ам.долларт хүрэхэд нүүрсний экспорт 36.8 хувиар буюу 2.4 тэрбум ам.доллароор өссөн нь голлон нөлөөлсөн болохыг танилцуулгад дурдсан.
Засгийн газрын 2022 оны “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 362 дугаар тогтоолын хүрээнд экспортод гаргах нүүрсийг нээлттэй, цахим арилжаагаар хийж, хилийн үнээр борлуулж боомтуудын нэвтрүүлэх чадварыг сайжруулснаар 2022 онд 0.7 тэрбум ам.долларын алдагдалтай байсан төлбөрийн тэнцэл 2023 онд 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Төлбөрийн тэнцэл ашигтай гарснаар гадаад валютын улсын нөөцийн эцэст оны эцэс 4.9 тэрбум ам.долларт хүрч өмнөх оноос 44.7 хувиар өссөн байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 2023 онд 23.3 их наяд төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 22.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай төлөвлөгдсөнөөс 785.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан ба сүүлийн 3 жил дараалан төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулж ажилласан болохыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга илтгэлдээ тэмдэглэв.
Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 16.1 их наяд төгрөг, зарлага 16.1 их наяд төгрөг, нийт тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наяд төгрөгийн алдагдалтай төлөвлөгдсөнөөс 5.4 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Сүүлийн жилүүдэд Засгийн газар хилийн боомтын нэвтрэх хүчин чадлыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр дүнд 2023 оны нүүрсний экспортын хэмжээг төлөвлөсөн хэмжээнээс 19.6 сая тонноор, өмнөх оноос 37.8 сая тонноор нэмэгдүүлж 69.6 сая тоннд хүргэсэн нь төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд гол нөлөөг үзүүлсэн байна.
Үргэлжлүүлэн Б.Тулга сайд, 2023 онд авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулав. Тухайлбал, төрийн албан хаагчдын үндсэн цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх хүрээнд төрийн захиргааны албан хаагчдын цалинг 39 хувь, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 32.7 хувь, төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 69.2 хувиар тус тус нэмэгдүүлжээ. Улмаар олон шатлал бүхий, харилцан адилгүй, тэгш бус үнэлэмжтэй цалингийн тогтолцоог адил үнэлэмж бүхий нэг шатлалтай болгосон байна. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн зөрүүг арилгах зорилгоор даатгуулагчийн тэтгэвэр тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг өнөөгийн цалин хөлсний түвшинтэй жишиж ойртуулах итгэлцүүрийн суурь он 2011 он байсныг 2022 он болгож шинэчлэн тогтоосон байна. Энэ итгэлцүүрийг ашиглан тэтгэврийн зөрүүг арилгасны дараах сууриас тооцож тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэхэд шаардлагатай эх үүсвэрийг шийдвэрлэснээр тэтгэвэр авагч ахмадуудын орлогын баталгаа сайжирч, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулсан гэв.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хот, хөдөөгийн сэргэлт, хэт төвлөрлийг сааруулах зорилгоор орон нутгийн нэмэгдлийг 20 хувиар тооцож олгох, орон нутгийн удирдлага нь төрийн албан хаагчдын цалинг 80 хүртэл хувиар нэмэгдүүлэн олгох эрх зүйн орчныг бий болгосноор тайлант онд 35.1 тэрбум төгрөгийн цалингийн нэмэгдэл олгосон аж.
Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зохистой удирдаж зарцуулсантай холбогдуулан гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн зарчмаар санхүүждэг байгууллагаас бусад байгууллагын 23602 албан хаагчид 25.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон гэв. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2023 онд 1143 төсөл арга хэмжээний шинээр 10 төсөл арга хэмжээний 0.5 их наяд төгрөг өмнөх онуудаас шилжин хэрэгжиж буй 1129 төсөл арга хэмжээнд 2.1 их наяд төгрөг, концессын эргэн төлөлтөөр 4 төсөл арга хэмжээнд 0.2 их наяд төгрөг олгосноор гүйцэтгэл 93.8 хувийн биелэлттэй байгаа гэлээ. Эдгээр төслийг гүйцэтгэсэн 1460 гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа тогтвортой үргэлжилж 40.9 мянган ажлын байрыг хадгалж 2.8 их наяд төгрөгийн санхүүжилтээр эдийн засгийг дэмжсэн байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа зардал тавих хяналтыг сайжруулан санхүүгийн сахилга батыг мэдрүү мөрдүүлснээр 2023 оны төсвийн жилд 122,8 тэрбум төгрөгийн хэмнэлт үүсгэж өмнөх оноос 39.4 тэрбум төгрөгөөр өссөн болохыг тэрбээр нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Дараа нь Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл нь хуульд заасан шалгуур үзүүлэлтүүд, төсвийн зорилтыг хангасан эсэх, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг стандартын дагуу үнэн зөв илэрхийлсэн эсэхэд Төрийн аудитын байгууллага аудит хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцууллаа.
Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүнг 23 их наяд 294.9 тэрбум төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 22 их наяд 509.0 тэрбум төгрөгөөр аудит хийж баталгаажуулжээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 1 их наяд 347.5 тэрбум төгрөгөөр давж, урсгал зарлагыг 966.2 тэрбум төгрөг, хөрөнгийн зардлыг 1 их наяд 28.6 тэрбум төгрөгөөр тус тус дутуу зарцуулан, эргэж төлөгдөх цэвэр зээл 292.8 тэрбум төгрөгөөр дутуу бүрдсэн гэв.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцлийг 2 их наяд 213.1 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 785.9 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Засгийн газрын нийт өр 2023 оны эцэст 30 их наяд 773.6 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь өнөөгийн үнэ цэнээр тооцвол 26 их наяд 582.9 тэрбум төгрөг болж, ДНБ-ий 38.6 хувьтай тэнцэж, өрийн үлдэгдэл өмнөх оноос 1 их наяд 108.7 тэрбум төгрөг буюу 4.0 хувиар буурчээ.
Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд 7 их наяд 376.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 1139 төсөл, арга хэмжээг 2 их наяд 686.0 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр баталсан ба тухайн жилийн санхүүжилтийн гүйцэтгэл 83.2 хувь, тухайн онд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөсөн 883 төсөл, арга хэмжээний хэрэгжилт 62.5 хувьтай байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг хэрэгцээ шаардлага, тэргүүлэх ач холбогдол, эдийн засгийн үр өгөөжөөр эрэмбэлээгүй, санхүүжилтийг хэрэгжих хугацаатай нь уялдуулж төлөвлөөгүй, хэрэгжилтэд тулгарсан асуудлыг шийдвэрлэх хугацаа, шат дараалал тодорхойгүй, гэрээний хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгаа нь төсөл, арга хэмжээний хэрэгжилт удаашрах, зогсонги байдалд хүргэхэд нөлөөлж төсөвт өртөг нэмэгдэх шалтгаан болжээ.
Аудитын дүн, дүгнэлтэд үндэслэн Төсвийн ерөнхийлөн захирагчдад 11 зөвлөмж өгч, илэрсэн зөрчилд 8 тэрбум 249.9 сая төгрөгийн 11 төлбөрийн акт тогтоож, 28 тэрбум 615.4 сая төгрөгийн 15 албан шаардлагыг хүргүүлсэн. Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, Төсвийн ерөнхийлөн захирагчийн 62 санхүүгийн нэгтгэсэн тайлан, тэдгээрийн харьяа байгууллагуудын нийт 6711 санхүүгийн тайланг аудитад хамруулсан гэлээ.
Аудитаар нийт нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналтай холбоотой 3 их наяд 845.9 тэрбум төгрөгийн алдаа илэрснээс 3 их наяд 794.5 тэрбум төгрөгийн алдааг залруулж, хууль тогтоомж зөрчсөн 4 их наяд 291.4 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлжээ. Нийт 62 төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн тайланд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” 34, “Хязгаарлалттай” 28 дүгнэлт өгсөн аж. Аудитаар Улсын Их Хуралд 4 асуудлыг толилуулж, Монгол Улсын Ерөнхий сайдад 9, Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдад 5, Сангийн сайдад 15, Төсвийн ерөнхийлөн захирагчдад 5 зөвлөмжийг тус тус хүргүүлсэн хэмээн Д.Загджав дарга танилцуулсан.
Үргэлжлүүлэн бусад Байнгын хороодын Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн санал, дүгнэлтүүдийг нэгбүрчлэн танилцуулав. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал, дүгнэлтийг Г.Дамдинням гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Г.Хосбаяр гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг З.Мэндсайхан гишүүн танилцуулсан. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Б.Мөнхсоёл гишүүн, Төсвийн болон Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Л.Заяабал гишүүн танилцуулав. Инновац, цахим бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Ж.Галбадрах гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Х.Булгантуяа гишүүн, Аж үйлдвэржилтийн бодлогын болон Ёс зүй, дэгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Д.Батбаяр гишүүн танилцууллаа.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх илтгэл болон аудитын дүгнэлттэй холбогдуулан Дэд хорооны хуралдаанд оролцож буй гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Аудитын байгууллагаас өгсөн зөвлөмж, шаардлагын хэрэгжилтийн талаар талаар тодруулсан Р.Батболд гишүүний асуултад “Аудитын дүгнэлт гарч, төсвийн захирагч бүрд хуулийн хугацаанд тайланг хүргүүлдэг. Энэхүү тайланд төрийн аудитын байгууллагаас өгсөн зөвлөмж, шаардлагын хэрэгжилтийг ирүүлэх хугацаатай байдаг. Иймд бүх шатны төсвийн захирагч нар аудитаас өгсөн зөвлөмж, шаардлагыг хэрэгжүүлэх хугацаат төлөвлөгөө гаргаад ажилладаг. Өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлантай холбоотой аудитын зөвлөмж, шаардлагыг хэрэгжилтийг 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхэлж давтан аудит хийхдээ үнэлж, тайланд нь тусгадаг. Төрийн аудитын тухай болон Төсвийн тухай хуулиар аудитын зөвлөмж, шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцдог болсон. Энэ талаар мөн тайлан бэлтгэж, хуулийн хугацаанд Улсын Их Хуралд хүргүүлэх юм” гэдэг хариултыг ажлын хэсгээс өгсөн. Төсвийн урсгал зардлыг үе шаттайгаар бууруулах шаардлагын талаар П.Ганзориг гишүүн тайлбарлаад энэ чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар лавлав. Сангийн сайд Б.Жавхлан хариулахдаа “Энэ оны төсвийн тодотголын төсөл батлагдахтай зэрэгцэн цаашид төсвийн урсгал зардал ДНБ-ийн 30 хувиас хэтэрч болохгүй байх зохицуулалт хуульчлагдана. Төсөв улсын эдийн засгийн өсөлтөө дэмжиж байгаа, үүнийг 2021 онд 36 их наяд төгрөг байсан ДНБ ирэх онд 95 их наяд төгрөг болохоор байна. Гурав дахин нэмэгдэж байгаа. Энэ өсөлтийг өрх бүрд, иргэн бүрд хэрхэн хүргэх вэ гэдэг дээр хамтарсан Засгийн газар төвлөрч байгаа” гэдэг хариултыг өгсөн.
Үргэлжлүүлэн Б.Жавхлан сайд он дамнан, төсвийн хөрөнгөөр хэрэгждэг төсөл, арга хэмжээний талаарх гишүүний асуултад хариулахдаа “Цаашид энэ чиглэлээр төсвийн шинэ бодлогуудыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах болно. Төсвийн тухай хуульд аливаа төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг гурван жилээс хэтрүүлэхгүй байх зохицуулалт туссан. Сүүлийн жилүүдэд төсвийн хөрөнгө оруулалттай төсөл, хөтөлбөрийг аль болох богино хугацаанд хэрэгжүүлж байгаа” гэдэг тайлбарыг өгсөн. Ийнхүү Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Л.Заяабал, Ж.Баясгалан, Д.Цогтбаатар, Ж.Баярмаа, Д.Батбаяр нар асуулт асууж, Сангийн сайд болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлантай холбоотой асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Л.Заяабал нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн. Улсын Их Хурлаар төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх үед төсвийн ерөнхийлөн захирагчид гүйцэтгэлээ хамгаалахаас илүүтэй алдаа дутагдлаа засах, залруулах чиглэлд анхаарах ёстойг хэлээд Активын удирдлагын тухай болон Дотоод аудитын тухай хуультай болох шаардлагын талаар Х.Булгантуяа гишүүн байр сууриа илэрхийлсэн бол ирэх жилүүдэд бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх чиглэлд төрийн албан хаагч бүр дор бүрнээ анхаарах шаардлагын талаар Л.Заяабал гишүүн хэлж, чанарын үзүүлэлтийг гаргаж байх талаар байр сууриа илэрхийлсэн юм.
Хуралдаан санал хураалтаар үргэлжилсэн юм. “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжих эсэх томьёоллоор санал хураахад гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ. Ийнхүү Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.