Цэс

Холбоо барих

АБГББХ: Нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.08.29/ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга Төсвийн гүйцэтгэлийн талаарх илтгэлийг танилцуулав.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2023 онд 23.3 их наяд төгрөг,  нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 22.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай төлөвлөгдсөнөөс 785.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан ба сүүлийн жилүүдэд дараалан төсвийн алдагдлыг үе шаттайгаар буурууллаа хэмээн танилцуулгын эхэнд онцолсон.

Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус Байнгын хороонд харьяалагдах Монгол Улсын Ерөнхий сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайд /Онцгой байдлын асуудал эрхэлсэн/, Гадаад харилцааны сайд, Батлан хамгаалахын сайдын багцын нийт 112 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан байна.

Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 918.8 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, үүнээс урсгал зардалд 849.6 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 69.2 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Нийт зарлага болон цэвэр зээлийн дүнгийн 42.0 хувь буюу 386.3 тэрбум төгрөгийг Батлан хамгаалахын сайд, 24.2 хувь буюу 222.3 тэрбум төгрөгийг Монгол улсын ерөнхий сайд, 19.7 хувь буюу 180.9 тэрбум төгрөгийг Монгол улсын шадар сайд, 12.5 хувь буюу 115.3 тэрбум төгрөгийг Гадаад харилцааны сайд, 1.5 хувь буюу 14.0 тэрбум төгрөгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зарлага эзэлж буй аж.

Улсын төсвөөс 881.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 41.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн байна. 

Тус Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын талаар Монгол Улсын ерөнхий аудитор Д.Загджав танилцуулсан.  

Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 55 тайлан нэгтгэгдсэнээс 5 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 50 байгууллагыг түүвэрт хамруулжээ.  

Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Өөрчлөлтгүй”, харьяа 4 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 1 байгууллагад ‘’Хязгаарлалттай‘’ дүгнэлт өгчээ.  

Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 414.3 сая төгрөгийн 27 зөрчил илэрснээс 5.6 сая төгрөгийн 6 төлбөрийн акт тогтоож, 22.3 сая төгрөгийн зөрчлийг арилгах 6 албан шаардлага хүргүүлж, 385.4 сая төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 15 зөвлөмж хүргүүлжээ.   

Санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн асуудлаар 186.4 сая төгрөгийн 8 зөрчил илэрснээс 12.6 сая төгрөгийн зөрчлийг арилгах 4 албан шаардлага хүргүүлж, 173.8 сая төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 4 зөвлөмж өгсөн аж. 

Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн тайланд 94 тайлан нэгтгэснээс 37 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 57 байгууллагыг түүвэрт хамруулсан байна. 

Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн тайлан нэгтгэсэн тайланд  “Өөрчлөлтгүй”, харьяа 31 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 6 байгууллагад ‘’Хязгаарлалттай‘’ дүгнэлт өгчээ.  

Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 3.7 тэрбум төгрөгийн 76 зөрчил илэрснээс 21.5 сая төгрөгийн зөрчилд 4 төлбөрийн акт тогтоож, 2.4 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 16 албан шаардлага хүргүүлж, 1.3 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 56 зөвлөмж өгсөн байна.  

Санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн асуудлаар нийт 3.7 тэрбум төгрөгийн 13 зөрчил илэрснээс, 34.0 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож, 3.6 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 3 албан шаардлага хүргүүлж, 9 зөрчлийг арилгах зөвлөмж өгчээ.  

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 24.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 11.9 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 6 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, төсөл, арга хэмжээний санхүүжилт 100 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна. 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын төсвийн 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгчээ. 

Санхүүгийн нэгтгэсэн тайланд 3 тайлан нэгтгэснээс 1 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 2 байгууллагыг түүвэрт хамруулан, санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн 66.4 сая төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 3 зөвлөмж өгсөн хэмээн танилцуулав. 

Аудитын дүн, дүгнэлтээс үндэслэн дараах асуудалд анхаарал хандуулахыг зөвлөсөн байна.   

·    Төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлсэн хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүн, чанар, тоон хэмжээг төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж баталгаажуулах; 

·      Орлогын төлөвлөгөөг үндэслэлтэй төлөвлөж, орлогын гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах; 

·    Гадаад харилцааны сайд, Сангийн сайдын 2012 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн A/18/50 дугаар хамтарсан тушаалаар баталсан ‘’Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудад олгох зардал хангамжийн тухай‘’ журамд-байр түрээслэх, сургалтын төлбөр төлөх, суугаа орны эрүүл мэндийн даатгалд даатгуулахтай холбоотой зохицуулалтуудыг тухайн орны онцлогт нийцүүлэн тодорхой болгох; 

·     Зэвсэгт хүчний харьяа ангиуд байрлаж байгаа болон эзэмшлийн нууц болон маш нууц шийдвэрээр олгосон газарт татварын хөнгөлөлт, чөлөөлт  олгох эсэх талаар судалж, шийдвэрлүүлэх;   

·      Худалдан авах ажиллагааг хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах; 

·      Аудитаар тогтоосон төлбөрийн акт, өгсөн албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах зөвлөмжийг өгсөн. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Батлагдсан төсвийн хөрөнгө оруулалт, урсгал зардал бүрэн зарцуулагдаж байх учиртай. Байгууллагууд батлагдсан төсөв, хөрөнгө оруулалтаа бүрэн зохион байгуулж, хэрэгжилтийг хангаж чадсан уу. Ямар байгууллагад хангалтгүй дүн гарсан бэ, яагаад ийм байдал үүсэв хэмээн тодруулсан.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, Сангийн яам төсөв батлагдсаны дараа төсвийн хуулийн хэрэгжилтийг хангахад, ялангуяа хөрөнгө оруулалтад онцгой анхаарч ажилладаг. Улсын ирэх оны төсөв 11 дүгээр сарын 15-нд батлагдангуут худалдан авалтыг зохион байгуулж, дараа оны 04 дүгээр сарын 1 гэхэд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байх шаардлагыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалган ажиллаж байна. Өмнөх жилүүдэд хөрөнгө оруулалтын гүйцэтгэл дунджаар 80 гаруй хувьтай явдаг байсан бол сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 90 гаруй хувьтай гарч байгаа. Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл дээр үүсдэг хүндрэлтэй асуудал нь ажлын явц дунд валютын ханш болон зарим материалын үнийн өсөлтөөс үүдэн гардаг. Бид Төсвийн тухай хуульд заасны дагуу батлагдсан төсвийн хүрээнд ажлын гүйцэтгэл, явцтай нь уялдуулан зохицуулалтын арга хэмжээг авч ажиллаж байгаа. 2023 оны гүйцэтгэлээр Шадар сайдын багц дээрх хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 99 хувь, Эдийн засаг, хөгжлийн сайдынх 82,6 хувь, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргынх 98 хувь, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдынх 97 хувь, Батлан хамгаалахын сайдынх 100 хувь, Сангийн сайдынх 98 хувь, Хууль зүй, дотоод хэргийн сайдынх 99 хувь, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдынх 95 хувь, Барилга, хот байгуулалтын сайдынх 97 хувь, Соёлын сайдынх 97 хувь, Зам, тээврийн хөгжлийн сайдынх 97 хувь, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдынх 98 хувь, Эрчим хүчний сайдынх 99 хувь, Эрүүл мэндийн сайдынх 96 хувь, Цахим хөгжлийн сайдынх 98 хувь, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороон даргынх 99 хувийн гүйцэтгэлтэй гарсан гэсэн хариулт өгсөн.

УИХ-ын гишүүн Д.Ганбат, Баянхонгор аймагт хэрэгжүүлж байгаа Хөдөө аж ахуйн кластер байгуулах төслийн гүйцэтгэл 50-60 орчим хувьтай харагдаж байна лээ. Гэтэл ажлын гүйцэтгэл 70-80 хувьтай гэж гарсан байх юм. Мөнгөө авчихаад ажлаа хийхгүй байна. Хяналтгүй, хариуцлага тооцдоггүй явдал газар авчээ. Үүнд тайлбар авья хэмээлээ.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээнүүдийн газар дээрх хяналтыг захиалагч нь тавьдаг. Баянхонгор аймагт Хөдөө аж ахуйн кластер төсөл, газар тариалангийн, малын тэжээлийн дэд төслүүд хэрэгжиж байгаа. Нийт 10 тэрбумын төсөвт өртгөөс 4.2 тэрбумыг авсан. Захиалагч нь хяналтаа тавьж, гүйцэтгэлийг нь баталгаажуулдаг. Бүх албан тушаалтнууд гарын үсгээ зурж, тамга тэмдгээ дараад Сангийн яам руу илгээдэг. Сангийн яам түүн дээр нь үндэслээд санхүүжилтийг олгодог. Сангийн яам ажлын гүйцэтгэл нь хангалтгүй байгаа асуудлыг онцгой анхаарч, тэдгээр компаниудад хариуцлага тооцож,  дахин тендерт оролцуулахгүй байх “саарал” жагсаалтад оруулан, олон нийтэд мэдээлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа гэсэн хариулт өглөө.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл