Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр /2024.08.28/ хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулга хийв.
Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2023 онд 23.3 их наяд төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 22.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай төлөвлөгдсөнөөс 785.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан ба сүүлийн жилүүдэд төсвийн алдагдлыг үе шаттайгаар буурууллаа хэмээсэн.
Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус байнгын хороонд харьяалагдах Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцын нийт 155 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан гэв.
Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 501.8 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, урсгал зардалд 394.1 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 91.4 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
Нийт зарлага болон цэвэр зээлийн дүнгийн 27.5 хувь буюу 138.0 тэрбум төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, 72.5 хувь буюу 363.7 тэрбум төгрөгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцын зарлага эзэлж буй аж.
Улсын төсвөөс 478.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 62.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн хэмээн танилцуулсан.
Тус Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын талаар Монгол Улсын ерөнхий аудитор Д.Загджав танилцуулсан.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын /хуучнаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд/ эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 92 санхүүгийн тайлан нэгтгэснээс 53 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 39 байгууллагын санхүүгийн тайланг аудитын түүвэрт хамруулжээ.
Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн бөгөөд харьяа 45 байгууллагын санхүүгийн тайланд “Өөрчлөлтгүй”, 8 байгууллагын санхүүгийн тайланд “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн байна.
Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 8.9 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 0.1 тэрбум төгрөгийн зөрчилд 35 төлбөрийн акт тогтоож, 6.6 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 65 албан шаардлага, 0.5 тэрбум төгрөгийн 1 асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, 1.7 тэрбум төгрөгийн зөрчилд 56 зөвлөмж өгчээ.
Нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой 21.8 тэрбум төгрөгийн алдаа илэрснээс аудитын явцад 21.8 тэрбум төгрөгийн алдааг залруулж, 5 зөвлөмж өгч, санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн асуудлаар нийт 4.2 тэрбум төгрөгийн 33 зөрчил илэрснээс, 3.8 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 8 албан шаардлага, 4 албан тушаалтанд хариуцлага тооцох 2 албан шаардлага хүргүүлж, 0.4 тэрбум төгрөгийн зөрчилд 23 зөвлөмж өгсөн байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 48.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 18.5 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 24 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Төсөл, арга хэмжээний санхүүжилтийн гүйцэтгэл 70.0 хувьтай байна гэж дүгнэжээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 64 санхүүгийн тайлан нэгтгэснээс 53 байгууллагад дүгнэлт гаргаж, 11 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан байна.
Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн бөгөөд харьяа 39 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 13 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгч, 1 байгууллагад “Сөрөг” дүгнэлт өгчээ.
Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 326.2 тэрбум төгрөгийн 157 зөрчил илэрснээс 0.2 тэрбум төгрөгийн зөрчилд 27 төлбөрийн акт тогтоож, 311.5 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 53 албан шаардлага, 14.5 тэрбум төгрөгийн зөрчилд 77 зөвлөмж өгсөн байна.
Нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой 72.4 тэрбум төгрөгийн алдаа илэрснээс аудитын явцад 51.5 тэрбум төгрөгийн алдааг залруулж, 20.9 тэрбум төгрөгийн алдааг дахин давтан гаргахгүй байх 5 зөвлөмж өгчээ.
Санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн асуудлаар нийт 34.8 тэрбум төгрөгийн 72 зөрчил илэрснээс, 33.2 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 28, хариуцлага тооцуулах 2 албан шаардлага тус тус хүргүүлж, 1.6 тэрбум төгрөгийн зөрчилд 42 зөвлөмж хүргүүлсэн байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 138.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 74.7 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй шилжин хэрэгжих 47 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан байна. Нийт төсөл, арга хэмжээний ажлын бодит гүйцэтгэл 91.0 хувьтай, бүрэн хэрэгжиж дууссан 25, хэрэгжилт дутуу болон хэрэгжээгүй 22 төсөл, арга хэмжээ байна хэмээн дүгнэжээ.
Аудитын дүгнэлтэд үндэслэн цаашид анхаарах дараах асуудлууд байгааг тэрбээр онцолсон.
· Засгийн газрын 2015 оны 310 дугаар тогтоолоор татан буулгасан "Аялал жуулчлалын үндэсний төв", ЗГ-ын 2022 оны 243 дугаар тогтоолоор татан буулгасан Монгол ус төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын авлага, өр төлбөр, үндсэн хөрөнгө, цэвэр хөрөнгийг шийдвэрлэж хаалтын баланс гаргах;
· Урьдчилж гарсан зардал дансанд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, цэвэр агаар сангаас 2012 онд олгосон нэр бүхий 9 байгууллагын 9.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн олон жил болсон үлдэгдэлтэй, үр дүнг хянаж шийдвэрлэх;
· Дуусаагүй үйлдвэрлэл дансанд бүртгэлтэй орчны бохирдлыг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд 2019-2021 онд гүйцэтгэсэн аймгуудын Дулааны цахилгаан станцад шүүлтүүр суурилуулах ажлын 3.1 тэрбум төгрөг, аюултай хог хаягдлыг түр хадгалах агуулах барих ажлын 2.2 тэрбум төгрөг, лаг шатаах үйлдвэр барих 0.4 тэрбум төгрөг, төвийн дулааны шугам сүлжээний ажлын 2.9 тэрбум төгрөг, хийн халаагуур нийлүүлэх ажлын 0.7 тэрбум төгрөг, нийт 9.4 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг дуусаагүй асуудлыг шийдвэрлэх;
· БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Сангийн яам Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны хооронд байгуулсан дамжуулан зээлийн гэрээний 117.9 тэрбум төгрөг, санхүүгийн түрээсийн өр төлбөр барагдуулах гэрээний 31.8 тэрбум төгрөг, нийт 149.7 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн өр төлбөрийн үлдэгдлийг барагдуулах;
· Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон муу зээлийн ангилалд бүртгэлтэй 99.4 тэрбум төгрөгийн зээлийн авлагыг барагдуулах;
· “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн авлагын дансанд бүртгэлтэй 107.4 тэрбум төгрөгийн тооцоог хийж, үлдэгдлийг баталгаажуулах;
· Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж, улсын комисс хүлээн авсан 2.4 тэрбум төгрөгийн барилга, байгууламжийг ашиглагч байгууллагад шилжүүлэх;
· “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн санхүүгийн тайланд ХХААХҮС-ийн эрхлэх асуудлын хүрээний 29 байгууллагуудаас авах ХАА-н бага оврын трактор, жимс, жимсгэнэ үндэсний хөтөлбөрийн хүрээнд жимсгэний суулгацыг дамжуулан олгосон зээлийн болон бусад дэмжлэгийн 6.6 тэрбум төгрөгийн авлага бүртгэлтэй боловч аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрууд болон бусад харьяа газруудын санхүүгийн тайланд өр төлбөрөөр бүртгэх гэсэн зөвлөмжийг өгсөн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Уянга, Усны нөөц, нуур, гол мөрний менежмент, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд 2023 онд 1.1 тэрбум төгрөг, ус цаг уур, орчны судалгаа шинжилгээнд 1.6 тэрбум төгрөгийг салбарын яамны төсөвт тавьж байжээ. Энэ тоо ирэх онуудын төсөвт нэмэгдэх үү. Эрдэм шинжилгээ, судалгааныхаа ажлуудыг тендер зарлаж, баг хамт олноор гүйцэтгүүлдэг үү, ШУА-тай хэрхэн хамтарч ажилладаг вэ хэмээн асуусан. Тэрбээр, үе үеийн судалгаануудтай хаанаас танилцаж болох вэ гэж асуусан.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Салбарын сайдын төсвийн багцад усны нөөц, нуур, гол мөрний менежментийн зардал, ус, цаг уур, орчны шинжилгээний зардал хоёр тусдаа суудаг. Ус, цаг уур, орчны шинжилгээний зардал нь Цаг уур, орчны шинжилгээний газар болоод түүний харьяа орон нутаг дахь болон судалгааны хүрээлэн байгууллагуудын нийт зардал байдаг. Усны нөөц, нуур, гол мөрний менежментийн зардал хөтөлбөрийн зардал болоод судалгаа, шинжилгээний ажилд зарцуулагддаг. 2023 онд 1.1 тэрбумаар батлагдаж байсан төсөв 2024 онд 9.3 тэрбум болж нэмэгдсэн. Ер нь усны гидрогеологийн хайгуул судалгаа, гүний усны нөөцийн судалгаанд өндөр ач холбогдол өгч байна. 2025 оны төсвийн төсөлд мөн олон асуудлыг тусгаад байгаа. Одоогийн байдлаар гидрогеологийн дунд масштабын зураглал хийгдсэн нутаг дэвсгэрийн хэмжээ нийт газар нутгийн 17.3 хувь байгаа. Ирэх жилүүдэд 20 хувьд хүргэх зорилттой байна. Салбарын хүрээнд хийгдэж байгаа судалгааны ажлуудыг гол төлөв ШУА-ийн Гео экологийн хүрээлэнтэй хамтарч хийдэг. Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэн мөн оролцдог. Тайлан мэдээллүүд нь Байгаль орчны тухай хуулиар үйл ажиллагааг нь зохицуулдаг манай байгаль орчны нэгдсэн мэдээллийн санд байгаа. Үүнээс авч танилцах боломжтой гэсэн хариулт өгсөн.
УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлснээр тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлэг өндөрлөж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.