Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.08.28/ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулга хийв.
Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2023 онд 23.3 их наяд төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 22.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай төлөвлөгдсөнөөс 785.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан ба сүүлийн жилүүдэд дараалан төсвийн алдагдлыг үе шаттайгаар буурууллаа гэлээ.
Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус байнгын хороонд харьяалагдах Монгол Улсын Их хурлын тамгын газар, Үндэсний аудитын газар, Сангийн сайдын багцын нийт 218 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргажээ.
Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 3,708.2 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, үүнээс урсгал зардалд 2,322.6 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 1,242.9 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
Нийт зарлага болон цэвэр зээлийн дүнгийн 97.4 хувь буюу 3,613.1 тэрбум төгрөгийг Сангийн сайд, 1.8 хувь буюу 66.4 тэрбум төгрөгийг Монгол Улсын Их хурлын тамгын газар, 0.8 хувь буюу 28.6 тэрбум төгрөгийг Үндэсний аудитын газрын зарлага эзэлж байгаа аж.
Улсын төсвөөс 2,302.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 1,217.6 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн байна гэсэн мэдээллийг өгөв.
Аудитын дүгнэлтийг Монгол Улсын ерөнхий аудитор Д.Загджав танилцуулсан.
Тэрбээр, Төрийн аудитын тухай хуульд заасан бүрэн эрх, Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийлээ.
Тус байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын талаар товч танилцуулъя.
Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 227 тайлан нэгтгэгдсэнээс 104 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 1 байгууллага аудитад хамрагдаагүй, 122 байгууллагыг аудитын түүвэрт хамрууллаа.
Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Өөрчлөлтгүй”, харьяа 96 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 8 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн.
Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 29.8 тэрбум төгрөгийн 181 зөрчил илэрснээс, 25.8 сая төгрөгийн зөрчилд 20 төлбөрийн акт тогтоож, 11.6 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 62 албан шаардлага хүргүүлж, 4.2 тэрбум төгрөгийн зөрчилд 94 зөвлөмж өгч, 14.0 тэрбум төгрөгийн зөрчилд хариуцлага тооцуулах 5 албан шаардлага хүргүүлсэн.
Нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой 297.6 тэрбум төгрөгийн алдаа илэрснээс аудитын явцад 296.9 тэрбум төгрөгийн алдааг залруулж, 0.7 тэрбум төгрөгийн алдааг дахин давтан гаргахгүй байх 8 зөвлөмж өглөө.
Санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн асуудлаар шилэн дансны тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой 194.5 тэрбум төгрөгийн 62 зөрчил, бусад хууль тогтоомжтой холбоотой 34.4 тэрбум төгрөгийн 37 зөрчил, нийт 228.9 тэрбум төгрөгийн 99 зөрчил илэрсэн байна. Үүнээс 154.5 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 39 албан шаардлага, 57.5 тэрбум төгрөгийн зөрчилд 53 зөвлөмжийг өгч, 16.9 тэрбум төгрөгийн зөрчилд хариуцлага тооцох 7 албан шаардлагыг хүргүүлсэн.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 451.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 201.9 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 6 төсөл, арга хэмжээг төлөвлөсөн. Төсөл, арга хэмжээний санхүүжилтийн гүйцэтгэл 62.0 хувьтай хэрэгжсэн байна гэлээ.
Монгол Улсын ерөнхий аудитор Д.Загджав, Байнгын хороо аудитын дүн, дүгнэлтээс үндэслэн дараах асуудлуудад анхаарал хандуулахыг зөвлөж байгааг уншиж дуулгасан.
· Зээл, буцалтгүй тусламжийн гэрээний хугацаа дууссан, дамжуулан зээлийн болон шүүхийн маргаангүй төсөл, хөтөлбөрийн нэгжийн данс бүртгэлд тусгасан хөрөнгийг эзэмшигч, ашиглагч байгууллагад шилжүүлж, дуусгалтын тайланг бэлтгэж, төслийн хаалтыг хийж үр дүнг үнэлж байх;
· Төслийн хэрэгжилт хангалтгүй, үр дүнг үнэлээгүй, төслийн санхүүжилтээр бий болсон хөрөнгийг эзэмшигч байгууллага данс бүртгэлдээ тусгаагүй, гадаад зээлийн эх үүсвэртэй төсөл хөтөлбөрийн үйл ажиллагааг төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлэхгүй, хугацаа сунгадаг, төслийг хэрэгжүүлэгч, захиалагч байгууллагаас тавих хяналтыг сайжруулах зэрэг зөрчлийг арилгах гэсэн зөвлөмжийг өгсөн.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүд Эрүүл мэндийн даатгалын, Хөдөө аж ахуйг дэмжих, Боловсролын зээлийн болон бусад сангуудын зарцуулалтын талаар асууж мэдээлэл авсан. Мөн Эрүүл мэндийн даатгалын болон Нийгмийн даатгалын сангийн 100 гаруй тэрбум төгрөгийг “Чингис хаан” банканд байршуулсаны учрыг тодруулан, энэ мөнгийг хэрхэн буцааж авах талаар лавлаж байлаа. Дампуурлаа зарласан “Капитал” банканд дээрх сангуудын хэдий хэмжээний мөнгө байгаа, төрд буцаан авах ажил ямар шатанд буйг тодруулсан. Түүнчлэн гадаадын зээл тусламжийг дамжуулан зээлүүлсэн гэсэн асуудлыг хөндсөн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 2023 онд улсын төсвийн хөрөнгийг тендер зарлалгүй зарцуулсан гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд түгээд байгааг тодотгоод, яамд хэчнээн төгрөгийн төсвийг тендергүй зарцуулсан талаар мэдээлэл хүссэн. Мөн гадаадын зээл тусламжийн 200 гаруй тэрбум төгрөгийг “Бэрэн” группт дамжуулан олгосон гэх асуудлыг тодруулж байлаа.
Үндэсний аудитын газрын Санхүү, нийцлийн аудитын газрын дарга Ц.Наранчимэг,
Эрүүл мэндийн даатгалын сан, Боловсролын зээлийн сангийн 2023 оны санхүүгийн тайланд аудит хийгээд “Хязгаарлалттай” гэсэн санал, дүгнэлтийг өгсөн. Эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн байгууллагуудад олгох тусламж, үйлчилгээний санхүүжилтэд 1,4 их наяд төгрөг, эмийн хөнгөлөлтөд 80 тэрбум төгрөг, үйл ажиллагааны зардалд 10,3 тэрбум төгрөг зарцуулсан байна. УИХ-аас 40 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн санд баталж өгсөн. Нийт төсвийн 85-87 хувийг эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд зарцуулжээ гэсэн хариултыг өгсөн.
Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Б.Цогбадрах, 2023 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас 111 улсын эмнэлэгт 860,7 тэрбум төгрөг, 231 хувийн эмнэлэгт 217,2 тэрбум төгрөг, 328 сумын Эрүүл мэндийн төвд 175,8 тэрбум төгрөг, 216 өрхийн эмнэлэгт 171,8 тэрбум төгрөг, 1565 эмийн санд 89,9 тэрбум төгрөг, 50 лабораторид эрт илрүүлгийн 36,8 тэр тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон гэлээ.
Мөн тус яамны Санхүүгийн хөрөнгийн удирдлагын хэлтсийн дарга С.Тулга, 2012 онд Сангийн яам БНХАУ-аас авсан 239,2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээ тухайн үеийн Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яаманд дамжуулан зээлдүүлж, гэрээ байгуулсан байна. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам нь цаашаа “Бэрэн” групптэй 173,6 тэрбум төгрөг, “Цагаан хуаран консалтинг” ХХК-тай 65,6 тэрбум төгрөгийн дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулаад, өр авлагын аливаа маргаан үүссэн тохиолдолд арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ хэмээн гэрээндээ тусгажээ. Энэ гэрээтэй холбоотой арбитрын маргаан үүсгээгүй, одоо хугацаа хэтэрсэн авлагад бүртгэгдээд явж байна. Зээлийн ерөнхий хэлэлцээрийг УИХ-аар батлуулсан бөгөөд энэ нь арилжааны шинж чанартай, эдийн засгийн үр ашигтай зээл учраас Өрийн удирдлагын тухай хуулиар үүнийг дамжуулах үүрэгтэй байдаг. Хуульд заасны дагуу нийгмийн шинж чанартай биш учир харьяалах яам руу нь төслийнх нь ач холбогдолтой уялдуулаад дамжуулсан байна.
Тухайн төсөл нь барилга бариад ашиг олох арилжааны шинж чанартай байсан учир Засгийн газар дамжуулан зээлэхдээ дэд зээлдэгч болох Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамаар дамжуулсан байгаа юм. Эцсийн зээлдэгч нь “Бэрэн” болон “Цагаан хуаран консалтинг” ХХК юм. Дэд зээлдэгчийн үүрэг нь эцсийн зээлдэгчийн эргэн төлөлтийг хариуцах байдаг. Сангийн яам, төрийн өмчийн компани, орон нутаг, яамдтай бүгдтэй нь төслийн шинж чанартай нь холбогдуулан дамжуулан зээлийн гэрээ байгуулдаг. Дэд зээлдэгч нь эргэн төлөлт дээр бүрэн хариуцлага хүлээдэг гэсэн хариултыг өгсөн юм.
Монгол Улсын ерөнхий аудитор Д.Загджав, 2023 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 7,3 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 1139 төсөл арга хэмжээг төсөвлөжээ. Энэ бүгдэд гүйцэтгэлийн аудит хийсэн. Аудитаар Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах хууль, журам зөрчиж тендер зарласан зөрчил илрээгүй. Харин улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг хэрэгцээ шаардлага, тэргүүлэх асуудал, эдийн засгийн үр өгөөжөөр нь эрэмбэлээгүй, санхүүжилтийг хэрэгжих хугацаатай нь уялдуулж төлөвлөөгүй, хэрэгжилтэд нь тулгарсан асуудлыг шийдвэрлэх хугацаа, дараалал нь тодорхойгүй, гэрээний хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт хангалтгүй гэсэн зөрчлүүд илэрсэн. Үүний дагуу төсвийн ерөнхийлөн захирагчдад 11 зөвлөмж өгч, илэрсэн зөрчилд нь найман их наяд гаруй төгрөгийн 11 төлбөрийн акт тогтоож, 2.8 их наяд төгрөгийн 15 албан шаардлагыг хүргүүлж ажилласан. Цаашид төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд тавих хяналт, хариуцлагын тогтолцоог үнэлэх, барилга байгууламжийн зураг төсөл гүйцэтгэлд илэрч байгаа нийтлэг зөрчил ,тулгарч буй асуудалд судалгаа шинжилгээ хийж эрх зүйн орчныг сайжруулах замаар хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэсэн мэдээлэл өгсөн.
Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир, Монголбанкнаас “Капитал” банканд 2019 оноос Бүрэн эрхт төлөөлөгчийг томилон ажиллуулж байна. Тэрхүү банкны үйл ажиллагаа, санхүүгийн гүйцэтгэл, өр, авлага зэрэг бүх арга хэмжээг Бүрэн эрхт төлөөлөгч, түүний баг хариуцдаг учир “Капитал” банктай холбоотой асуултад хариулах бололцоо хязгаарлагдмал байна. “Чингис хаан” банкны нөхцөл байдал сүүлийн хоёр, гурван жил хүндрэлтэй байгаа. Тэгэхдээ шинэ хувьцаа эзэмшигчид, гадны хөрөнгө оруулагчид орж ирэх гэж байгаа, хувь нийлүүлж байгаа тухай мэдээллийг удаа дараа Монголбанк, Банкны хяналт шалгалтын хороонд өгсөн. Монголбанкнаас “Чингис Хаан” банканд тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа. Нэлээд үр дүнтэй байгаа гэдэг мэдээллийг Монголбанкны хяналт шалгалтын хороонд өгч байгаа. Төртэй холбоотой өр, авлага холбогдох хуульд заасан дарааллынхаа дагуу төлөгдөөд явж байгаа гэсэн хариулт өгсөн юм.
УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлснээр тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлэг өндөрлөж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.