Цэс

Холбоо барих

ХЗБХ: Төсвийн тодотголын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн талаарх хууль зүйн дүгнэлт сонсов


Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.08.27) хуралдаан 13 цаг 05 минутад гишүүдийн 59.1 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан гаргасан хууль зүйн дүгнэлтийг сонсов. Хууль зүйн байнгын хорооноос ирүүлсэн хүсэлтийн дагуу гаргасан дүгнэлтийг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Ч.Дондогмаа хуралдаанд танилцуулав.


Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх талаар, төслийн тодорхой зүйл, хэсэг, заалт хоорондоо зөрчилдсөн эсэх талаар дүгнэлт гаргуулах хүсэлтийн хүрээнд дүгнэлтийг гаргажээ. Төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх дүгнэлтийг гаргасан бөгөөд Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Цөмийн энергийн тухай хуулийн холбогдох зүйлүүдэд “боловсролын” гэснийг “цөмийн энергийн” гэж өөрчлөхөөр тусгасан. Үүнтэй уялдуулан тус хуулийн 10.2-т Цөмийн энергийн комиссын дарга нь шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна гэж заасны “шинжлэх ухааны” гэснийг “цөмийн энергийн” гэж өөрчлөх шаардлагатай байсан. Энэ зохицуулалт хөндөгдөөгүй үлдсэн тул дүгнэлтээр гарсан саналын хүрээнд Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хамруулбал зохих заалтыг орхигдуулсан гэж үзээд энэ зохицуулалтыг өөрчлөх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Г.Уянгахишиг, Д.Цогтбаатар нар хууль зүйн дүгнэлттэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Дараа нь хууль зүйн дүгнэлтийн 3 дугаар хэсэг буюу дээрх дүгнэлтийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 64 хувь нь дэмжсэн юм. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл