Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг даваа гараг хүртэл завсарлага авлаа

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2024.08.23) үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураасны дараа Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцлаа. Улсын Дээд шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалтын нөөцийн оноогоор нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Энэбишийн Золзаяаг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилиг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа нэр дэвшигчийн товч намтар, хуульд заасан шалгуур хангасан байдлын талаар дэлгэрэнгүй дурдсан юм.

Нэр дэвшигч Э.Золзаяа 1970 онд Улаанбаатар хотод төрсөн, 1978-1988 онд Нийслэлийн 18 дугаар дунд сургууль, 1988-1994 онд ОХУ-ын Москва хотноо Нийтийн ахуй үйлчилгээний улсын академид суралцан инженер мэргэжил эзэмшиж, 1996-1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжил, бакалавр зэрэг, 2009-2016 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалжээ. Тэрбээр, 1999-2004 онд Нийслэлийн шүүхийн тамгын газарт Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2004-2006 онд Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч, 2006-2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч, 2014-2015 онд Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч, 2015 оноос Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллажээ. Төрийн албанд 24 жил, долоон сар, шүүгчээр 19 жил, есөн сар, үүнээс давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 10 жил, зургаан сар ажилласан тэрбээр эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй, хууль зүйн мэдлэг чадварын шалгалтад 54.54 оноо, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад 22.17 оноо авч хяналтын шатын шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн, сүүлийн зургаан жил улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй зэрэг зохих шаардлагыг хангасан байна.

Өнөөдрийн байдлаар, Улсын дээд шүүхэд 24 шүүгч ажиллаж байгаагаас 18 нь шүүгч, зургаа нь прокурор, өмгөөлөгч, магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн их дээд сургуулийн багш буюу бусад хуульчдын төлөөлөл байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилиг дурдаж, энэ харьцаа нь хуулиар тогтоосон нөхцөл шаардлагыг хангаж буйг тэмдэглэсэн юм.

Нэр дэвшигчийг Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Улсын Их Хуралд танилцуулахаар ирүүлсэн асуудлыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар нэр дэвшигчтэй танилцах үед Улсын Их Хурлын гишүүн Б.Батрдэнэ Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалтад авбал зохих оноо, анхан болон давж заалдах шатын шүүх бүрэлдэхүүнийг тухайн шүүхийн ерөнхий шүүгч дангаар шийдвэрлэдэг эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин шинжлэх ухааны академик маргааны асуудлаар ямар зарчим барьж ажиллах, Улсын Дээд шүүхээс хууль, хууль хэрэглээний тайлбар гаргахтай холбоотой асуудлаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандагчир шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн шүүгч, шүүгчдийн нөөцийн талаар, мөн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд шалгалт өгч орох сонирхолтой шүүгч хангалттай байгаа, эсэх талаар, Шүүхийн тухай болон иргэний хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой хууль, тогтоомжийн талаарх нэр дэвшигчийн байр суурийг, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал Хуульчдын холбооны талаар болон үндсэн эрхийн маргааны талаар асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд түүнээс Улсын Дээд Шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн хувьд олон нийтэд хандан шударга ёсны талаарх байр сууриа илэрхийлэхийг хүсэж, Улсын дээд шүүхийн жендерийн харьцаа тэнцвэртэй, эсэх талаар асууж хариулт авчээ. Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, С.Эрдэнэболд, Х.Тэмүүжин нар нэр дэвшигчид хандан үг хэлсэн байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн танилцуулга болон Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч нараас асуулт асуусан юм. Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан олон нийтийн дунд шүүхийн нэр хүнд ихээхэн унаад байгааг хэрхэн сэргээх, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат хөдөлмөрийн хэрэг маргааны талаар, Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх тухай, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг шүүн таслах үйлчилгээний чанарыг сайжруулах, боловсон хүчний нөөцийг бэлтгэх, бизнесийн маргааныг шийдвэрлэх арилжааны хуулийн асуудлаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат шударга, хараат бус шүүх тогтолцооны талаар, О.Цогтгэрэл шүүхийн тогтолцоо, хуулийн засаглалд иргэдийн итгэлийг хэрхэн нэмэгдүүлэх, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан шүүхийн шинэчлэлд шүүгчдийн өөрсдийн хандлага, ёс зүй, зарчим, арга барил, мэргэжлийн ур чадвар ихээхэн нөлөөлөх тухай зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хөндөн асуусан юм. Улсын Их Хурлын гишүүдийн асуудлтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилиг, Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Э.Золзаяа нар дэлгэрэнгүй хариулж, шүүхийн байгууллагуудын үйл ажиллагааны талаарх тоо баримт, хууль, эрх зүйн орчин, төсөв санхүү, ажиллах нөхцөл, ил тод, нээлттэй байдлын талаар мэдээлэл өгөв.

Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслүүдийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу төслүүдийг Байнгын хорооны хуралдаанаар зүйл бүрээр нь хэлэлцсэнийг онцлов. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Ж.Батжаргал, Г.Тэмүүлэн нар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан төсвийн тусгай шаардлагын зохицуулалт болон хуулийг дагаж мөрдөх хэрэгжүүлэхтэй холбоотой заалттай хэрхэн уялдаж байгаа талаар болон Хууль тогтоомжийн тухай хуульд заасан хуулийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх шаардлагатай нийцэж байгаа, эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгээс нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг бууруулах замаар тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д эзлэх хувийг 2025-2026 онд 2.0 хувь хэвээр байлгах нь зүйтэй гэж үзэн холбогдох тооцооллуудыг хийж, эдийн засгийн зарим үзүүлэлтэд өөрчлөлт оруулан, зарчмын зөрүүтэй нийт зургаан саналын томьёолол гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Б.Жаргалан нарын гаргасан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.3-д заасан тусгай шаардлагыг өөрчлөхгүй хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг гишүүдийн олонх дэмжээгүй байна.

Төсвийн байнгын хорооноос хүсэлт гаргасны дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас эдгээр хуулийн төслүүдийн талаар хууль зүйн дүгнэлт гаргасантай мөн Байнгын хорооны хуралдааны үед танилцсан байна. Улсын Их Хурлын Тамгийн газар дүгнэлтдээ, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэр томьёоны тодорхойлолт нэмсэн, өөрчлөн найруулахаар заасан нь тухайн хуулийн зарим заалтад нэр томьёоны зөрчил үүсгэхээр байгааг тэмдэглэжээ. Тус дүгнэлтийн дагуу нэр томъёо, зүйл заалтыг нийцүүлэх засварыг оруулсан талаар Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир танилцуулгадаа дурдлаа.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Г.Лувсанжамц, М.Нарантуяа-Нара, Д.Энхтуяа, Б.Жаргалан, Х.Баасанжаргал, Б.Мөнхсоёл, Б.Батбаатар, Б.Пунсалмаа, Б.Түвшин, Д.Пүрэвдаваа нар асуулт асуулаа. Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд төслүүдийг боловсруулахдаа Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн эдийн засгийн тооцоо, суурь үзүүлэлтэд тулгуурласан эсэх, Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрүүлэх хөрөнгийн дүнгийн талаар асууж хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц улсын төсвийн дүрмүүдийн шинэчлэлийг олон улсын жишигт хэрхэн нийцүүлж байгаа болон төсвийн сахилга бат сул байгаа эсэхийг асуув. Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чадавх зохих түвшинд хүртэл гадаадад эмчлүүлэх хүүхдүүдийн эмчилгээний зардлыг шийдвэрлэх боломжтой эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа ДНБ-ий хэмжээ, өсөлтийн хувь, эрдэс баялгийн салбарын үйлдвэрлэлийн эзлэх хувь болон төсвийн зарлагын өсөлтийн тухай асууж тодорхой хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан мөн төсвийн зарлага тэлснээс үүсэж болзошгүй эрсдлийн талаар хөндөж асуулаа. Энэ асуултыг мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл тавьж, төсвийн тэлэлтээс шалтгаалах эдийн засгийн халалт ямар хэмжээнд байх, энэ тэлэлтийг манай улсын эдийн засаг хэрхэн шингээх, үүнийг хэрхэн тооцоолж буйг тодруулж, хариулт авсан юм. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг боловсруулж, өргөн мэдүүлсэн үйл явц холбогдох хууль тогтоомж, тэр дундаа Хууль тогтоомжийн тухай хуульд хэр нийцэж байгааг Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал тодруулж, холбогдох тайлбарыг авсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар том төслүүдийн суурь эрсдлийн талаарх үнэлгээ тооцоо ямар гарсан талаар асууж тодруулсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, гадаад зах зээл дээрх эрэлт суларч буйг дурдан, энэ талаарх эрсдлийг хэрхэн тооцсон болон том төслүүдийн хэрэгжилтэд учирч болзошгүй эрсдлүүд, мөн төсвийн урсгал зардал ДНБ-ий 30.0 хувийн таазанд хүрэх магадлал ямар байгааг асуув.

Хэлэлцэж байгаа асуудлуудыг Засгийн газар богино хугацаанд, тооцоо судалгаа муутайгаар, мэргэжлийн бус байдлаар боловсруулсан гэж үзэж байгаагаа Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин илэрхийлж, манай улсын нийт зээлийн хүү төсвийн орлогын хэдэн хувьтай тэнцэх, эрдэс баялгийн салбараасаа олж буй төсвийн орлогод ямар эрсдэл үүсэх зэргийг асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс эдгээр төслүүд эрсдэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг сануулж, энэ эрсдэл аж ахуйн нэгжүүд, иргэдэд хэрхэн нөлөөлөх, хуулийн төслүүдийг хэлэлцэж буй улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байгаа талаар асууж, хариулт авлаа.

Улсын Их Хурлын гишүүдийн асуултад өгсөн хариултдаа Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн улсын төсвийн тэнцвэржүүлсэн болон суурь тэнцлийн шалгуурт өөрчлөлт оруулж буй талаар дурдаад, урсгал зардал ДНБ-ий 30.0 хувиас, өрийн дүн 60.0 хувиас хэтрэхгүй байх хязгаар тавьж, зээлээр санхүүжиж байгаа зардлыг төсвийн зарлагад тусгахгүй байхаар тооцсон талаар тайлбарласан юм. Сангийн сайд Б.Жавхлан, төсвийн суурь тэнцлийг жил бүр +2.0 хувь байхаар тооцсон нь 1.6 их наяд төгрөг болно гэдгийг онцолж, 2025 онд Монгол Улс 1.0 их наяд төгрөгийн өр төлөхөөр байгааг мэдээлж, үүнээс 0.6 их наядаар илүү боломжийг суллаж гаргаж ирж байна гэлээ. Тэрбээр, улсын төсөв байнгын ашигтай байх болно гэсэн тайлбарыг Улсын Их Хурлын гишүүдэд өгч, төсвийн тусгай шаардлагуудыг сулруулсныг харин ч сайжруулж байна гэсэн юм. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Ж.Дэлгэрсайхан төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөл болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулж буй өөрчлөлтүүд зарлагыг ихээхэн тэлснээр хэтдээ орлогын тасалдал үүсэх, валютын ханш, инфляцийн эрсдэл дагуулж болзошгүй гэж дүгнэсэн тус зөвлөлийн байр суурийг илэрхийлж байлаа.

Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж буй асуудлыг талаар асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа, Г.Тэмүүлэн нар үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа, Засгийн газарт хамтарч буй намууд олон жил ужгирч гацсан асуудлуудаа шийдье, эдийн засгаа урагшлуулъя гэсэн хамтын шийдвэр гаргаж байгааг дэмжиж байна гээд, төсвийн дүрмүүд, тогтвортой байдлын асуудал дээр Улсын Их Хурлын гишүүд нэгдсэн байр суурьт хүрээгүй байгаад санаа зовж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр, төсвийн тодотголтой хамтруулаад урт хугацаанд үйлчлэх ёстой төсвийн дүрэм, цаглаварыг өөрчлөх асуудлыг богино хугацаанд, яаруу түргэн оруулж ирж байгаа нь зарчмын хувьд буруу гэж үзэж буйгаа онцолж, Засгийн газрын болон Улсын Их Хурлын гишүүд энэ өөрчлөлтөөс ямар эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхийг сайн мэдэж байгаа гэдэгт эргэлзэж байна гэв. Монгол Улс төсвөө эрт хэлэлцэж, олон нийтэд нээлттэй, сайн хэлэлцүүлэг өрнүүлдэг, сайн баталдаг байх ёстой гэж үзэж байгаагаа тэрбээр онцолж, ХҮН нам хэдийгээр Засгийн газарт хамтарч байгаа ч буруу, мэргэжлийн бус, маргаантай зүйлийг хэлж шүүмжилж, шаардлагатай бол зогсоож явна гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Г. Тэмүүлэн, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль,  төсвийн хүрээний мэдэгдэл бол Улсын Их Хурлаас Засгийн газарт төсөв санхүү, эдийн засгийн талаас нь хяналт тавьж, аюулгүй байдлыг хангах үндсэн суурь бодлогын баримт бичиг, “Төсвийн үндсэн хууль” юм гээд, эдгээрийг мөрдөхгүй байгаа явдлыг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүд үг хэлсний дараа Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулж эхлэв. Гэвч санал хураах явцад хэлэлцэж буй Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, мөн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэх шаардлагатай болсон тул тус бүлгийн дарга Л.Мөнхбаатар хүсэлт гаргаж, ирэх даваа гараг хүртэл буюу 2024 оны наймдугаар сарын 26-ны өдрийн 10.00 цаг хүртэл завсарлага авлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл