Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар /2024.08.23/ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэнээр эхэллээ. Ёс зүй, дэгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу танилцуулсан. Тэрбээр, байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал дэмжигдсэн тухай танилцуулав.
Байнгын хорооны хуралдааны энэхүү горимын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учраас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр эцэслэн батлах бэлтгэх ажлыг хангуулахаар Ёс зүй, дэгийн байнгын хороонд шилжүүллээ. Түүний дараа УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийг хэлэлцсэн тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг уншиж танилцуулав.
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг чөлөөлж, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг тус дэд хорооны гишүүнээр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн олонх дэмжиж,тогтоолын төслийг баталлаа. Түүний дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл ажил хангагдсан хэмээн үзэж, хуулийн төслийг хэлэлцэв. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хуулийн төсөл батлагдав.
Хуралдаан үргэлжлүүлэн “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тус хуулийн тогтоолын төслийг хэлэлцсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ уншиж танилцуулсан. Тэрбээр, тогтоолын төсөлд иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор УИХ-ын D-parliament.mn цахим системээр дамжуулан олон нийтээс тухайн төсөлтэй холбогдуулан санал авахад нэр бүхий иргэдээс 4 санал ирүүлснийг ажлын хэсэгт танилцуулсан болно. Ажлын хэсэгт УИХ-ын 21 гишүүнээс 148 санал, Мэдээллийн холбооны операторуудын ассоциаци, “Монголын оюуны өмч хамгаалах холбоо” төрийн бус байгууллага болон холбогдох 45 санал ирүүлсэн болно. Ажлын хэсэг тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхдээ дээрх саналууд болон УИХ-ын 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын 51 гишүүнээс давхардсан тоогоор нийт 146 санал гаргасныг судлан үзэж, 72 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэн Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан болно гээд зарчмын зөрүүтэй саналыг томьёоллын үндэслэл, шаардлага, хамрах хүрээг таницлууллаа. Мөн цааш нь бусад байнгын хороодоос ирүүлсэн санал, дүгнэлтийг нэг бүрчлэн уншиж танилцуулав.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, бүсчилсэн хөгжлийг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлага байгаа учраас ямар эрх зүйн өөрчлөлт хийх вэ, боомтыг хөгжүүлэхэд зайлшгүй бие даасан хуультай байхёстой гэж үзэж байна. Боомтыг хөгжүүлэхэд эрх зүйн ямар шинэчлэл хийх вэ, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, уул уурхайн хайгуулын үйл ажиллагаанд ямар бодлогын гарц, шийдэл баримтлах вэ, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Оюутолгой компанийг түшиглэсэн зэсийн баяжмал байгуулах үйлдвэр байгуулна гэж заасантай санал нийлэхгүй байна. Монгол орны үндэсний уул уурхайн компаниуддаа түшиглэн зэсийн баяжмал байгуулна гэж өөрчилмөөр байна гэв.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хүний эрх, эрх чөлөө, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд эрх зүйн шинэтгэл хийхээр тусгасан байна. Мөн Монгол Улсад эрх зүйн шинэтгэлийн 2 дугаар хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, 5Ш ажиллагааг үргэлжлүүлнэ, хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно гэв.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, бүсчилсэн хөгжлийн бодлогыг тухайлан авч үзэж буй учраас засаг захиргаа, нэгжийн хуваарьт өөрчлөлт оруулах талаар хамтарсан Засгийн газарт орсон гурван намын гэрээний дагуу гүйцэтгэх эрх мэдлийн зарим томилгооны орон нутагт шилжүүлэхээр болсон. Хот,тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн Шадар сайдыг томилсон учраас гол бодлогоо бариад ажиллах ёстой гэсэн бол Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц. Туваан, геологийн хайгуулын асуудалд онцгой анхаарал тавина. Хайгуулыг уламжлалт өрөм тавьж хийхээс гадна агаарын соронзон геофизикийн аргаар хайгуул хийхээр ажиллаж байна. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бодлогыг баримталж байна. Зэс боловсруулах цогцолбор барина гэж өөрчлөн оруулсан байгаа. Өөрөөр хэлбэл, зөвхөн Оюутолгойн түшиглэж зэсийн баяжмалын үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж заасныг өөрчилсөн гэв. УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, Эгийн голын усан цахилгаан станцыг барихаар хөтөлбөрт тусгасанд талархаж байна. Гэхдээ энэхүү станцыг барих нь Байгаль нуурын экологийн тэнцвэрт байдалд нөлөөлнө гээд ОХУ-ын эрдэмтдийн зүгээс Юнескод хандаж, хориг тавиулчихаад байгаа. Гэхдээ бид Оросын эрдэмтэдтэй хамтарсан ажлын хэсэг гаргаад асуудлыг шийдэж болно. Харин Шүрэнгийн цахилгаан станцыг барьж байгуулна гэсэн байна. Энэ хоёр станцыг ялгаагүй Оросуудтай ярилцаж барих асуудал яригдана. Тиймээс эхний ээлжинд Эгийн голын усан цахилгаан станцаа барих асуудлыг шийдүүлэх хэрэгтэй. Тиймээс Шүрэнгийн цахилгаан станцыг хөтөлбөрөөс хасах хэрэгтэй гэсэн санал хэлж байв. УИХ-ын Д.Энхтуяа, гадаадад ажиллаж буй иргэдээ эх оронд нь эргэн ирж амьдрах боломжийг хангахад ямар бодлого баримтлах талаар болон хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөрийг баталж хэрэгжүүлэхээр заажээ. Монгол хүний эдийн засгийн эрх чөлөөг хэрхэн хангах вэ, Ази тивийн хүний эрхийн төвийг Монголд байгуулна гэх зэрэг заалт оржээ. Эдгээр арга хэмжээний үр дүн юу байх вэ, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар жагсаал цуглаан хийхдээ зөвшөөрөл авдаггүй зохицуулалттай гэж би ойлгож байгаа. Энэ зохицуулалтыг хэрхэн өөрчилж байгаа вэ гэж асуув.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, манай улсын 242 мянган иргэн гадаадад ажиллаж амьдарч байна. Засгийн газар гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдээ эх орондоо ирж амьдрах бололцоог хангах бодлого баримтлаж байна. Мэдээж хүчээр авчрах боломжгүй. БНСУ-д ажилласан туршлагаараа Монголдоо эргэн ирж, үйлдвэрлэл эрхэлж буй 800 гаруй иргэн байна. Иргэд гадаадад ажиллаж туршлага хуримтлуулсан бол мэдлэг, ур чадварыг баталгаажуулан гэрчилгээ өгөх ёстой. Бид БНСУ-ын Элчин сайдын яамтай дундын бизнес хийх сан байгуулах тухай ярилцаад байна. Мөн жижиг, дунд үйлдвэрийн зээлийн сан болон хөдөлмөр эрхлэлтийн сангаас дэмжинэ. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Жагсаал, цуглааны журмын тухай хуульд зөвшөөрөл авах тухай бус жагсаал, цуглаан зохион байгуулахаар бол бүртгүүлэх заалт орсон байна. Өнгөрсөн жил Сүхбаатарын талбайд жагсаал хийх 230 гаруй хүсэлт ирүүлсэн ч бүртгэж аваагүй, татгалзсан байна. Энэхүү хуулиар жагсаал, цуглаан хийх эрхийг хааж байна гэж үзэж байна. Мөн жагсаал гэж юу вэ, цуглаан гэж юу вэ гэдгийг тодорхой болгох зэрэг хүний эрхийг хангах чиглэлд хуулийн өөрчлөлт хийнэ.
УИХ-ын гишүүн Б.Бейсен, ирэх 4 жилд эмч ажилтнуудын цалинг нэмэхгүй бол эдгээр салбар сэргэхгүй байна, цалин нэмэх боломж юу байна, бүсийн оношилгооны төвийг байгуулах хэрэгтэй байна, энэ талд ямар бодлого баримтлах талаар асуусан. Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан, бүсийн оношилгооны төвүүдийг бэхжүүлж байж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нийслэлийн төвлөрөл саарна. Эхний ээлжинд 6 бүсийн оношилгооны жишиг төв байгуулахаар Азийн хөгжлийн банктай хамтран ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын 80 гаруй хувь нь цалингийн зээлтэй байна. Эрүүл мэндийн салбарынхны хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж байж, цалин хөлс шийдэгдэнэ гэж хариулсан.
УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Зулпхар, Г.Ганбаатар, Р.Батболд, О.Батнайрамдал, Д.Бум-Очир, Д.Нарантуяа-Нара, М.Бадамсүрэн, Н.Батсүмбэрэл, Ж.Баясгалан нарын гишүүд “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар талаар саналаа хэллээ. Түүний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, санал хураасан зарчмын зөрүүтэй 151 саналын томьёоллоор санал хурааж, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.