Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Үндэсний статистикийн хороонд ажиллалаа

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд өнөөдөр (2024.08.22) Үндэсний статистикийн хороонд ажиллаж, үйл ажиллагаа, төлөвлөгөөт зорилт, тулгамдаж буй асуудлуудын хүрээнд санал солилцлоо. Уулзалтын эхэнд Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа байгууллагын бүтэц, зохион байгуулалт, статистикийн системийн тогтолцоо, уламжлалт болон шинээр боловсруулж буй тоон үзүүлэлт, аргачлалуудыг товч танилцуулав. Тэрбээр, Үндэсний статистикийн хороо нь салбарын хууль эрх зүй, эрсдэлийн удирдлагыг сайжруулах, өгөгдлийн шинжлэх ухаанаар мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх, цахим аргачлалыг цогцоор нь нэвтрүүлж, дэд бүтэц, үйл ажиллагааг боловсронгуй болгох зэрэг үндсэн чиглэлүүдийг зорилт болгон ажиллаж байгааг тодотголоо. 



Түүнчлэн 2022 оноос эхлүүлсэн “Төрийн нэгдсэн мэдээллийн сан: Төрийн их өгөгдөл” төслийн зураглал, явц, ач холбогдлын талаар байнгын хорооны гишүүдэд мэдээлэл өглөө. Өгөгдөл, мэдээллийн эрин зуунд уламжлалт тооллогоор эрэлт, шаардлагыг хангах боломжгүй тул мэдээлэл цуглуулахаас боловсруулах үе шат хүртэл цахим аргачлалыг иж бүрэн нэвтрүүлээд байгааг мөн дурдав. 



Уулзалтын үеэр Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, цахим шилжилттэй зэрэгцэн тоон мэдээллийн чанар, аюулгүй байдлыг хангах нь чухал гэдгийг онцлохын сацуу хүн амын хөдөлмөр эрхлэлт, ядуурлын түвшний үндсэн үзүүлэлтүүдийг тооцох аргачлалын хүрээнд санал солилцсон юм. Энэ үеэр Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, салбарын мэргэшсэн боловсон хүчин, хүний нөөцийн дутагдал нь нэн түрүүнд тулгамдаж буй асуудал төдийгүй орон нутгийн нэгжүүдийн ажиллах орчныг сайжруулж, төрийн албаны цалингийн ялгаатай байдлыг арилгах шаардлагатайг хэллээ. 



Уулзалтын дараа Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Мэдээллийн технологийн газрын зорилтот ажлуудтай танилцаж, статистикийн үйл ажиллагаанд дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн байдал, судалгааны аргачлал, боловсруулалтын хүрээнд мэдээлэл солилцов. Цаашид төрийн байгууллагуудын мэдээллийн санг холбож, төрийн их өгөгдлийг бий болгоход чиглэсэн эрх зүйн орчныг сайжруулж, Статистикийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлаар хамтарч ажиллахаа уулзалтад оролцогчид илэрхийсэн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.




Хуваалцах:

Холбоотой мэдээлэл