Цэс

Холбоо барих

ТБХ: Монгол Улсын 2024 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2024.08.22) хуралдаан 18 цаг 56 минутад гишүүдийн 54 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслүүдийг тус бүрд нь зүйл бүрээр нь хэлэлцсэн юм. Ажлын хэсэг төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Ц.Даваасүрэн гишүүн Байнгын хорооны гишүүдэд танилцуулав.

Улсын Их Хурлын даргын 2024 оны 43 дугаар захирамжаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгээрахлуулан, 15 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байна. Тус ажлын хэсэг нийт 5 удаа хуралдаад, дараах танилцуулгыг бэлтгэсэн байна.


Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар төслүүдэд тусгагдсан эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн нэршлийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өөрчлөлтөөр тусгаж, өргөн мэдүүлсэн нэр, томьёололтой нийцүүлэх өөрчлөлтийг хийсэн байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 2025 оны төсвийн жилээс хойш 2 хувийн ашигтай байхаар заасантай нийцүүлэн 2025, 2027 онуудад 2 хувийн алдагдалтай байх тооцооллын дагуу нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг бууруулах замаар холбогдох өөрчлөлтийг хийсэн байна.


Түүнчлэн ажлын хэсэг Монгол Улсын 2024 оны төсвийн тодотголын төсөлтэй холбогдуулан Төсвийн тогтвортой байдлын зөвлөл Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн хяналт шинжилгээний хэлтсээс ирүүлсэн төсвийн төсөлд хийсэн дүн шинжилгээ, танилцуулга, санал дүгнэлт, Үндэсний аудитын газраас Монгол Улсын 2024 оны төсвийн тодотголд хийсэн аудитын дүгнэлттэй танилцаж хууль санаачлагчаас төсвийн төсвийн төслийн орлого, зарлагын тооцсон үндэслэл, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний дэлгэрэнгүй судалгааг гаргуулан авч ажилласан байна.

Үргэлжлүүлэн давхацсан тоогоор Улсын Их Хурлын 19 гишүүн, төрийн болон төрийн бус 8 байгууллагаас албан бичгээр ирүүлсэн санал бүрийг хэлэлцэж тодорхой зарчмыг баримтлан дэмжсэн саналуудын талаар Ц.Даваасүрэн гишүүн танилцуулсан.


Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хууль зүйн дүгнэлт гаргуулахаар Төсвийн байнгын хорооноос ирүүлсэн хүсэлтийн дагуу холбогдох дүгнэлт гаргасныг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Ч.Дондогмаа хуралдаанд танилцуулав.

Ажлын хэсгийн танилцуулга болон хууль зүйн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Ийнхүү төслийг зүйл бүрээр хэлэлцэн, ажлын хэсэг болон хуралдааны үеэр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


Дараа нь Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан төслийн талаар танилцуулсан юм.

“Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үндэслэн 2024 оны төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэв. Энэхүү тодотголоор улс орны өмнө тулгарч буй сорилд тулгамдаж буй асуудлуудыг шийдэх, эдийн засгийн өсөлтийг 5-6 ба түүнээс дээш хувьд, инфляцыг 1 оронтой тоонд, зээлжих зэрэглэлийг тогтвортой түвшинд хадгалах нөхцөлийг бүрдүүлэх хурдтай, зоригтой, эрс шийдвэрүүдийг гаргаж, шинэ 30 жилийн хөгжлийн гарааг эхлүүлэх хөгжлийн нөхцөлүүдийг бодитой хэрэгжүүлж эхлэх үндсэн суурийг тавьж байгааг тэрбээр танилцуулгынхаа эхэнд онцолсон. “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” Монгол Улсын урт хугацаанд урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлж, хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй хурдтай шийдвэрлэхэд чиглэсэн багц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ хэмээгээд дэлгэрэнгүй танилцуулсан.


Нэгдүгээрт, Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Нийслэлийн их, бага тойруу дахь төрийн эрх мэдлийн хэт төвлөрлийг задалж, “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” ган татлагат гүүр, Хөшигийн хөндийн туннел, Хөшигийн хөндийд төр, захиргааны нэгдсэн байр, аймгийн төв, сумд болон хилийн боомтуудыг холбох “Шинэ сэргэлтийн таван тойрог” автозамын төсөл, Шинэ Хархорум төсөл, Шинэ Зуунмод хот, Туулын хурдны зам зэрэг төслүүдийг Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөн, бэлтгэл ажлыг хангах ТЭЗҮ, зураг төсвийн санхүүжилтийг төсвийн тодотголд тусгасан байна.

Хоёрдугаарт, гадаад зээлийн эх үүсвэрээр санхүүжиж буй Бүсчилсэн хөгжил, Шинэ сэргэлтийн бодлогын дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний ашиглалтыг 984 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж төсвийн тодотголд тусгажээ.


Гуравдугаарт, эрчим хүчний салбарын үнэ тарифын реформыг цаг алдалгүй эхлүүлж, зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлж либералчлах, хувийн хэвшил тус салбарт хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлж, салбарын санхүү, эдийн засгийн тогтвортой суурийг тавихад дэмжлэг үзүүлэх шилжилтийн үеийн зардлыг төсвийн тодотголын төсөлд тусгасан хэмээн Б.Жавхлан сайд танилцууллаа.

Дөрөвдүгээрт, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон холбогдох бусад хууль, тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд зарим төсвийн ерөнхийлөн захирагч хооронд зарим чиг үүрэг шилжсэн, шинээр төсвийн ерөнхийлөн захирагч бий болсон, зарим яам, агентлагийн нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-т заасны дагуу Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд төсвийн зохицуулалт хийх аж.


Тавдугаарт, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлэх орлогыг одоо ба ирээдүйн иргэдэд тэгш хуваарилах зорилгоор Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн санд 2024 оны төсвийн жилд эх үүсвэр төвлөрүүлэх, хуримтлал үүсгэх болон эдгээртэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулах зорилгоор Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Дараа нь Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдэд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулав.


Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон нь Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх нөхцөлийг бүрдүүлж, улс төрийн гурван намаас “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээ байгуулж, эдийн засгийн суурийг тэлэх эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэржилтийн хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 34.1.4-т заасан төсөвт тодотгол хийх шаардлагыг үүсгэсэн байна. Төрийн аудитын байгууллага нь Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын Хяналт, шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэжээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2024 оны төсвийн тодотголд Төсвийн байнгын хороонд хамаарах Сангийн сайд, Монгол Улсын Ерөнхий аудитор, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд зэрэг төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөвт нийтдээ 1,116.5 тэрбум төгрөгийн өөрчлөлт орсон болохыг Ерөнхий аудитор Д.Загджав танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу бусад Байнгын хороодоос Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаар болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороо санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлснийг нэгбүрчлэн хуралдаанаар сонсож, танилцав.

Дээрх танилцуулга, аудитын дүгнэлт болон Байнгын хороодын болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороо санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд 2024 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.


Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар хууль зүйн дүгнэлт гаргуулахаар Төсвийн байнгын хорооноос ирүүлсэн хүсэлтийн дагуу холбогдох дүгнэлт гаргасныг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Ч.Дондогмаа хуралдаанд танилцуулав. Энэхүү хууль зүйн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр үг хэлж, байр сууриа илэрхийлээд зарим зүйлийг тодруулан хариулт авсан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу бусад Байнгын хороодоос Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй хамт өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлт, мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо.


Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газар дахь хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон ““Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлт, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрийн өмчийг нийслэлийн өмчид шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг мөн сонссон. Ийнхүү бусад Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссоны дараа төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ…” гэж заасны дагуу тус бүрд нь зүйл бүрээр хэлэлцэж, холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тухай бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн. 


Ингээд Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл