Цэс

Холбоо барих

Төрийн байгуулалтын байнгын хороо дөрвөн асуудлыг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2024.08.21/ хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан, хуулийн төслүүдэд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулав. Сангийн сайд Б.Жавхлан, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үндэслэн 2024 оны төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэв. Энэхүү тодотголоор улс орны өмнө тулгарч буй сорилд тулгамдаж буй асуудлуудыг шийдэх, эдийн засгийн өсөлтийг 5-6 ба түүнээс дээш хувьд, инфляцыг 1 оронтой тоонд, зээлжих зэрэглэлийг тогтвортой түвшинд хадгалах нөхцөлийг бүрдүүлэх хурдтай, зоригтой, эрс шийдвэрүүдийг гаргаж, шинэ 30 жилийн хөгжлийн гарааг эхлүүлэх хөгжлийн нөхцөлүүдийг бодитой хэрэгжүүлж эхлэх үндсэн суурийг тавьж байгааг тэрбээр танилцуулгынхаа эхэнд онцолсон. “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” Монгол Улсын урт хугацаанд урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлж, хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй хурдтай шийдвэрлэхэд чиглэсэн багц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ хэмээн танилцуулгын эхэнд онцолсон.

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Нийслэлийн их, бага тойруу дахь төрийн эрх мэдлийн хэт төвлөрлийг задалж, “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” ган татлагат гүүр, Хөшигийн хөндийн туннел, Хөшигийн хөндийд төр, захиргааны нэгдсэн байр, аймгийн төв, сумд болон хилийн боомтуудыг холбох “Шинэ сэргэлтийн таван тойрог” автозамын төсөл, Шинэ Хархорум төсөл, Шинэ Зуунмод хот, Туулын хурдны зам зэрэг төслүүдийг Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөн, бэлтгэл ажлыг хангах ТЭЗҮ, зураг төсвийн санхүүжилтийг төсвийн тодотголд тусгасан аж.

Гадаад зээлийн эх үүсвэрээр санхүүжиж буй Бүсчилсэн хөгжил, Шинэ сэргэлтийн бодлогын дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний ашиглалтыг 984 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ.

Мөн эрчим хүчний салбарын үнэ тарифын реформыг цаг алдалгүй эхлүүлж, зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлж либералчлах, хувийн хэвшил тус салбарт хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлж, салбарын санхүү, эдийн засгийн тогтвортой суурийг тавихад дэмжлэг үзүүлэх шилжилтийн үеийн зардлыг төсвийн тодотголын төсөлд тусгасан хэмээн Б.Жавхлан сайд танилцууллаа.

Түүнчлэн Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон холбогдох бусад хууль, тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд зарим төсвийн ерөнхийлөн захирагч хооронд зарим чиг үүрэг шилжсэн, шинээр төсвийн ерөнхийлөн захирагч бий болсон, мөн зарим яам, агентлагийн нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-т заасны дагуу Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд төсвийн зохицуулалт хийнэ хэмээлээ.

Монгол Улсын ерөнхий аудитор Д.Загджав, Засгийн газрын  бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон нь Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх нөхцөлийг бүрдүүлж, улс төрийн гурван намаас “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” гэрээ байгуулж, эдийн засгийн суурийг тэлэх эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэржилтийн хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 34.1.4-т заасан төсөвт тодотгол хийх шаардлагыг бий болгосон байна.

Төрийн аудитын байгууллага нь Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэж байна хэмээн танилцуулсан.

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний салбарын төсвийн тодотголтой холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт гараагүй бөгөөд хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Дараа нь Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газар дахь хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, Төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомжид олон нийтийн хяналтын талаар тусгасан уу. Төр өөрөө олон нийтийн хяналтыг хийж чадахгүй. Хүний нөөцийн хувьд, зохион байгуулалт, мэргэжлийн хувьд хийж чадахгүй байгаа ийм хяналтын зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудад хариуцуулах зүйтэй хэмээн үздэгээ илэрхийлсэн.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Өнгөрсөн парламентын үед  Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, уг хуулиар НӨАТ төлдөг чиглэл бүрээр нэг мэргэжлийн холбоо байгуулах эрх зүйн боломжийг олгосон. Энэ хүрээнд мэргэжлийн холбоод байгуулан, Мэргэжлийн холбооны их хурлаа зохион байгуулж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх зохицуулалттай. Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн мэргэжлийн холбоо байгуулагдсан тохиолдолд төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоонд шилжүүлэх боломж нээгдэж байгаа. ЗГХЭГ-т Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Тэгэхээр дээр дурдсан байгууллагууд цаашдаа төрийн зарим чиг үүргийг шууд шилжүүлэн авах эрх зүйн боломжтой. Салбарын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байгаа, өмнө нь  мэргэжлийн хяналтын чиг үүрэг хариуцаж байсан байцаагчид яамдуудад ажиллаж байгаа. Тэдгээр хүмүүс бүхэл бүтэн салбарын хяналтын чиг үүргийг бүрэн хариуцаж чадахгүй байгаа. Тэгэхээр энэ хүмүүс удирдамжаар хангаад хяналтын чиг үүргүүдийг мэргэжлийн холбоонд нь шилжүүлэх боломж бий. Ийм эрхийг салбарын сайдуудад олгочихсон. Цаашдаа энэ хяналтын чиг үүргийг, ялангуяа зарим салбарт мэргэжлийн зэрэг олгох сургалт хийх тусгай зөвшөөрөл олгох ажлыг мэргэжлийн холбоонд нь шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хийх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэсэн хариулт өглөө.

Төрийн байгуулалтын байнгын хороо хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэх юм.

Мөн өдрийн хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Уг тогтоолоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт заасан Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулан байгуулав. Уг ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нар багтсан байна. Тогтоолоор Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журам батлах тогтоолын төслийг 2024 оны 10 дугаар сарын 01ий өдрийн дотор боловсруулж, танилцуулахыг ажлын хэсэгт даалгасан юм.

Түүнчлэн Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Уг тогтоолын төсөлд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг тус дэд хорооны гишүүнээр батлахаар тусгасан байна. Тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл