Цэс

Холбоо барих

ТБХ: УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2024.08.21) хуралдаан 12 цаг 38 минутад эхэлж, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут сумдад амьдрах боломжийг бүрдүүлэх, хот, хөдөөгийн хөгжлийн ялгааг арилгах, улмаар төвлөрлийг сааруулах чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд ямар зорилт тусгасан талаар, мөн Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт баригдаж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцын бүтээн байгуулалтын төсөвт өртгийн талаар тодруулсан.


Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд  “Хөдөө орон нутагт ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлнэ” гэсэн Бүсчилсэн хөгжлийн бодлогын заалтын дагуу бүлэг заалт тусгасан байна. 2023 онд энэ чиглэлээр бүх аймгийн Засаг дарга нар болон яамдын дэд сайд нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг Засгийн газар байгуулж, орон нутгийн иргэдээс ирүүлсэн саналуудыг нэгтгэн тусгасан гэв. Тухайлбал, орон нутагт шилжин суух иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор орон сууц, амины орон сууц, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, туслах аж ахуй эрхлэхэд газар олгох, хөрөнгө оруулалтаар дэмжих, ипотекийн зээлд хамрагдахад дэмжлэг үзүүлэх, аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлэх, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой зардлыг шийдвэрлэх гэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа, үүнийгээ 2024-2028 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан гэв. Бүс, орон нутагт үйлдвэрлэл явуулах, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, дэд бүтцийг бий болгохтой холбоотой заалтууд тусгасан гээд дэлгэрэнгүй тайлбар өгч байв.


Улаанбаатар хотын эрчим хүчний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр нийслэлээс тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа талаар ажлын хэсгээс мэдээлэл өгсөн. Энэ хүрээнд хувийн хөрөнгө оруулалтаар байгуулагдаж буй Бөөрөлжүүлтийн цахилгаан станцаас эрчим хүч худалдан авахтай холбоотой гэрээг байгуулсан байна. Тус бүтээн байгуулалт нь 10 гаруй жил үргэлжилж байгаа ч энэ онд Улаанбаатар хотын төвийн эрчим хүчний системд 150 мВт цахилгааныг нийлүүлэх юм. Нийтдээ 600 мВт-ын хүчин чадалтай бөгөөд төвийн эрчим хүчний системд 300 мВт цахилгаан цахилгааныг нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Эрчим хүчний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр авч буй өөр нэг арга хэмжээ нь эрчим хүчний сүлжээнд ашиглах 50 мВт-ын  чадалтай, 200 мВт/цагийн багтаамжтай батарей хуримтлуурыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэв.


Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилго байх ёстой гэдэг байр суурийг Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал хэлээд “Экспортыг дэмжих чиглэлд онцгой анхаарах шаардлагатай. Эдийн засгийн өсөлтийг хангахын тулд уул уурхайн бүтээгдэхүүнээс гадна үйлдвэрлэл хөгжүүлэх, үүний тулд бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх нь энэхүү бодлогын баримт бичгийн тэргүүн зорилт байх ёстой” гэв. Үргэлжлүүлэн тэрбээр бага хүүтэй, хүртээмжтэй зээлийг бий болгох чиглэлээрх банкны салбартай холбоотой зорилтууд, татварын бодлогын талаарх зорилтууд, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхтэй холбоотой зорилтуудын талаар тодруулж асуулаа. Банкны салбарт өрсөлдөөнийг бий болгох хүрээнд хөтөлбөрийн төсөлд гадаадын банкны салбар нэгжийг дотоодын зах зээлд нэвтрүүлж, гадаадын хөрөнгө оруулалттай банк, санхүүгийн байгууллагыг байгуулахаар тусгасан байна. Инфляц нь зээлийн чанар, хүртээмжтэй шууд холбоотой байдаг бөгөөд хөтөлбөрт 5 хувиас бага түвшинд хадгалах бодлогыг баримтлахаар, мөн зээлжих зэрэглэлийг тогтвортой түвшинд хадгалах нөхцөлийг бүрдүүлэх зорилтууд тусгасан гэлээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд татварын чиглэлээр жижиг, дунд болон гарааны бизнес эрхлэгчдийн татварын дэмжлэгийг оновчтой болгож, татварын орчныг сайжруулах зорилт дэвшүүлсэн гээд дэлгэрэнгүй тайлбар, мэдээлэл өгсөн юм. Б.Түвшин гишүүн малчдын аж амьдралыг дэмжсэн, нүүдэлчин хэв маягийг хадгалах бодлого, зорилтыг тусгасан эсэх талаар тодруулж, энэ талаар байр сууриа илэрхийллээ. Засгийн газрын ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд "Хөдөө аж ахуй-Шинэ хоршоо хөдөлгөөн, Чинээлэг малчин" хөтөлбөрийн талаарх 28 заалт бүхий бүлэг тусгасан байгааг хэллээ. Тодруулбал, "Шинэ хоршоо" хөдөлгөөнийг үргэлжлүүлж, малчдыг орлоготой, чинээлэг болгох, анхан шатны үйлдвэрлэлийг бий болгох, улмаар Хүнсний аюулгүй байдал хөдөлгөөн, Цагаан алт хөдөлгөөнийг үргэлжлүүлэх цогц арга хэмжээ, үйл ажиллагааны талаар тусгажээ.  Ц.Даваасүрэн гишүүн экспортыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээрх зорилт, арга хэмжээний талаар тодруулсан. Мөн салбарууд дахь шинжлэх ухаанд суурилсан, судалгаанд тулгуурласан үйл ажиллагааг дэмжих чиглэлээр энэхүү хөтөлбөрийн хүрээнд гарах өөрчлөлтийн талаар тодруулж, ажлын хэсгээс хариулт авсан. 

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, Д.Батлут, Д.Цогтбаатар, Ж.Батжаргал, Т.Аубакир, Б.Түвшин, Б.Мөнхсоёл, Ц.Даваасүрэн нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлж, санал хэлсэн юм. 


Ийнхүү төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан хуралдааны явцад гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулан шийдвэрлэээд “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл