Цэс

Холбоо барих

ХЗБХ: “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв


Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.08.20) хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцсэн юм.

Иргэний улс төрийн эрх, эрх чөлөөг бүрэн хангах баталгааг бүрдүүлж, жагсаал, цуглаан хийх талаар тусгасан төслийн хавсралт дахь зохицуулалттай холбогдуулан байр сууриа илэрхийлж, эрх зүйн орчныг нь тодорхой болгох талаар салбарын сайдаас тодруулж, хариулт авлаа. Хууль зүй, дотоод хэргийн яаманд энэ чиглэлээрх ажлын хэсгийг шинэчлэн, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулаад байгаа талаар О.Алтангэрэл сайд мэдээлэл өгсөн. Ц.Сандаг-Очир гишүүн төслийн хавсралт дахь 4.1.5.1-д “… улс төрийн намуудыг … хатуу гишүүнчлэлээс татгалзаж” гэсэн талаар, мөн 4.1.6.4-т “Шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааг олон улсын сайн жишигт хүргэнэ” гэсэн заалттай холбогдуулан тодруулга хийсэн юм. Улс төрийн намууд хуульд нийцүүлэн дүрмээ өөрчлөх ёстой бөгөөд үүний дагуу төсөлд тусгагдсан арга хэмжээ хэрэгжих нөхцөл бүрдэнэ хэмээн үзсэн хэмээн О.Алтангэрэл сайд хэлсэн. Үргэлжлүүлэн тэрбээр төслийн хавсралтын 4.1.6.4 дэх заалттай холбогдуулан дэлгэрэнгүй хариулт, тайлбар өгсөн юм.


Хэлэлцэж буй Улсын Их Хурлын тогтоолын төслийн 2 дугаар зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд олон нийтийн телевизээр хууль тогтоомжийн сурталчилгааг хийж, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхтэй холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал хэлж Хууль зүй, дотоод хэргийн сайдаас тайлбар, мэдээлэл авсан бол П.Сайнзориг гишүүн иргэдийн жагсаал, цуглаан хийх эрхийг хангах талаар төсөлд туссан зохицуулалтын талаар, мөн хэрэглэгчийн гэрээний харилцааны асуудалд анхаарал хандуулан, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгахтай холбоотой санал хэлсэн. Төслийн 3 дугаар зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, Б.Бат-Эрдэнэ нар “Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтад орох өөрчлөлтийн талаар тодруулж, ажлын хэсгээс хариулт авсан.


Ийнхүү төслийг зүйл бүрээр хэлэлцэн, ажлын хэсэг болон хуралдааны үеэр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэээд “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.


Хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

“Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үндэслэн 2024 оны төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэв. Энэхүү тодотголоор улс орны өмнө тулгарч буй сорилд тулгамдаж буй асуудлуудыг шийдэх, эдийн засгийн өсөлтийг 5-6 ба түүнээс дээш хувьд, инфляцыг 1 оронтой тоонд, зээлжих зэрэглэлийг тогтвортой түвшинд хадгалах нөхцөлийг бүрдүүлэх хурдтай, зоригтой, эрс шийдвэрүүдийг гаргаж, шинэ 30 жилийн хөгжлийн гарааг эхлүүлэх хөгжлийн нөхцөлүүдийг бодитой хэрэгжүүлж эхлэх үндсэн суурийг тавьж байгааг тэрбээр танилцуулгынхаа эхэнд онцолсон. “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” Монгол Улсын урт хугацаанд урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлж, хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй хурдтай шийдвэрлэхэд чиглэсэн багц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ хэмээгээд дэлгэрэнгүй танилцуулсан.


Нэгдүгээрт, Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Нийслэлийн их, бага тойруу дахь төрийн эрх мэдлийн хэт төвлөрлийг задалж, “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” ган татлагат гүүр, Хөшигийн хөндийн туннел, Хөшигийн хөндийд төр, захиргааны нэгдсэн байр, аймгийн төв, сумд болон хилийн боомтуудыг холбох “Шинэ сэргэлтийн таван тойрог” автозамын төсөл, Шинэ Хархорум төсөл, Шинэ Зуунмод хот, Туулын хурдны зам зэрэг төслүүдийг Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөн, бэлтгэл ажлыг хангах ТЭЗҮ, зураг төсвийн санхүүжилтийг төсвийн тодотголд тусгасан байна. Хоёрдугаарт, гадаад зээлийн эх үүсвэрээр санхүүжиж буй Бүсчилсэн хөгжил, Шинэ сэргэлтийн бодлогын дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний ашиглалтыг 984 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж төсвийн тодотголд тусгажээ. Гуравдугаарт, эрчим хүчний салбарын үнэ тарифын реформыг цаг алдалгүй эхлүүлж, зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлж либералчлах, хувийн хэвшил тус салбарт хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлж, салбарын санхүү, эдийн засгийн тогтвортой суурийг тавихад дэмжлэг үзүүлэх шилжилтийн үеийн зардлыг төсвийн тодотголын төсөлд тусгасан хэмээн Б.Жавхлан сайд танилцууллаа.


Дөрөвдүгээрт, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон холбогдох бусад хууль, тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд зарим төсвийн ерөнхийлөн захирагч хооронд зарим чиг үүрэг шилжсэн, шинээр төсвийн ерөнхийлөн захирагч бий болсон, мөн зарим яам, агентлагийн нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-т заасны дагуу Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд төсвийн зохицуулалт хийх аж.


Тавдугаарт, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлэх орлогыг одоо ба ирээдүйн иргэдэд тэгш хуваарилах зорилгоор Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сан бүрд 2024 оны төсвийн жилд эх үүсвэр төвлөрүүлэх, хуримтлал үүсгэх болон эдгээртэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулах зорилгоор Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Дараа нь Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдэд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулав.


Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон нь Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх нөхцөлийг бүрдүүлж, улс төрийн гурван намаас “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээ байгуулж, эдийн засгийн суурийг тэлэх эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэржилтийн хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 34.1.4-т заасан төсөвт тодотгол хийх шаардлагыг үүсгэсэн байна. Төрийн аудитын байгууллага нь Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын Хяналт, шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэжээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2024 оны төсвийн тодотголд Хууль зүйн байнгын хороонд хамаарах Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шүүхийн сахилгын хорооны дарга, Улсын ерөнхий прокурор, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, Авлигатай тэмцэх газрын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга зэрэг төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөвт нийтдээ 14.3 тэрбум төгрөгийн өөрчлөлт орсон болохыг Ерөнхий аудитор Д.Загджав танилцууллаа.



Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл болон Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн талаарх товч танилцуулгыг Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсээс бэлтгэн гишүүдэд хүргүүлсэн байгааг Байнгын хорооны дарга дурдсан. Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал, Ц.Сандаг-Очир, Д.Ганбат, М.Нарантуяа-Нара нар Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль санаачлагч, Монгол Улсын Ерөнхий аудитор болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, дэлгэрэнгүй хариулт, мэдээлэл авсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал, Х.Баасанжаргал нар үг хэлсний дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсвийн зардлын талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. Ийнхүү Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл