Цэс

Холбоо барих

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв


Улсын Их Хурлын өнөөдрийн (2024.08.16) чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. 

Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. 

Хамтарсан Засгийн газар “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” үнэт зүйлд нэгдэж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулсан гэдгийг онцоллоо. Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, сорилтыг шийдвэрлэх, эдийн засгийн суурийг тэлэх эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийг хурдтай, зоригтой, бодитой хэрэгжүүлж эхлэх үндсэн суурийг тавьж байгаа гэдгийг тэрбээр танилцуулгынхаа эхэнд тэмдэглэсэн.

Ирэх 4 жилд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 120 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр шаардлагатай байгаа боловч улсын төсвийн эх үүсвэр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дөнгөж 12.3 хувийг санхүүжүүлэх боломжтой юм байна.


Иймд нэн тэргүүнд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих эрх зүйн цогц реформыг олон улсын жишигт нийцүүлэх шаардлага үүссэн гэв. Энэ хүрээнд Монгол Улсын дараагийн 30 жилийн хөгжлийн шинэ загварт тохирсон, эдийн засгийн нөөцөөр үсрэнгүй хөгжилд чиглэсэн бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглэсэн төсвийн шинэчлэлийн хүрээнд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагуудыг олон улсын сайн жишигт нийцүүлэн боловсронгуй болгон өргөн барьжээ.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг хангах төсвийн удирдлагын зарчим, төсвийн тусгай шаардлагууд үйлчилж эхэлсэн. Уг хуулийн гол зорилго нь эдийн засгийг уул уурхайн мөчлөг дагасан савлагаанаас хамгаалж, төсвийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн ба төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн зарчмаар тооцож, тодорхой хэсгийг төсвийн тогтворжуулалтын санд хуримтлуулах, төсвийн зарлагын өсөлтийг уул уурхайн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөр хязгаарлах, нэгдсэн төсвийн тэнцэл, Засгийн газрын өрийн хязгаарыг тогтоох замаар хэрэгжүүлж ирсэн болохыг Б.Жавхлан сайд танилцуулсан.

Тухайн үед буюу 2013 онд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 19.2 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5.9 их наяд төгрөг, гадаад худалдааны нийт эргэлт 6.1 тэрбум ам.доллар байсан бол 2023 оны эцсийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 3.7 дахин өсөж 70.4 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн орлого 3.9 дахин өсөж 23.3 их наяд төгрөг, гадаад худалдааны нийт эргэлт 2.3 дахин өсөж 24.4 тэрбум ам.долларт хүрч эдийн засгийн багтаамж 2-3 дахин тэлсэн гэдгийг төслийн танилцуулгын үеэр Сангийн сайд онцолсон юм. Мөн дахин сэргээгдэхгүй уул уурхайн баялгаас орж ирэх орлогыг өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах Ирээдүйн өв санд 3.4 их наяд төгрөг, уул уурхайн үнийн хэлбэлзлээс хамгаалж, төсвийг тогтворжуулах зорилготой Тогтворжуулалтын санд 1.3 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагууд төсвийн тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд түүхэн үүргээ гүйцэтгэсэн хэмээн үзжээ.


Төсвийн тогтвортой байдлын тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээг ДНБ-ийн 30 хувиас хэтрүүлэхгүй байлгах, байнгын шинжтэй, тогтмол гардаг төсвийн урсгал зардлыг эдийн засгийн багтаамжийн тодорхой хувиар хязгаарлах, нэгдсэн төсвийн суурь тэнцлийг ДНБ-ийн 2 буюу түүнээс дээш хувийн ашигтай байлгаж, дотоод эдийн засгийн нөөц сууриас бүрдсэн тэнцвэржүүлсэн орлогын эх үүсвэрээр төсвийн зардлыг хязгаарлаж, суурь тэнцлийн ашгийг тооцох ба уг эх үүсвэрээр өрийн үндсэн төлбөрийг төлөх, Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр тооцох зэрэг өөрчлөлтүүдийг оруулахаар төслүүдийг боловсруулсан байна. Түүнчлэн өнгөрсөн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулсан зарим өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, хор уршигийг багасгах зохицуулалтыг төсөлд тусгасан хэмээн Б.Жавхлан сайд нэгдсэн хуралдаанд танилцуулав. 

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухaй хуулийн төсөлд нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээ 27.3 их наяд төгрөг буюу ДНБ-ий 34.4 хувь, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 1.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувийн ашигтай байж, Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдсэн үлдэгдлийн хэмжээг 47.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 60 хувьтай тэнцэхээр тооцжээ. 


Төсвийн байнгын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням танилцуулав. Байнгын хороо 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд дэмжжээ.





Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Б.Түвшин, С.Эрдэнэболд, С.Зулпхар, О.Саранчулуун, О.Цогтгэрэл, Л.Соронзонболд, Х.Баасанжаргал, Б.Батбаатар, Ж.Баярмаа, Д.Пүрэвдаваа, Ж.Золжаргал, С.Эрдэнэбат нар асуулт асууж, Сангийн сайд Б.Жавхлан болон Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авав.

Хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн, Б.Батбаатар, Д.Пүрэвдаваа нар үг хэлсний дараа санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 111 гишүүний 59.5 хувь нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив. Иймд төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.



Нэгдсэн хуралдаан Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан. Тэрбээр хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг Улсын Их Хурал дэмжсэн болохыг тэмдэглээд тус хөтөлбөрт туссан асуудлуудын ТЭЗҮ, зураг төсөв, олон улсын зөвлөх үйлчилгээний асуудлууд болон олон улсын эрх зүйн орчныг бүрдүүлэх, олон улсын зөвлөмж авах асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзэж, төсвийн тодотголын төслийг боловсруулснаа танилцуулав.

Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, сорилтыг шийдвэрлэх, эдийн засгийн суурийг тэлэх, эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, нэн яаралтай арга хэмжээ авахад шаардлагатай зарим эрх зүйн зохицуулалтыг мөн тусгасан гэлээ. Энэ удаагийн төсвийн тодотгол нь дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн улс орны өмнө тулгарч буй сорилт, тулгамдаж буй асуудлуудыг шийдэх, мега төслүүдийг хэрэгжүүлж, гацааг гаргах үндсэн суурийг тавьж, төсвийн тогтвортой байдлыг дунд урт хугацаанд хадгалах төсвийн шинэчлэл болж байгаагаараа онцлогтой хэмээн Ерөнхий сайд нэгдсэн хуралдаанд танилцууллаа.


Төсвийн тодотголын төслийн талаарх илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан үргэлжлүүлэн  танилцуулсан юм.

Дэлхий дахиныг хамарсан цар тахлын нөлөө арилж, улс орнуудын мөнгөний хатуу бодлогын нөлөөгөөр инфляц саарсан нь ажил эрхлэлт, өрхийн хэрэглээг дэмжиж, дэлхийн эдийн засаг 2023 онд 3.3 хувиар өссөн байна. Дэлхийн эдийн засгийн өсөлтийг Олон улсын валютын сан 2024 онд 3.2 хувь, 2025 онд 3.3 хувь орчимд тогтвортой байхаар тооцсон аж. Инфляцын бууралт нь мөнгөний бодлогыг сулруулж, эдийн засгийн идэвхжилийг дэмжихээр байгааг Сангийн сайд хэлээд “Хөгжингүй орнуудын эдийн засаг ирэх дөрвөн жилд 1.8-2.0 орчим хувь орчимд, хөгжиж буй орнуудын эдийн засаг дунджаар 3.9-4.2 орчим хувиар өсөх төлөвтэй хэмээн мэргэжилтнүүд, судлаачид дүгнэсэн” гэв.

Манай улсын хувьд уул уурхайн салбарын экспортын сэргэлт 2023 онд үргэлжилж, төсөв, төлбөрийн тэнцэл түүхэнд байгаагүй ашигтай гарсан нь эдийн засаг 7.4 хувиар өсөх нөхцөл болсон байна. 2024 оны эхний улирлын байдлаар эдийн засаг 7.8 хувиар өссөн ба энэ онд 5.6 хувиар өсөх төлөвтэй байгаа аж. Зудын улмаас улсын хэмжээнд 8.1 сая толгой мал хорогдож, хөдөө аж ахуйн салбарт агшилт үүссэн ч уул уурхайн салбарын сэргэлт нь бодит өсөлтийг тэтгэх үндсэн хүчин зүйл болсон байна. 

2024 оны эхний 7 сард нүүрсний экспорт өмнөх оноос 34 хувиар өсөж, нийт 47.5 сая тн-д хүрсэн ба оны эцэст 78 сая тн-д хүрэх, Оюутолгой төслийн гүний уурхайн олборлолт эхэлсэн зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр уул уурхайн салбар энэ онд 13.5 хувиар өсөх хүлээлттэй байгаа юм байна. Мөн уул уурхайн салбарын дам нөлөөгөөр ачаа тээвэр өсөлттэй байх бол жуулчдыг татахад чиглэсэн арга хэмжээнүүдийн нөлөөгөөр 2024 оны сүүлийн хагас жилд аялал жуулчлал, үйлчилгээний салбар өсөх хүлээлттэй байгааг Сангийн сайд илтгэлдээ дурдав. Монгол Улсын 2023 оны төсвийн тодотгол, 2024 оны II улирлаас нэмэгдсэн цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нөлөө өрхийн хэрэглээг дэмжиж, дотоод эрэлтийг урамшуулснаар худалдаа, үйлчилгээний борлуулалт нэмэгдэн эдийн засгийн өсөлтөд мөн эерэг нөлөө үзүүлжээ.


Импортын инфляцын нийт инфляцад үзүүлэх нөлөө 2023 оноос алгуур буурч тогтворжсоноор инфляцын түвшин саарч, 2024 оны 06 дугаар сард 5.1 хувь буюу мөнгөний бодлогын зорилтот түвшинд хүрсэн байна.

Олон улсын байгууллагууд манай улсын эдийн засгийг дунд хугацаанд 6-8 хувиар өсөх төлөвтэй гэж үзэж байгаа ч дэлхийн болон бүс нутгийн эдийн засагт үүсээд буй тодорхой бус байдлаас шалтгаалан уул уурхайн голлох бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл, хөрш орнуудыг хамарсан геополитикийн хүндрэлтэй асуудлууд нь манай улсад орох хөрөнгийн урсгал, гадаадын хөрөнгө оруулалтыг бууруулах, уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний эрэлт болон үнэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй болохыг Б.Жавхлан сайд танилцууллаа. Гадаад орчны эдгээр тодорхой бус байдал, эрсдэлт цаг үед улс орны өмнө тулгарч буй сорилт, тулгамдаж буй асуудлуудыг шийдэхийн зэрэгцээ эдийн засгийн өсөлтийг 6 хувьд тогтворжуулах, ДНБ-ийг 47.6 тэрбум ам.долларт, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянга ам.долларт хүргэх, ядуурлыг хоёр дахин бууруулах зэрэг урт хугацааны хөгжлийн зорилтуудад хүрэхийн тулд хурдтай, зоригтой эрс шийдэврийг гаргаж, шинэ 30 жилийн хөгжлийн гарааг эхлүүлэх шаардлага байгааг тэрбээр тэмдэглэсэн.

Хамтарсан Засгийн газар хөгжлийн тулгамдсан асуудал, сорилтыг шийдвэрлэх, эдийн засгийн суурийг тэлэх эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилт тавьсан. Мөн хувийн хэвшил, гадаадын шууд хөрөнгө оруулалтад ил тод, нээлттэй байж, тэднийг дэмжих төсвийн бодлогыг зоримог тавих шаардлага үүссэн гэв.

Түүнчлэн, хүн амын өсөлт, шилжих хөдөлгөөний эрчим нь газар олголт, гэр хорооллын тэлэлт, тээврийн хэрэгслийн тооны өсөлтөөс улбаатай орчны бохирдол, авто замын түгжрэл, цахилгааны болон дулаан хангамжийн дутагдал, гамшгийн эрсдэл, хөдөөгийн хөгжлийн хоцрогдол зэрэг асуудал нь нь хүн амын эрүүл мэнд, амьдралын чанар, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байгааг хамтарсан Засгийн газар онцгой анхаарч, шийдвэрлэх зорилт тавин ажиллаж байгааг Б.Жавхлан сайд төслийн талаарх танилцуулгадаа онцолж байв. Дээр дурдсан хөгжлийн асуудлуудыг дан ганц төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй тул хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлж, шийдвэрлэхийн сацуу гадаадын шууд хөрөнгө оруулалтуудыг дэмжинэ хэмээлээ.


Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа хөгжлийг урагшлуулах томоохон төслүүдийг бодитой хэрэгжүүлэх зорилгоор нэгдсэн төсвийн зарлага, төсвийн тэнцэл, Засгийн газрын өрийн тусгай шаардлагын бүтэц, агуулгыг шинэчилж олон улсын жишигт нийцүүлэх тогтолцооны суурь реформыг эхлүүлэх шаардлагыг мөн тэрбээр онцолж байв.

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа хөгжлийн мега төслүүд болон бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын төслүүдийн бэлтгэл ажлыг хангах судалгаа хийх, ТЭЗҮ боловсруулах, зураг төсөвт шаардлагатай эхний ээлжийн санхүүжилтийг энэ оны төсөвт тусгахаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн өөрчлөлт болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаар төлөвлөгдсөн төсөл, хөтөлбөрүүдийн ажил шууд эхэлнэ гэдгийг Сангийн сайд хэлсэн. Улмаар Монгол Улсын 2025 оноос эхлэн жил бүрийн төсөвт бусад шаардлагатай санхүүжилтүүдийг үе шаттай тусгган төслүүдийг хэрэгжүүлэх зорилт тавьж байгаа аж.


Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн бүсчилсэн хөгжлийн бодлогын зорилт, арга хэмжээний хүрээнд 15 төслийн 885.2 тэрбум төгрөг, эдийн засгийн бодлогын зорилт, арга хэмжээний хүрээнд 3 төслийн 378.3 тэрбум төгрөг, хүний хөгжлийн бодлогын хүрээнд 3 төслийн 222.6 тэрбум төгрөгийг тус тус төсвийн тодотголд тусгажээ.


“Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлж, хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй, хурдтай шийдвэрлэхээр авч хэрэгжүүлэх таван багц арга хэмжээний талаар Сангийн сайд Б.Жавхлан дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Нэн тэргүүнд Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Нийслэлийн их, бага тойруу дахь төрийн эрх мэдлийн хэт төвлөрлийг задалж, “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” ган татлагат гүүр, Хөшигийн хөндийн туннел, Хөшигийн хөндийд төр, захиргааны нэгдсэн байр, аймгийн төв, сумд болон хилийн боомтуудыг холбох “Шинэ сэргэлтийн таван тойрог” автозамын төсөл, Шинэ Хархорум төсөл, Шинэ Зуунмод хот, Туулын хурдны зам зэрэг төслүүдийг Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөн, бэлтгэл ажлыг хангах ТЭЗҮ, зураг төсвийн санхүүжилтийг төсвийн тодотголд тусгасан байна.

Хоёрдугаарт, гадаад зээлийн эх үүсвэрээр санхүүжиж буй Бүсчилсэн хөгжил, Шинэ сэргэлтийн бодлогын дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний ашиглалтыг 984 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж төсвийн тодотголд тусгажээ. Үүний 87 хувь нь дэд бүтэц, эрчим хүч, орон сууцжуулах төслүүд юм байна. Тодруулбал, жилд 1.5 сая.тн түүхий тосноос 1.3 сая.тн бүтээгдэхүүн гарган авч, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг дотоодоос хангах Газрын тос боловсруулах цогцолбор, нийслэлийн цэвэрлэх байгууламжийг үргэлжлүүлэх, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг энэ жил эхлүүлэх зэрэг томоохон төслүүд багтсан аж.

Гуравдугаарт, эрчим хүчний салбарын үнэ тарифын реформыг цаг алдалгүй эхлүүлж, зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлж либералчлах, хувийн хэвшил тус салбарт хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлж, өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг гадаадын хөрөнгө оруулалт болон хувийн хэвшлийнхэний сонирхолыг татахуйц либералчлах нь шаардлага үүссэн. Өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг төсвийн хөрөнгөөр ойрын хугацаанд яагаад ч нөхөж чадахгүй. Тиймээс энэ өөрчлөлтийг зайлшгүй эхлүүлэх шаардлага үүссэн гэдгийг тэмдэглэсэн.

Дөрөвдүгээрт, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон холбогдох бусад хууль, тогтоол батлагдсан. Энэ хүрээнд зарим чиг үүрэг төсвийн ерөнхийлөн захирагч хооронд шилжсэн, шинээр төсвийн ерөнхийлөн захирагч бий болсон, мөн зарим яам, агентлагийн нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-т заасны дагуу Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд төсвийн зохицуулалт хийх аж.

Тавдугаарт, төсвийн тодотголын төсөлтэй хамт 13 хуулийн төсөл, 2 Улсын Их Хурлын тогтоолын төслийг хамт өргөн мэдүүлсэн байна. Дагалдах хууль тогтоомжийн төсөлд туссан онцлох өөрчлөлтийг Сангийн сайд төсөл санаачлагчийнхаа илтгэлийн төгсгөлд танилцуулсан юм.


Монгол Улсад өмнө хэрэгжүүлж байгаагүй томоохон бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг “Чадавхад суурилсан хэлэлцээний арга”-аар зохион байгуулахаар хуулийн төсөлд тусгажээ. Нэр хүнд, чадавх бүхий гадаадын аж ахуй нэгжийг туршлага, санхүүгийн болон техникийн чадавхад үндэслэн урилгаар оролцуулж, хэлэлцээ хийх нөхцөлийг бүрдүүлэх аж. Ингэснээр бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг шуурхай хэрэгжүүлэх боломж бүрдэнэ хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

Хувийн хэвшил нийгмийн хариуцлагын хүрээнд байгалийн нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, спорт, соёл гэх мэт нийгмийн суурь салбаруудад бүтээн байгуулалт хийж, бодитойгоор төрийн ачааллыг хуваалцаж байгаа хувийн хэвшлүүдэд татварын тодорхой хөнгөлөлт үзүүлэх зохицуулалтыг нэмж оруулсан байна.

Илтгэлийнхээ төгсгөлд Б.Жавхлан сайд “Дараагийн 30 жилийн энэхүү хөгжлийн шинэ загварт нийцсэн төсвийн тогтвортой байдлыг дунд, урт хугацаанд хадгалах төсвийн шинэчлэлийг эхлүүлж байна” гэв.


Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23.1-д заасан шаардлагыг хангасан эсэх талаарх төрийн аудитын төв байгууллагын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг тус Зөвлөлийн дарга Н.Энхбаяр тус тус танилцуулсан.


Дараа нь гишүүд төсвийн төслийн талаарх илтгэлтэй холбогдуулан Сангийн сайдаас, төрийн аудитын төв байгууллага болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөийн дүгнэлтүүдтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудитор, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаас, төсвийн төсөлтэй холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм. Түүнчлэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөлтэй холбогдуулан үг хэлсэн. Төсвийн төсөл нь Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх талаарх  санал хураалтыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12 дахь заалтын дагуу хойшлуулав.


Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар нарын 6 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Ёс зүй, дэгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нэгдсэн хуралдаанд тус тус танилцуулсан юм.

Улсын Их Хурал 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг баталсан бөгөөд тус өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг бүхэлд нь өөрчлөн найруулж “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно.” гэж заасан. Ийнхүү Улсын Их Хурлын 126 гишүүн бүхий Улсын Их Хурлыг сонгох сонгууль 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр улс орон даяар явагдаж, сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурал 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд байгааг Б.Баярбаатар гишүүн танилцуулгынхаа эхэнд дурдсан.


Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалтад “Улсын Их Хурал нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланг хаврын чуулганаар хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлах”-аар, мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгг “Улсын Их Хурал улсын хөгжлийн жилийн төлввлөгөөний төслийг Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар улсын төсвийн төслийн хэлэлцүүлэгтэй уялдуулан хэлэлцэнэ” гэж тус тус заасан байдаг. Харин энэ онд Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн жил тохиосон учраас 2024 оны хаврын ээлжит чуулганыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр завсарлуулж, дээр дурдсан хэлэлцэн шийдвэрлэх хугацааг нь хуулиар тусгайлан заасан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж амжаагүй байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт заасны дагуу 2020-2024 онд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцүүлгийн аль шатанд байгаагаас үл хамааран хууль санаачлагчид нь буцаасан юм.


Иймээс хуульд хэлэлцэн шийдвэрлэх хугацааг нь тусгайлан заасан зарим асуудлыг Улсын Их Хурлын ээлжит сонгууль явагдах жилд өмнөх Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж амжаагүй тохиолдолд шинээр бүрдэж, бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох нь зүйтэй хэмээн Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Н.Батсүмбэрэл, П.Сайнзориг, Х.Тэмүүжин, Д.Энхтуяа, Д.Цогтбаатар нар үзэж, холбогдох хуулийг төслийг боловсруулжээ. Хэлэлцэн шийдвэрлэх хугацааг нь хуульд тусгайлан заасан асуудлыг Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн жилийн хаврын чуулганаар хэлэлцэн шийдвэрлээгүй бол шинээр бүрдсэн Улсын Их Хурал тухайн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болох зохицуулалтыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэхээр төсөлд тусгасан гэв.  


Ёс зүй, дэгийн байнгын хороо 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, гишүүдийн олонх нь хуулийн төслийг үзэл баримтлалтын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн хэмээн А.Ариунзаяа гишүүн танилцууллаа.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Б.Батбаатар гишүүн асуулт асууж, хариулт авсан юм. Харин гишүүд хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзэв. Үүний дараа хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээрх санал хураалтыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12 дахь заалтын дагуу энэ сарын 19-ний өдрийн 10 цагт хуралдах чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар Д.Амарбаясгалан дарга шийдвэрлэлээ.


Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан энэ талаар танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэц 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцжээ. Тус дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил оролцсон байна.


Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан нэгдсэн хуралдаанд дээрх дүгнэлтийн үндэслэл хэсгийг дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 26.1-д заасан хугацааг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж тус тус заасныг зөрчсөн хэмээн дүгнэлт гаргасан байна.


Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа. Байнгын хороо 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа тус дүгнэлтийг хэлэлцээд, хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн гишүүдийн олонх үзсэн байна.


Х.Баасанжаргал гишүүний танилцуулсан тус санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлт тус бүрээр явуулах санал хураалтыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12 дахь заалтын дагуу 08 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагт болох чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар шийдвэрлэж, өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл