Цэс

Холбоо барих

“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УлсынИх хурлын  ээлжит бус чуулганаар/2024.08.16/ “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  танилцууллаа.


Тэрбээр, “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” гэрээг гурван нам байгуулж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг Улсын Их Хуралд өргөн барьж байна.  Энэхүү хөтөлбөр бүхэлдээ “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, намуудын мөрийн хөтөлбөрт туссан онцлог заалтуудыг нэгтгэж, хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хурдтай шийдвэрлэх, олон жил улс төржин гацсан төслүүдийн зангилааг тайлахад чиглэгдсэн гэж үзэж болно. Дэлхийн эдийн засгийн өсөлт 2024 онд 3.2 хувь, 2025 онд 3.3 хувь орчимд хадгалагдах төлөвтэй байна. Харин манай бүс нутгийн хэмжээнд эдийн засаг 2023 онд 5.1 хувиар өссөн бол 2024 онд 4.8 хувь болон саарсан байна.  Монгол Улсын хувьд эдийн засаг дунджаар 5-8 орчим хувийн өсөлттэй байж чадвал бид энэхүү хөтөлбөрийг хамтын хүчээр бүрэн хэрэгжүүлэх боломжтой. Олон улсын судлаачид геополитикийн хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдэлтэй худалдааны дайн, санхүүгийн хориг арга хэмжээ, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдэл зэрэг дээрх төсөөлөл өөрчлөгдөж болох эрсдэлийг урьдчилан анхааруулсаар байгааг мартаж болохгүй ээ. Мөн Засгийн газрын ирэх дөрвөн жилийн хөтөлбөр аж үйлдвэрийн тавдугаар хувьсгалын хэмжээнд өрнөж хүн төрөлхтний амьдралын хэв маягийг асар хурдтай өөрчилж буй хиймэл оюун ухааны эрчимтэй хөгжлийн үетэй давхцаж байгаа нь ихээхэн онцлогтой байна. Нэг үгээр хэлбэл, бидний төсөөллөөс давсан эерэг болон сөрөг нөлөөлөл хэрхэн манай бүс нутаг, улс орны нийгэм эдийн засгийн амьдралд нөлөөлөхийг таамаглах нь томоохон сорилт бас боломж юм. Уурын хөдөлгүүр үүсэж, хүнд даацын ачаа барааг хурдтай зөөх, гар ажиллагааг орлох механикжсан технологи нэвтэрсэн аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгалаас, дотоод шаталтын хөдөлгүүр нэвтэрч, авто машин, нисэх онгоц, эрчим хүч хэрэглээнд нэвтэрч, масс үйлдвэрлэл хөгжсөн аж үйлдвэрийн хоёрдугаар хувьсгал хүртэл дунджаар 100 гаруй жилийн хугацаа зарцуулсан бол тооцоолон бодох электрон машин буюу компьютер, тоон технологи нэвтэрсэн аж үйлдвэрийн гуравдугаар хувьсгалаас интернэтийн сүлжээ, ухаалаг технологид шилжсэн дөрөвдүгээр хувьсгал хүртэл ердөө 30 орчим жилийн хугацаа зарцуулсан байдаг. Шинжлэх ухаан, технологийн хурдтай хөгжил, AI хиймэл оюун ухаанд суурилсан хөгжлийн цаг хугацаа үүнээс хэд дахин хурдтай өрнөж, аж үйлдвэрийн тавдугаар, цаашлаад зургаадугаар хувьсгалтай золгуулахад бид бэлэн байх учиртай. Мөн манай улсын гол экспортын бүтээгдэхүүн болсон нүүрсний ашиглалтын цаг хугацаа дуусахад 10 хүрэхгүй жил үлдэж байгаа тул бид эдийн засгийн төрөлжилтийн зоригтой алхмуудыг амжиж хийх ёстой. Тийм ч учраас хөгжлийг хөөж биш харин угтаж түрүүлэхийн төлөө Засгийн газраас дөрвөн жилд, дөрвөн бүлэг, дөрвөн үндсэн чиглэл, дөрвөн зорилготой, нийт 577 багц үйл ажиллагаатай хөтөлбөрийг танилцуулж байна гээд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 120 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр шаардагдахыг онцоллоо. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Бүсчилсэн хөгжлийн реформын цогц асуудлыг тусгалаа. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Нийслэлийн их, бага тойруу дахь 700 га-д төвлөрсөн төрийн эрх мэдлийн хэт төвлөрөл задарч, нийслэлийн түгжрэлийн суурь зангилаа тайлагдах болно гэв. 


Тэрбээр цааш нь  Засгийн газар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод уялдуулж, нийгмийн бүхий л үйлчилгээг 20 минутын дотор авах хүний төлөө шинэ стандарт бүхий “амьд” хот төлөвлөлтийн цогц шийдэл бүхий “Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040”-г боловсруулж, Улсын Их Хуралд энэ ондоо багтааж өргөн барих талаар дурдаад нийслэлийн хөгжлийн талаар хөтөлбөрт тусгагдсан бодлогыг дэлгэрэнгүй танилцуулсан. Тухайлбал, нийслэлээс санаачилсан Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км “Метроны нэгдүгээр шугам”-ыг ашиглатад оруулах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн босгох, Үндэсний баялгийн сангаар дамжуулан үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөрийг Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулахаар тусгасан талаар онцолж байв.  Мөн Засгийн газраас Бүс бүрийг нийгэм, эдийн засгийн хөгжлийн хувьд төрөлжсөн болон дэд тэргүүлэх чиглэлтэй байхаар энэхүү хөтөлбөрт тусгасан байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хүний хөгжлийн бодлого нь Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн цөм байхыг чухалчлаад хүнийг хөгжлийг дэмжих бодлогоо танилцууллаа. Тухайлбал, дээд боловсролын хувьд улсынхаа ирээдүйн хөгжлийн асуудлыг шийдвэрлэж чадах үндэсний хүний нөөцийг бэлдэх, ирээдүйн хөдөлмөрийн зах зээлтэй уялдах, дэлхийд өрсөлдөх чадвартай иргэдийг бэлдэх, олон улсын оюутнуудыг бэлдэж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх эрэмбээ ахиулсан их сургуулийг хөгжүүлэхэд Засгийн газар бүх талаар дэмжин ажиллахаар энэ хөтөлбөрт оруулсан. 


Үндэсний баялгийн сангийн тогтолцоог бэхжүүлж, уг сангаар дамжуулан эрүүл мэнд боловсрол, орон сууцжуулалт, хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлж, E-Mongolia платформ дээр иргэн бүрд хуримтлалын данс нээх, ингэснээр байгалийн баялгийн өгөөжийг ард иргэд шударга хүртэх реформыг хэрэгжүүлнэ гэв.  Эдийн засгийн эрх чөлөөний байдлын болон дэлхийн инновацын үзүүлэлтийг сайжруулж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 8,000-10,000 ам.долларт хүргэх эдийн засгийн төлөвлөгөөг эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагатай гээд хэрэгжүүлэх томоохон төслүүдээ танилцуулсан юм. Эдийн засгийг тэлэхийн тулд дараах 14 мега төслийг Засгийн газраас онцолж байгаа ажээ. Тухайлбал, “Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барьж дуусгаж, Тавантолгойн 450 МегаВаттын дулааны цахилгаан станцыг барих,  Эгийн голын 310 МегаВаттын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх,  Говийн бүсэд зайлшгүй шаардлагатай Хэрлэн-Тооно, Орхон-Онги ус дамжуулах шугам, Хэрлэн-Тооно усан цогцолборыг барих, Монгол, Францын хамтарсан уран, атомын цахилгаан станцыг эхлүүлэх, Зэс боловсруулах цогцолбор болон гангийн үйлдвэр, Газрын тос боловсруулах цогцолборийг барьж байгуулах бүтээн байгуулалтаа танилцуулсан юм. Мөн Оюутолгойд түшиглэсэн алт цэвэршүүлэх үйлдвэрийн төслийг хэрэгжүүлнэ гэв.


Хуулийн төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ө.Шижир танилцуулсан. Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын 37 гишүүн асуулт асуухаар нэрсээ өгөв. УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Дархан-Уул аймагт байгуулах арьс ширний үйлдвэрийн  асуудал Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан эсэх,  татварын шаталсан орчныг тодорхой тусгасан эсэх, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, бүсчилсэн хөгжлийн эрх зүйн орчныг сайжруулах талаар ямар өөрчлөлт хийх вэ, говийн бүсийг усжуулах төслийн санхүүгийн эх үүсвэр хаанаас гарах, ирэх 4 жилд ямар шатлалаар хэрэгжүүлэх вэ, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, төсөл,хөтөлбөр нийгэмд ямар үр өгөөжтэй байх, ямар төслийг нь хувийн хэвшил, юуг төр хийх  зэргийг тодорхой болгох  талаар асуув.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Дархан-Уул аймгийн арьс ширний үйлдвэр 8 жил яригдаад улс төржөөд гацлаа. Тиймээс хангайн бүсийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу өөр газар байгуулах нь зүйтэй гэж үзсэн. “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд арьс ширний боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу татварын ялгаатай байдлыг тогтооно. Нарийвчилсан бодлогыг боловсруулж байна гэж хариуллаа.


Ер нь бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд тодорхой хөрөнгө оруулалтыг хийж, үйл ажиллагааны хөтөлбөр зэргийг боловсруулж байж энэхүү хөгжлийн бодлого хэрэгжих талаар УИХ-ын гишүүд санал хэлж, бүсийн хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрийн үр дүнг тодорхойлох чиглэлийн асуултуудыг асууж байв.  Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ, бүсчилсэн хөгжлийн төрөлжсөн болон дэд бүсийн ялгааг оновчтой тодорхойлж чадвал хөгжлийн тодорхой чиглэл гарч хөгжих боломжтой гэж үзэж байна. Хангайн бүсийг “уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс”, баруун бүсийг “эрчим хүчний төрөлжсөн, байгалийн аялал жуулчлалын дэд бүс”, хойд бүсийг  “байгалийн аялалын жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс”, говийн бүсийг “аж үйлдвэрийн төрөлжсөн, ногоон эрчим хүчний дэд бүс”, төвийн бүсийг “хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс”, зүүн бүсийг “түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн, эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс” болгон хөгжүүлэх нь тохиромжтой гэж үзэж байна гэв.


 Засгийн газрын ирэх 4 жилийн мөрийн хөтөлбөрийг боловсруулах Ажлын хэсгийг ахалж ажилласан Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр УИХ-ын гишүүдийн асуултуудад хариулт өгч байв. Тэрбээр, энэ удаагийн Засгийн газар улс төрийн гурван өөр улс төрийн үзэл баримтлалтай намуудын нэгдэлд суурилж, мөрийн хөтөлбөрөө боловсруулсан.  Намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөр бүрийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгах боломжгүй гэдэгт бид нэгдэж, улс орны том эрх ашгаа харж боловсруулсан гэдгийг онцолье. УИХ Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батлахдаа яарах хэрэггүй байх. Бид шаардлагатай бол ээлжит бус чуулганыхаа хугацааг сунгаж болно.  Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төсөлд төрийн 140 гаруй төсөл, хөтөлбөр зарласанҮүнээс 30 гаруй нь нийгмийн чиглэлийн дэд бүтцийн хөгжлийн хөрөнгө оруулалт байна.  Үүнийг төсвийн хөрөнгөөр байгуулна. Харин 30 хувийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр төлөвлөж байна. Мэдээж тодорхой хувь нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэнэ гэлээ. 


Тэрбээр говийн бүсийг усжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаарх гишүүдийн асуултад  хариулахдаа, энэхүү бүс нутгийг усжуулахад  3 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардана. Монгол Улс уул уурхайн орон гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Уул уурхайн хөгжлийг дэмжье гэвэл  усжуулах асуудлаа шийдэх ёстой. Засгийн газар нэг хүнд ноогдож буй дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 10 мянган ам.долларт хүргэх тухай  амлах ёстой гэх зэргээр хариулт өглөө. УИХ-ын гишүүн З.Мэндсайхан авто замын бүтээн байгуулалтыг ямар үе шаттайгаар хийх, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх механизмыг тодорхойлох, УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа төрийн албан хаагч, тэр дундаа багш нарын цалин хөлсний үнэлэмжийг нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авах, УИХ-ынгишүүн Д.Рэгдэл, Монгол Улсын шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд ямар тодорхой заалт байгаа зэрэг асуултуудад хариулт авахыг хүслээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ирэх жилд аймаг хооронд бүгд авто замаар, сумд хоорондоо мөн авто замаар холбогдоно. Гэхдээ төсөл, хөтөлбөрийн үр ашгийг харгалзан шат дараалалтай бүтээн байгуулалт хийнэ гэв.  Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн цөм бол экспортыг тэлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндсэн зорилтыг тавьж байгаа. Бодлого,төлөвлөлтийг шинжлэх ухааны салбарт түшиглэх учраас энэ чиглэлд хөрөнгө оруулалтыг төвлөрүүлнэ гэв.


Хөдөлмөр ,нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, боловсролын үнэлэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа гэдгийг анхаарах ёстой. Төрийн албан хаагчдын цалин хөлсний тогтолцоог эргэн хармаар байгаа юм. Ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбар үр дүнд суурилсан цалингийн шатлалд шилжиж эхэлсэн. Цаашид төрийн албаны урсгал зардлыг хэмнэх, чадамжид суурилсан цалингийн тогтолцоог хэрэгжүүлэн хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэх арга замыг боловсруулан, сайжруулаад явж болно. УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, монгол хүн хөдөлмөрийн мөлжлөгт өртөхгүй байх талаар,  хүүхэд хамгааллын асуудлын талаар ямар ажил төлөвлөж байгаа тухай болон сургуулийн өмнөх хамран сургалтыг нэмэгдүүлэх ямар бодлого хэрэгжүүлэх,  хүний эрхийн ээлтэй дотуур байр гэсэн хөтөлбөрт ямар стандарт мөрдөх вэ зэрэг хүний эрхийг хамгаалах чиглэлээр асуултууд асуусан.


Мөн УИХ-ын гишүүн Э.Батшугар, Монгол Улс эрчим хүчээ экспортлох боломжтой болж байгаатай уялдуулаад НАПСИ олон улсын эрчим хүчний сүлжээнд элсэх боломжтой эсэх, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат,  Шинэ хоршоо хөтөлбөрийн цаашдын төлөвийг хэрхэн харж байнавэ. Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд малчид нэгдээд очихоор  хүсэлтүүдийг хүлээж авахаа больсон байна. Цаашид хэрэгжих төсвийн эх үүсвэр тодорхой байна уу хэмээн асуув. Сангийн сайд Б.Жавхлан, Шинэ хоршоо-Чинээлэг малчин хөтөлбөр цаашид үргэлжлэх заалт Засгийн газрын хөтөлбөрт тодорхой туссан. Засгийн газраас оруулж ирсэн төсвийн тодотголд ХХААХҮ-ийнсайдын багцад 123 тэрбум төгрөг тусгагдаж байна.  Мөн  ирэх 2025 оны төсөв дээр тодорхой хэмжээний санхүүжилт үргэлжлэн тусна. Тиймээс арилжааны банкууд энэ төсөл дээр итгэлтэй бэлтгэл ажлаа хангаад явж байх хэрэгтэй гэв. УИХ-ын гишүүд асуулт асууж дууссаны дараа саналаа хэлэв.


Ингээд өнөөдрийн хуралдааны эхний асуудал болох “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, холбогдох байнгын хороодод шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.  

 

 

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл