Цэс

Холбоо барих

ЁЗДБХ: Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдрийн /2024.08.15/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийг Б.Баярбаатар нарын УИХ-ын зургаан гишүүн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн юм.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар танилцуулав.

Тэрбээр, Улсын Их Хурал 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг баталсан бөгөөд тус өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг бүхэлд нь өөрчлөн найруулж “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно.” гэж заасан. Ийнхүү Улсын Их Хурлын 126 гишүүн бүхий Улсын Их Хурлыг сонгох сонгууль 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр улс орон даяар явагдаж, сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурал 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд байна.

Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг 2024-2028 онд бүрэн эрхээ хэрэгжүүлэх Улсын Их Хурал үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт заасны дагуу 2020-2024 онд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцүүлгийн аль шатанд байгаагаас үл хамааран хууль санаачлагчид нь буцаасан. 

Иймээс хуульд батлах хугацааг нь тусгайлан заасан хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хурлын ээлжит сонгууль явагдах жилд өмнөх Улсын Их Хурал хэлэлцэж амжаагүй бол дараагийн бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Улсын Их Хурлаар хэлэлцэж, батлах асуудлыг хуулиар зохицуулах шаардлага үүссэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн танилцуулав.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн А.Ариунзаяа Улсын Их Хурлын анхдугаар чуулганы үеэр УИХ-ын гишүүдээс  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг өөрчилж, өөрсдөө тогтоох санал гарч байсныг дурдан асуулт асууж, хариулт авсан.  

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал уг хуульд тодорхой хугацаа зааж өгөх, УИХ-ын гишүүн Д.Рэгдэл тухайн хуулийг нэг удаагийн шинжтэйгээр баталж мөрдүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл