Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо (2024.08.14) хуралдаж “Хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.12 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.1.6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1.2 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3 дахь заалт, Нийтийн сонсголын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.9 дэх заалтыг тус тус үндэслэн хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол зохион байгуулах хүсэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын нийт 22 гишүүн 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хууль зүйн байнгын хороонд ирүүлсэн болохыг Д.Цогтбаатар дарга хуралдаанд танилцуулсан.
Монгол Улс Үндсэн хуулиараа хүмүүнлэг, энэрэнгүй нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон хүний амьд явах эрхийг Арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсгээр баталгаажуулж, хэнд ч болов эрүү шүүлт тулгаж, хэрцгий хандахыг мөн зүйлийн 13 дахь хэсгээр хориглосон. Эрхээ хязгаарлуулсан үедээ амиа алдсан иргэн аюулгүй байдлыг нь хамгаалах үүрэгтэй төрийн зарим албан хаагчийн хүнлэг бус, эрүү шүүлтэд өртсөн байж болзошгүй ноцтой хэрэг саяхан гарсан болохыг тус хүсэлтэд дурдсан байна. Үргэлжлүүлэн "Түр болон албадан саатуулагдаж, цагдан хоригдож буй иргэд, ял эдэлж буй хоригдолууд, цэргийн алба хаагчдын амь нас, бие махбод, сэтгэл санаатай холбоотой хүний эрхийн зөрчлүүд хууль сахиулах болон батлан хамгаалах байгууллагуудад удаа дараа гарч, төрийн зарим албан тушаалтнууд үүнд холбогдож байна. Энэ нь Хүний эрхийн Үндэсний Комиссын удаа дараагийн илтгэлүүдээр нотлогдон, даамжирч буйг хойшлуулшгүйгээр таслан зохих шаардлагатай үүссэн. Үүнээс гадна иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээллээр хангагдах, жагсах, цуглах, дөрөв дэх засаглал болсон сэтгүүлчдийн эрэн сурвалжлах, хэвлэн нийтлэх эрх чөлөө ч хязгаарлагдсаар байна. Иймд дээрх байгууллагууд, хэвлэл мэдээллийн болон бусад салбар дахь хүний эрхийн төлөв байдал зөрчлийн талаар олон нийтэд сонсгох, шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийх, ёс зүй, хариуцлагын механизмыг сайжруулах, хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах зэргээр холбогдох арга хэмжээг нэн яаралтай авах шаардлагатай байна" хэмээснийг Байнгын хорооны хуралдаанд Д.Цогтбаатар дарга танилцуулсан.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын нийт 22 гишүүний хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол зохион байгуулах тус хүсэлттэй холбогдуулан “Хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан байна. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсголыг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулахаар, тус сонсголыг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг даргалахаар төсөлд тусгажээ.
Байнгын хорооны даргын танилцуулга, Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Хууль сахиулах болон батлан хамгаалах салбарын байгууллагад иргэд амь насаа алдаж байгаа асуудал болон хэвлэлийн эрх чөлөөний талаарх хяналтын сонсголыг тусад нь зохион байгуулах саналыг Х.Тэмүүжин, М.Нарантуяа-Нара, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар нарын гишүүд илэрхийлж, дэлгэрэнгүй тайлбаруудаа тус бүрдээ хэлсэн бол хяналтын сонсгол зохион байгуулах зохицуулалтын талаар болон Байнгын хорооны тогтоолын төслийг тодорхой болгохтой холбоотой саналыг П.Сайнзориг гишүүн хэлж байв. Хяналтын сонсгол зохион байгуулах хүсэлтийн агуулга, цар хүрээ хэт өргөн байгаа нь үр дүнгүй болох магадлалтай талаар О.Номинчимэг, С.Эрдэнэболд нарын гишүүд хэлж, хяналтын сонсголын сэдвийг тодорхой болгож, нарийвчлах нь зүйтэй гэлээ.
Ийнхүү гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа Байнгын хорооны дээрх тогтоолын төслийг батлах санал хураалт явуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжснээр “Хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоол батлагдав. Үүгээр Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.