Цэс

Холбоо барих

Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав


Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2024.08.05/ хүлээн авч уулзав. 

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Филиппин Улсын Гадаад хэргийн сайд анх удаагаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буйд баяртай байгаагаа тэмдэглээд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд өнгөрсөн гуравдугаар сард Филиппин Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр халуун дотноор хүлээн авсанд филиппиний талд талархал илэрхийлж, цаашид хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, тэр дундаа парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. 


Гадаад хэргийн сайд Энрике А.Манало Монгол Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргатай уулзаж буйд баяртай байгаагаа илэрхийлээд цаашид худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байгааг дурдлаа. 

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Монгол Улсаас Бүгд Найрамдах Филиппин Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Энхбаяр, Гадаад харилцааны яамны Азийн газрын захирал Г.Хулан, Бүгд Найрамдах Филиппин Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Хаймэ А.ФлорКруз,  тус улсын Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Эйлийн С.Мандиола-Рау зэрэг төлөөлөгчид байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл